
Өнөөдөр буюу 10-р сарын 15-нд Гуанжөү хотноо Хятадын импорт, экспортын 140 дэх удаагийн үзэсгэлэн Гуанжөү хотод нээгдлээ. Үзэсгэлэн үүсэн байгуулагдсаны 70 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ удаагийн үзэсгэлэн 1.55 сая ам метр талбайд гурван үе шаттай зохион байгуулагдаж, 11-р сарын 4 хүртэл үргэлжилнэ.
Үзэсгэлэнд оролцож буй компаниуд “шинэ, ногоон, ухаалаг” хөгжлийн чиг хандлагад нийцсэн бүтээгдэхүүнээ танилцуулж, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн худалдан авагчидтай уулзаж, хамтын ажиллагааны тухай хэлэлцэнэ.
Гадаад худалдааны шинэ чиг хандлагад нийцүүлэн зохион байгуулж буй энэ удаагийн үзэсгэлэнд 32 мянга гаруй аж ахуйн нэгж оролцож байгаа бол оролцогчдын 64 хувь нь үйлдвэрлэлийн интернет, хиймэл оюун ухаан зэрэг шинэ технологи нэвтрүүлжээ. Шинэ бүтээгдэхүүн нийт үзэсгэлэнд тавьсан барааны 23.2 хувь, ногоон бүтээгдэхүүн 26 хувийг эзэлж байгаа нь түүхэн дээд үзүүлэлт болж байна. Мөн шинээр гаргах бүтээгдэхүүний 700 гаруй танилцуулах арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Танилцуулах бүтээгдэхүүний тоо өмнөхөөс 15 хувиар нэмэгдэх юм.

Үзэсгэлэнгийн эхний үе шат 10-р сарын 15-наас 19-нийг хүртэл “Дэвшилтэт үйлдвэрлэл” уриан дор болно.
Эхний үе шатанд электрон бараа, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, үйлдвэрлэлийн автоматжуулалт зэрэг таван үндсэн чиглэлийн 19 хэсэгт салбарын дэвшилтэт ололтыг танилцуулна. Мөн сэргээгдэх эрчим хүч, ухаалаг үйлдвэрлэл, хиймэл оюун ухаан зэрэг дэлхийн худалдан авагчдын анхаарлыг татаж буй чиглэлүүдийг онцолжээ. Үүнээс гадна үйлчилгээний робот, нисгэгчгүй төхөөрөмж, дэлгэцийн технологи зэрэг ирээдүйтэй 17 шинэ салбарт зориулсан тусгай хэсэг ажиллуулж байна.
