solongonews
Иргэдийн эрүүл мэндийн салбар дахь шинэ өөрчлөлтүүд
2026-10-15 16:08

ХКН-ын XVIII их хурлаас хойш Ши Жиньпинээр гол цөмөө болгосон ХКН-ын Төв Хороо ард түмний эрүүл мэндийг хамгаалах асуудлыг урьд урьдынхаас илүү чухал байр сууринд тавьж, “Эрүүл Хятад” бүтээн байгуулалтыг эрчимтэй урагшлуулснаар ард иргэдийн эрүүл мэндийн түвшин тасралтгүй дээшилж байна.
 
ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин “Эрүүл Хятад” бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхийн тулд Хятадын бодит нөхцөл байдалд тулгуурлан, Хятадын онцлогт нийцсэн эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх замаар тууштай замнаж, шинэ эриний эрүүл мэндийн ажлын бодлого, чиглэлийг тууштай хэрэгжүүлэх ёстой хэмээн онцлон тэмдэглэв.

 
“Эрүүл Хятад” бүтээн байгуулалтыг сайжруулахын тулд Хятадын бүх бүс нутаг идэвхтэй хүчин чармайлт гаргаж, шинэ арга замыг эрэлхийлж байна. Тухайлбал, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор дасгал хөдөлгөөний үйл ажиллагаа зохион байгуулах, архаг өвчний хяналтыг сайжруулах зэрэг ажлыг хэрэгжүүлж байгаа юм.

Аньхүй мужийн Сүйси шяньд, Өрхийн эмчийн баг архаг өвчтэй иргэдэд тогтмол хяналт, эрүүл мэндийн дагалдах үйлчилгээ үзүүлж байна.
Зургийг: Сүйси шянийн Суртал ухуулгын газар.

   
Янпү дүүрэг: Спортыг анагаах ухаантай уялдуулж, эрүүл насжилтыг дэмжинэ

Энэ жилийн Хятадын Үндэсний баярын амралтын өдрүүдээр Шанхай хотын Янпү дүүргийн Гүн Нүн Си тосгоны 175 дугаар байран дахь Иньхан хорооллын спорт, эрүүл мэндийн төв хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Тус төвийн нэгдүгээр давхарт байрлах ахмад настнуудын спорт, эрүүл мэндийн төвд олон хүн цугларчээ. Тэдний ихэнх нь тус төвд тогтмол ирдэг тул ормогцоо QR код уншуулж, гүйлтийн зам, дугуй зэрэг дасгалын төхөөрөмжөө ажиллуулан, дасгалаа хийдэг байна.

 
Ян Гуан эрүүл мэндийн төвийн хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй хэд хэдэн иргэн хорооллын спорт, эрүүл мэндийн мэргэжилтний удирдлага дор сэргээн засах дасгал хийж байв. Харин хэсэг залуу иргэн хоёрдугаар давхарт гарч, гүйх, хүчний дасгал хийх, пилатесаар хичээллэх зэргээр биеийн тамирын дасгал хийж байлаа.

 
Янпү дүүрэг спорт, эрүүл мэндийг дэмжих ажлыг иргэдийн амьжиргаатай холбоотой бодит ажлын төлөвлөгөө болон дүүргийн Засгийн газрын томоохон шийдвэрүүдэд тогтмол тусган хэрэгжүүлж байна. Ингэснээр дүүргийн бүх гудамж, хороололд спорт, эрүүл мэндийн төв байгуулж, зорилтот бүлгийн иргэдийг хамруулахын зэрэгцээ хүний амьдралын бүхий л үе шатанд эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилтыг үе шаттай хэрэгжүүлж байна.

Шанхай хотын Янпү дүүргийн Иньшинь хорооллын спорт, эрүүл мэндийн төвд уламжлалт анагаах ухааны биеийн дасгалын сургалт явагдаж байна.
Зургийг: Янпү дүүргийн Иньшинь хорооллын эрүүл мэндийн үйлчилгээний төв.

   
Сүйси шянь: Архаг өвчнийг эмчлэхээс урьдчилан сэргийлэхэд шилжив
Аньхүй мужийн Хуайбэй хотын Сүйси шяний Байшань суурингийн Даокөү тосгоны эмнэлгийн эмч Чэнь Шүминь өдөр бүр оройн цагаар чихрийн шижин, цусны даралт ихсэх зэрэг архаг өвчтэй, онцгой анхаарал шаардлагатай өвчтөнүүдийн гэрээр очиж, биеийн байдлыг нь хянадаг байна.
   
  - Архаг өвчтэй иргэдийн гэрээр улирал тутамд дор хаяж нэг удаа очиж, биеийн байдлыг нь хянаж, үзлэг хийдэг гэж Чэнь Шүминь ярилаа.
 
Чэнь Шүминьгийн гар утсанд өрхийн эмч нарын хэд хэдэн WeChat групп байдаг. Эдгээр группт Байшань суурингийн эрүүл мэндийн төв болон Сүйси шяний Ардын эмнэлгийн эмч нар нэгдсэн бөгөөд тосгоны иргэд хүссэн үедээ группээр дамжуулан эмчээс зөвлөгөө авах боломжтой.  
 
