Хармөрөн муж нь дэлхийн хар шороон хөрсний гурван том бүсийн нэг бөгөөд газар тариалан эрхлэхэд ихээхэн давуу талтай. Тус мужийн тариалангийн газрын нийт талбай 16 сая 670 мянган га-гаас давдаг. Өнөөг хүртэл 8 сая 333 мянган га талбайд өндөр стандартын тариалангийн газар байгуулсан нь Хятад улсын хэмжээнд хамгийн том үзүүлэлт юм.

Жолоочгүй хөдөө аж ахуйн машин тариалангийн талбайд ажиллаж буй нь.
Хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжид ухаалаг технологи нэвтрүүлж байна
Хармөрөн мужийн Хүйда технологийн хувьцаат компанийн үзэсгэлэнгийн танхимд VH300 загварын хөдөө аж ахуйн нисгэгчгүй төхөөрөмж гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийн анхаарлыг татав. Тус төхөөрөмж нь стандартын шаардлага хангасан жимсний парк зэрэг зориулалтын талбайд ашиглахад зориулагдсан. Бие даан чиглэлээ тогтоох, ухаалгаар ажиллах, газрын төвөгтэй нөхцөлд ажиллах чадвартай. Мөн шүрших, тээвэрлэх зэрэг олон төрлийн ажил гүйцэтгэх боломжтой тул хөдөө аж ахуйн ажлын бүтээмж, аюулгүй байдлыг нэмэгдүүлдэг.
Хүйда технологийн компани нь хөдөө аж ахуйн машин механизмын ухаалаг хяналтын төхөөрөмж, “Бэйдөү” навигацийн системд суурилсан автомат жолоодлогын систем, хөдөө аж ахуйн нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ус хэмнэх ухаалаг усалгааны систем зэрэг тоног төхөөрөмж зохион бүтээж, үйлдвэрлэдэг. Тэдгээрийн дотроос V180 загварын хөдөө аж ахуйн нисгэгчгүй нисэх төхөөрөмж нь 180 кг хүртэлх ачаа өргөж, тээвэрлэх чадвартай бөгөөд 150 литрийн багтаамжтай усны саваар тоноглогдсон. Иймээс томоохон фермийн ажлын хэрэгцээг хангах боломжтой.
Жиамүси Жичи трактор үйлдвэрлэлийн ХХК-д сэтгүүлчид хөрс боловсруулалт, тариалалт, ургац хураалт, сүрэл боловсруулах зэрэг газар тариалангийн үйлдвэрлэлийн бүхий л үе шатыг хамарсан ухаалаг машин, тоног төхөөрөмжтэй танилцлаа. Латин Америкийн мэдээллийн агентлагийн сурвалжлагч:
- Ийм төрлийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг Кубын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нэвтрүүлбэл нутгийн иргэд ихээхэн сонирхох нь дамжиггүй гэж хэллээ.
Шинжлэх ухаан, технологийн дэвшил нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Харбин хотын Хэлян хөдөө аж ахуйн компани нь тариалангийн бааз байгуулах, экологид ээлтэй хадгалалт, ухаалаг боловсруулалт, цахим болон уламжлалт худалдааг цогцоор нь нэгтгэсэн үйлдвэрлэлийн иж бүрэн сүлжээг бий болгожээ. Тус компанийн төрөл бүрийн үр тариа болон гүн боловсруулсан бүтээгдэхүүнийг Их Британи, БНСУ, Испани зэрэг дэлхийн 20 гаруй улс оронд экспортолж, хэрэглэгчдийн хүртээл болгож байна.

Жиамүси Жичи трактор үйлдвэрлэлийн ХХК-ийн үйлдвэрлэлийн цехэд өрнөж буй ажлын байдал.
Дэвшилтэт технологийг тариалангийн талбайд нэвтрүүлэв
Бэй Да Хуан группийн Жян Сань Жян салбар компанийн жишиг туршилтын бүсэд хүнгүй жолоодлоготой хөдөө аж ахуйн техник хар шороон хөрсөнд бие даан ажиллаж, ургац хурааж байна. Ухаалаг хөдөө аж ахуйн дижитал удирдлагын төвд тариалангийн талбай, усалгааны байгууламж, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийн ажиллагааны мэдээллийг бодит цагийн горимоор хянаж байна.
Чи Шин фермийн ухаалаг хөдөө аж ахуйн машин механизмын ахлах мэргэжилтэн Лю Жяньгөү:
- Тус ферм хөрс боловсруулалт, тариалалт, ургамлын арчилгаа, ургац хураалт зэрэг газар тариалангийн үйлдвэрлэлийн бүхий л үе шатыг бүрэн механикжуулсан. Цаашид үйлдвэрлэлийн үйл явцыг ухаалагжуулах, дижитал технологид шилжүүлэх, хүнгүй автомат ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ажиллана гэж хэлэв.
Жян Сань Жян үндэсний хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологийн паркт 10 мянган ам метр талбай бүхий ухаалаг хүлэмж байгуулжээ. Тус хүлэмж нь эрдэм шинжилгээ, туршилт судалгаа, сурталчилгаа, технологи түгээн дэлгэрүүлэлт, үйлчилгээний үйл ажиллагааг нэгтгэсэн цогц платформ юм. Энд судалгааны үр дүнг газар тариалангийн үйлдвэрлэлд ашиглах практик технологи болгон нэвтрүүлж, тариаланчдыг чанартай үр, сорт болон шинжлэх ухаанд суурилсан арга технологиор хангаж байна.
Бэй Да Хуан группийн Хармөрөн мужийн Чуань Е фермийн ХХК-ийн дэд захирал Жан Шаобө 17 жилийн турш анхан шатанд ажиллахдаа баг хамт олноо удирдан, шинжлэх ухаан, технологийн чиглэлээр 5000 гаруй цагийн үйлчилгээ үзүүлж, тариаланчдын үйлдвэрлэлд тулгарсан 300 гаруй хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүллээ.
Ус хэмнэх усалгааны технологийг анх нэвтрүүлж эхлэх үед зарим тариаланч усны хэрэглээг бууруулбал будааны ургацад сөргөөр нөлөөлөх вий хэмээн эргэлзэж байв. Жан Шаобөгийн баг суулгацын байдал болон бордооны нөхцөл ижил үед ус хэмнэх усалгааны технологи хэрэглэснээр усны хэрэглээг мэдэгдэхүйц бууруулсан ч ургац буураагүй, харин будааны ургалт илүү жигд, эрүүл байгааг харьцуулсан туршилтаар харуулжээ. Туршилтын үр дүнг нүдээр үзэж, биеэр мэдэрсний дараа тариаланчид энэхүү технологийг аажмаар хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлж эхэлсэн байна. Жан Шаобө:
- Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл улирлын онцлогтой тул үр өгөөжтэй технологийг цаг алдалгүй нэвтрүүлж, түгээн дэлгэрүүлэх нь чухал. Ингэснээр тариаланчдад ургацаа нэмэгдүүлж, орлогоо өсгөхөд нь бодит дэмжлэг үзүүлж чадна. Тариаланчдын ургац нэмэгдэж, орлого нь өсөж байгааг харах нь бидний хөдөлмөр, хичээл зүтгэлийн үнэ цэнийг мэдрүүлдэг хамгийн том урам юм гэж хэллээ.
