ӨМӨЗО-ны Худалдааны газрын мэдээлснээр, энэ оны эхний гурван улиралд Өвөр Монгол дахь хилийн иргэдийн худалдааны бүсийн худалдааны хэмжээ 1.205 тэрбум юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 66.9 хувиар өссөн байна. Үүнээс газар дээр нь боловсруулах худалдааны хэмжээ 1.083 тэрбум юаньд хүрч, нийт хэмжээний 89.9 хувийг эзэлсэн байна.
Сүүлийн жилүүдэд ӨЗО-ны Худалдааны газар нь хилийн бүс нутгийг идэвхжүүлэх, хил орчмын иргэдийн амьжиргааг улам сайжруулах зорилтын хүрээнд, хилийн бүсэд оршин суугчдын импортолсон бараанд улсын хэмжээний татвараас чөлөөлөх бодлогыг хэрэгжүүлж байна. Тус газар нь шинэчлэл, инновацад чиглэсэн олон арга хэмжээ авч хэрэгжүүлснээр хи0лийн худалдааны бүх бүсүүд бүрэн хүчин чадлаараа ажиллах нөхцөлийг бүрдүүлжээ. Үүний үр дүнд худалдааны эргэлт жилээс жилд өсөж, орон нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжин, хилийн бүсэд оршин суугчдын орлогыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.

Хилийн бүс нутгийн иргэдийн худалдааны бүсүүдийн ерөнхий зохион байгуулалт улам бүр боловсронгуй болж байна. Өвөр Монголд эдгээр бүсийг байгуулах ажил анх Манжуур, Эрээн хот зэрэг хүн ам олонтой боомт хотуудаас эхэлсэн юм. Үүний дараа Өвдөг, Архашаат, Хэйшаньтөү зэрэг газарт хилийн иргэдийн худалдааны бүсүүдийг нээжээ. 2024 оны эхнээс Аршаан, Цэгээ болон Манжуурын төмөр замын боомтод хилийн иргэдийн бүсүүдийг нээснээр Өвөр Монгол даяарх хилийн бүс нутгийн иргэдийн худалдааны бүсүүдийн нийт тоо наймд хүрлээ. Энэ оны эцэс гэхэд Мандал, Ганцмод зэрэг хил орчмын иргэдийн худалдааны хоёр бүс нь хаалттай горимоор үйл ажиллагаа явуулахад бэлэн болох бөгөөд ингэснээр тус бүс нутаг даяарх хилийн иргэдийн худалдааны бүсүүдийн ерөнхий зохион байгуулалт илүү цогц хэлбэрт шилжих юм байна.
Хил орчмын бүс нутагт эдийн засгийн хөгжлийг дэмжихэд бизнесийн шинэ хэлбэрүүдийн гүйцэтгэх үүрэг улам бүр чухал болж байна. Эрээн, Манжуур, Аршаан зэрэг хилийн иргэдийн худалдааны бүсүүдэд "хоршоо", "харилцан туслалцах бүлэг"-ээр дамжуулан импортын барааг орон нутагт боловсруулах загварыг нэвтрүүлжээ. Хилийн иргэд Монгол Улсаас адууны мах, ноолуур, Орос улсаас маалингын үр, рапсын үр зэрэг бараа бүтээгдэхүүнийг бөөнөөр нь импортолж, улмаар тэдгээрийг тухайн орон нутагтаа боловсруулдаг байна. Эхний гурван улиралд Өвөр Монгол даяарх 154,800 хилийн иргэд худалдаанд оролцож, тэдний шууд орлого 10.119 сая юаниар нэмэгдээд байгаа юм.