Энэ нь Сүйси шяний хэрэгжүүлж буй өрхийн эмчийн “1+1+1” гэрээт үйлчилгээ юм. Энэхүү үйлчилгээний хүрээнд шяний түвшний эмнэлэг, суурингийн эрүүл мэндийн төв, тосгоны эмнэлгийн эмч нараас бүрдсэн баг хамтран ажиллаж, тосгоны нийт иргэдэд эрүүл мэндийн менежментийн үйлчилгээ үзүүлдэг байна.

 
Архаг өвчний эмчилгээ удаан хугацаанд үргэлжилдэг бөгөөд амбулаторийн үзлэг, өдөр тутмын хяналтад голлон тулгуурладаг. Энэ үйл явцад суурин болон тосгоны түвшний эмнэлгийн байгууллагууд чухал үүрэг гүйцэтгэдэг.

 
Нэг хүнд ногдох үйлчилгээний зарчмыг хэрэгжүүлснээр эмч, эмнэлгийн ажилтнууд гэрээт үйлчилгээгээ чанартай үзүүлэх, өвчтөнүүдийн биеийн байдлыг тогтмол хянах, эмийн хэрэглээний тухай зөвлөгөө өгөхөд илүү анхаарч, улмаар архаг өвчний хяналтыг сайжруулах боломжтой болсон гэж Сүйси шяний эмнэлгийн шинэчлэлийн албаны дарга Чэнь Жүө тайлбарлав.


Шанхайн мэргэжилтнүүд Саньмин хотын уламжлалт анагаах ухааны эмнэлэгт үнэ төлбөргүй үзлэг, зөвлөгөө үйлчилгээ үзүүлж байна.
Зургийг: ЖҮНШАНЬ.

   
Паньюй дүүрэг: Хөгжмийн аялгуугаар сэтгэл засах эмнэлгийн үйлчилгээг брэнд болгов

Долоо хоног бүрийн пүрэв гарагийн өглөөний 10 цагийн орчимд Гуанжөүгийн Анагаах ухааны их сургуулийн харьяа Паньюй төв эмнэлгийн амбулаторийн тасгийн үүдний танхимд байрлах хар өнгийн төгөлдөр хуурын өмнө сайн дурын ажилтны хантааз өмссөн нэгэн ахмад настан хөгжим тоглон сууна. Тайвшруулах уянгалаг аялгуу эгшиглэхэд дуслын шингэний суурь түрсэн өвчтөнүүд алхаагаа сааруулж, хүүхдээ тэвэрсэн эхчүүд ч түр зогсоно. Зарим нь чимээгүйхэн хөгжим сонсож, зарим нь гар утсаараа бичлэг хийнэ.

   
Хөгжим тоглож буй ахмад настныг Жан Дэ-Ань гэдэг. Тэрээр эмнэлгийн сайн дурын хөгжмийн багийн төгөлдөр хуурч юм. Хүмүүс түүнийг “төгөлдөр хуурч эмээ” гэж өхөөрдөн дууддаг. Жан Дэ-Ань 2024 оны зургаадугаар сард тус эмнэлэг нэмэлтээр төгөлдөр хуур тоглох сайн дурын ажилтан элсүүлж байгааг сонсоод бүртгүүлсэн байна.

   
- Эмнэлэгт ирж байгаа хүмүүсийн сэтгэлийг жаахан ч гэсэн тайвшруулахыг хүссэн юм гэж Жан Дэ-Ань инээмсэглэн хэллээ.

   
2020 оны аравдугаар сард Гуанжөүгийн Анагаах ухааны их сургуулийн харьяа Паньюй төв эмнэлэг эмнэлгийн нийгмийн ажлын хэлтсийг байгуулж, сайн дурын ажилтнуудыг элсүүлэх, зохион байгуулах ажлыг хариуцуулсан байна. Тус эмнэлэг цахим платформ, танхимын хамтын ажиллагааны сүлжээ, хүмүүсийн санал болгосон танилцуулга гэсэн гурван сувгийг хослуулсан элсэлтийн тогтолцоог бүрдүүлж, сайн дурын ажилтнуудыг тогтмол элсүүлэх механизмыг бий болгон, багийн бүрэлдэхүүнээ тасралтгүй өргөжүүлсээр байна.

 
Өдгөө тус эмнэлэг хөгжмийн тоглолт, зурагт ном унших, хөгжилтэй тоглоом тоглох зэрэг сайн дурын үйлчилгээний есөн брэндийг бий болгоод байгаа юм. Мөн сайн дурынхны байнгын 11 ажлын байр ажиллуулж, 6,000 гаруй сайн дурын ажилтныг бүртгэсэн бөгөөд тэдний нийт үйлчилгээ үзүүлсэн хугацаа 350,000 цагаас давсан байна.

Гуанжөүгийн Анагаах ухааны их сургуулийн харьяа Паньюй төв эмнэлгийн амбулаторийн тасгийн үүдний танхимд Жан Дэ-Ань төгөлдөр хуур тоглоно. 
 Зургийг: Гуанжөүгийн Анагаах ухааны их сургуулийн харьяа Паньюй төв эмнэлэг. 

Редактор : Х.АРВИНТАЛ
Зохиогч: ЖЯН ХҮНБИН, ЛӨҮ ЯНЧИ, ХҮН ЧЮТИН
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл