solongonews
Уул уурхайн салбар ногоон, ухаалаг хөгжил рүү хэрхэн шилжиж байна вэ
2026-10-15 10:35
Хятадын олон улсын уул уурхайн чуулга уулзалтаар 200 гаруй төслийг танилцуулав.

Уул уурхайн талаар бид юу төсөөлдөг вэ? Машин механизмын нүргээн, утаа тоос бужигнасан орчин уу? Гэвч бодит байдал дээр дэлхийн уул уурхайн салбар гүнзгий хайгуул, ногоон хөгжил, ухаалаг тоног төхөөрөмж, олон улсын хамтын ажиллагаа зэрэг олон чиглэлээр томоохон өөрчлөлт хийж байна.  
 
2026 оны Хятадын Олон улсын уул уурхайн чуулга уулзалт саяхан Хятадын Тяньжин хотноо боллоо. Тус чуулга уулзалтад 60 улс орон, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож, уул уурхайн салбарын 31 мянган мэргэжилтэн дэлхийн уул уурхайн салбарын ногоон шилжилт, ухаалаг шинэчлэлийн тухай хэлэлцэж, санал бодлоо солилцов. Мөн уул уурхайн 200 гаруй төсөлтэй танилцлаа. Ногоон, ухаалаг шилжилт уул уурхайн салбарт ямар өөрчлөлт авчирч байна вэ?

Уурхайн талбайд жолоочгүй өөрөө буулгагч машин ажиллаж буй нь. 

Зургийг: Ардын өдрийн сонины сурвалжлагч ВАНЖЭН.

 
Ухаалаг технологи уул уурхайн бүтээмж, аюулгүй байдлыг дээшлүүлж байна

Тяньжин хотын Мэйжян үзэсгэлэнгийн төвд дэлгэн үзүүлсэн ухаалаг тоног төхөөрөмжүүд олны анхаарлыг татлаа. 
 
Бээжингийн ухаалаг технологийн тэргүүлэгч компанийн үзэсгэлэнгийн лангуун дээр Шиньжяны ил уурхайд ажиллаж буй өрөмдлөгийн төхөөрөмжүүдийн бодит цагийн дүрс бичлэгийг том дэлгэцээр харуулж байв. Ажилтнууд удирдлагын бариулыг түлхэхэд дэлгэц дээрх өрөмдлөгийн хоолой аажмаар доошилж, өрөмдлөгийн ажиллагаа саадгүй үргэлжилж байлаа. 
Лангууны хажууд янз бүрийн хэлбэртэй гурван робот зэрэгцэн байрлаж, өөрсдийн ур чадварыг харуулж байв. “Navigators” дугуйт хяналтын робот нь хүчтэй соронзон орон, өндөр температур, нарийн хонгил зэрэг уурхайн хүнд нөхцөлд ажиллах зориулалттай. Энэ нь болзошгүй аюулд хариу арга хэмжээ авах хугацааг 15 минут хүртэл богиносгож, аюултай бүсэд ажиллаж буй хүмүүсийг орлох боломжтой. “TOREAD” дөрвөн хөлт бионик робот нохой нь нарийн төвөгтэй хонгилд өгсөж, уруудах, саад бэрхшээлийг даван туулахад зориулагджээ. Харин “Trans-future” хүнд даацын тээврийн робот нь 300 килограмм хүртэлх ачаа тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд ажилчдын хүнд ачаа зөөх, уурхайн талбайд нааш цааш явахтай холбоотой хүндрэлүүдийг шийдвэрлэхэд тусалж байна гэж Бээжингийн ухаалаг технологийн тэргүүлэгч компанийн төлөөлөгч тайлбарлав.
   
Автомат жолоодлоготой уул уурхайн ачааны машинууд
Бөлай технологийн үзэсгэлэнгийн танхимд цэнэглэх болон батарей солих системээр тоноглогдсон, BLEB145 загварын автомат жолоодлоготой уул уурхайн ачааны машин олны анхаарлыг татлаа.
 
Дэлхийн хамгийн том цэвэр цахилгаан хөдөлгүүртэй, автомат жолоодлоготой уул уурхайн ачааны машин хэмээн танилцуулсан энэхүү загвар нь компанийн бие даан хөгжүүлсэн L4 түвшний автомат жолоодлогын системээр тоноглогдсон бөгөөд Шиньжяны хасах 30 хэмийн хүйтэн нөхцөлд тогтвортой ажиллах боломжтой. Мөн компанийн бие даан хөгжүүлсэн батарей солих станц нь өдөрт дээд тал нь 200 удаа батарей солих хүчин чадалтай, батарейг зургаан минутын дотор бүрэн автомат горимоор солих боломжийг бүрдүүлжээ.
   
- Шиньжяны Мөү Лү Тянь нүүрсний уурхайн төсөлд манай автомашиныг ашигласнаар уламжлалт түлшээр ажилладаг өөрөө буулгагч ачааны машинтай харьцуулахад тээврийн зардлыг 33.5 хувиар бууруулсан гэж компанийн төлөөлөгч хэлэв.

Чуулга уулзалтын үеэр 13 томоохон төслийн талаар хэлэлцээ, зөвлөлдөх уулзалт зохион байгуулж, 11 төслийн хамтын ажиллагааны урьдчилсан тохиролцоонд хүрсэн байна. Мөн нийт гурван тэрбум юанийн гэрээний үнийн дүн бүхий 28 төсөлтэй холбоотой баримт бичигт, харилцан ойлголцлын гурван санамж бичиг болон хамтын ажиллагааны нэг гэрээнд газар дээр нь гарын үсэг зуржээ.

Үйлдвэрлэлийн цехэд ажилчид уурхайн зориулалттай тээрмийн эд анги боловсруулах, тоног төхөөрөмжийн иж бүрэн угсралтын ажил гүйцэтгэж байна. Зургийг: Ардын өдрийн сонины сурвалжлагч ЖАН ИШИ.

 
Бие даасан инновацаар сорилтыг даван туулж байна
Чуулга уулзалтын үеэр “бие даасан инновац” гэсэн нэр томьёог олонтаа дурдсан юм. Тэгвэл уламжлалт уул уурхайн салбарт бие даасан инновац хэрхэн хэрэгжиж байна вэ?  
 
Хятадын Мэй Тянь Жинь дизайн компанийн “Сая тонн түвшний нүүрсний уурхайд зориулсан шинэ төрлийн хөрс тусгаарлах материал болон дүүргэлтийн технологи” нь хаягдал зайлуулах, ус хадгалах, тунадасжилтыг бууруулах, элэгдлийг багасгах, цочролыг бууруулах гэсэн таван чиглэлийг нэгтгэсэн шийдэлд хүрсэн байна.

 
Энэхүү технологи нь “эхлээд эвдэж, дараа нь засварлах” гэсэн хуучин аргаас татгалзаж, хаягдал чулуулаг зайлуулахгүйгээр нүүрс олборлох, уурхайн нуралт үүсэхээс сэргийлэх боломжийг бүрдүүлж байна гэж тус компанийн төлөөлөгч хэлэв. Энэхүү технологийг Хү Лү Сү, Да Хай Цэ зэрэг таван уурхайд хэрэгжүүлсэн бөгөөд жилд нийт 5.7 сая тонн боловсруулах хүчин чадалтай, мөн нийт таван сая гаруй тонн ганг боловсруулах хүчин чадалтай ажээ.

 
Бээжингийн Хуаюй инженеринг ХХК нүүрс баяжуулах чиглэлд түлхүү анхаарч байна. Нүүрс угааж баяжуулах, инженерийн зураг төсөл боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус компани өнөөг хүртэл нүүрс баяжуулах үйлдвэрийн зураг төсөл боловсруулах, үйлдвэрлэлийн үйл явцыг ухаалагжуулах чиглэлээр 1,000 гаруй төсөл хэрэгжүүлжээ. Тус компанийн дэд захирал Шюйшэн: 
   - Нүүрс угааж баяжуулах шатанд ухаалаг технологи нэвтрүүлэх нь нүүрсийг цэвэр, үр ашигтай ашиглах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад шууд хувь нэмэр оруулж байна. Баяжуулсан нүүрсний гарцыг нэг хувиар нэмэгдүүлэх бүрд нүүрсний нөөцийн алдагдлыг зохих хэмжээгээр бууруулах боломжтой. Нөөц ашиглалтын талаас нь авч үзвэл, энэ нь нөхөн сэргээгдэхгүй байгалийн нөөц болох нүүрсийг бодитойгоор хэмнэж буй хэрэг юм гэж хэлэв.
 
