“Чюшы” сэтгүүлийн 20 дахь дугаар 10-р сарын 16-нд хэвлэгдэх юм. Хятадын Коммунист Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Хятадын Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпиний “Илүү өндөр стандарт, илүү бодитой арга хэмжээгээр намын сахилга, хариуцлагыг бүх талаар чангатгах нь” өгүүлэл нийтлэгдэнэ.
Өгүүлэлд, “15 дахь таван жилийн төлөвлөгөө”-ний үе бол социалист шинэчлэлийн суурийг бэхжүүлж, хөгжлийг эрчимжүүлэх чухал үе юм. ХКН-ын 20 дахь удаагийн Төв Хорооны дөрөвдүгээр бүгд хурлаар дэвшүүлсэн зорилт, төлөвлөгөөг бодит ажил болгохын тулд намын бүх талын удирдлагыг тууштай баримталж, бэхжүүлэхийн зэрэгцээ намын сахилга, хариуцлагыг бүх талаар тасралтгүй чангатгах шаардлагатай гэж онцолжээ.
Мөн Төв Хорооны чухал шийдвэр, төлөвлөлтийг илүү тууштай, үр дүнтэй хэрэгжүүлэх хэрэгтэйг тэмдэглэв. Эдгээрийг хэрэгжүүлэх нь Төв Хорооны эрх мэдэл, төвлөрсөн нэгдсэн удирдлагыг хамгаалах үндсэн шаардлага бөгөөд нам, ард түмний үйл хэргийн тасралтгүй хөгжил дэвшлийн түүхэн чухал туршлага юм.
Шинэ хөгжлийн үзэл баримтлал, чансаатай хөгжил, хөгжлийн шинэ хэв маягийг бүрдүүлэхэд анхаарахыг уриалжээ. Түүнчлэн орчин үеийн үйлдвэрлэлийн тогтолцоог байгуулж, бүс нутгийн онцлогт нийцүүлэн шинэ чанарын үйлдвэрлэх хүчийг хөгжүүлэх шаардлагатай байна.
Шийдвэрийн хэрэгжилтэд тогтмол, оновчтой хяналт тавьж, илэрсэн асуудлыг засаж залруулахыг чухалчилжээ. Хатуу хяналттай зэрэгцэн орон нутаг, салбар бүрд тохирсон арга замыг дэмжиж, эцсийн үр дүнг Төв Хорооны зорилго, бодлоготой нийцүүлэх ёстой гэсэн байна.