Чуулга уулзалтын үеэр Жүншин хүнд үйлдвэрийн компаниас танилцуулсан 11.6 метрийн диаметртэй, дэлхийн хамгийн том оврын ухаалаг хагас өөрөө нунтаглагч тээрэм нь 30 МВт-ын ангиллын цагариг хэлбэрийн цахилгаан хөдөлгүүрийн системийг нэгтгэх технологид томоохон дэвшил гаргажээ. Тус төхөөрөмж цагт 4,000–6,000 тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай бөгөөд технологийн ерөнхий түвшин нь олон улсын дэвшилтэт түвшинд хүрсэн байна.  
 
Шэньяны Лүнжи цахилгаан соронзон технологийн компанийн бие даан зохион бүтээсэн, соронзон орны харилцан үйлчлэлд суурилсан модульчлагдсан, өндөр эрчимтэй соронзон ялгах төхөөрөмж нь орон нутгийн соронзон орны хүчийг 30 хувиар нэмэгдүүлж, цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээг 15–20 хувиар бууруулжээ.

 
Эдгээр гол технологийн шинэчлэл, дэвшил нь Хятадын уул уурхайн салбарын өндөр чанартай хөгжилд хүчтэй түлхэц болж байна.

   
Харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж, “Хятадын туршлага”-ыг түгээн дэлгэрүүлж байна

Уул уурхайн салбарын ногоон хөгжил нь олон улсын хамтын ажиллагаатай салшгүй холбоотой.  
 
Энэ удаагийн чуулга уулзалтад дэлхийн 60 улс орон, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Чуулга уулзалтын үеэр “Уул уурхайн ногоон хөгжлийн Тяньжиний тунхаглал”-ыг нийтэлж, ногоон хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, нөөцийн ашиглалтын үр ашгийг дээшлүүлэх, уул уурхайн ногоон хөгжлийн туршлагаа хуваалцах, дэлхийн уул уурхайн ногоон хөгжлийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зэрэг арван чиглэлээр санаачилга дэвшүүлэв. Мөн дэлхийн улс орнуудыг хүчээ нэгтгэн, уул уурхайн салбарыг ногоон, нүүрстөрөгч багатай хөгжилд шилжүүлэхийг уриаллаа.  
 
Олон улсын уул уурхайн хамтын ажиллагаанд Хятад улс харилцан ашигтай, хамтдаа хөгжих зарчмыг баримталж, байгалийн баялаг ихтэй улс орнуудын бие даан хөгжих чадавхыг дээшлүүлэхэд онцгой анхаарч иржээ.
 
БНХАУ-ын Байгалийн нөөцийн яамны холбогдох албан тушаалтан сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа:
   - Хятад улс геологи, ашигт малтмалын салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг 70 гаруй улстай байгуулсан бөгөөд 20 гаруй жилийн турш олон оронд геологийн хайгуул, судалгааны төсөл хэрэгжүүлж ирснийг онцлов. Мөн 310 гаруй удаагийн сургалт зохион байгуулж, 140 гаруй улсын 8,600 гаруй хүнийг сурган бэлтгэсэн нь тухайн улс орнуудын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулжээ. 
 
Хятадын уул уурхайн компаниудын гадаад улс орнуудад хэрэгжүүлж буй үйл ажиллагаа нь ашигт малтмалын нөөцийг олборлон ашиглах уламжлалт арга барилыг аажмаар өөрчилж байна. 
 
Зижинь уул уурхайн групп Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад ногоон уурхай байгуулснаар тус улсын уул уурхайн 100 гаруй жилийн түүхэнд анхдагч жишиг тогтоож, Хятадын “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд ногоон хөгжлийн ул мөрөө үлдээсэн юм. Мөн Серби улсад тус улсын анхны ногоон уурхайг байгуулж, уурхайн бүсийн экологийн орчныг нөхөн сэргээх, хамгаалах ажлыг цогцоор нь урагшлуулж байна. 
 
Хятад улс уул уурхайн ногоон хөгжлийн иж бүрэн тогтолцоо, стандартын тогтолцоо, үнэлгээний тогтолцоог бүрдүүлж, 5,500 гаруй ногоон уурхай байгуулжээ. Ингэснээр бусад оронд хэрэгжүүлж болохуйц үлгэр жишээ туршлагыг бий болгосон байна. “Ногоон ашигт малтмалын олон улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны санаачилга”-д 30 гаруй улс орон болон олон улсын байгууллага нэгдээд байна.

 


Редактор : Х.АРВИНТАЛ
Зохиогч: КҮН ДЭЧЭНЬ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл