Хятад, Монголын спортын цогцолборын төслийн барилгын ажлын шав тавих ёслол 10-р сарын 15-ны өдөр Улаанбаатар хотноо өргөн хүрээнд боллоо. Ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улаанбаатар хотын захирагч Б. Пүрэвдагва, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яамны албаны хүмүүс болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны хэргийг түр орлон гүйцэтгэгч Цао Ли, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Эдийн засаг, худалдааны зөвлөх Лю Жинжы болон Хятадын барилгын компанийн төлөөлөгчид оролцов.

У.Хүрэлсүх, БНХАУ-ын Засгийн газар, ард түмэн болон тус төслийн бүтээн байгуулалтад оролцож байгаа хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Тэрээр, Монгол-Хятадын спортын цогцолборын төсөл нь хоёр улсын найрсаг харилцаа, бодит хамтын ажиллагааны бас нэгэн тод илрэл болох юм, Уг төсөл нь Монгол Улсад спортыг хөгжүүлэх, залуучуудын нөөц бололцоог нээх, мөн бүх насныхан биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэхэд маш чухал ач холбогдолтой юм гэж хэлэв.
Цао Ли, Хятад, Монгол хоёр улс бол уул усаараа холбогдсон найрсаг хөршүүд төдийгүй, "Бүс ба Зам" санаачилгыг өндөр чанартай хамтран бүтээн байгуулах түншүүд юм. Саяхан БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бишкек хотноо Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй чухал уулзалт хийж, Хятад, Монголын харилцааны хөгжилд стратегийн чиглэл зааж өглөө. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар, Хятад, Монголын спортын төв нь өндөр стандартаар баригдаж дуусах бөгөөд Хятад, Монгол хоёр улсын уламжлалт найрамдлыг гэрчлэх шинэ дурсгалт бүтээн байгуулалт болохын зэрэгцээ Монгол Улсын ард иргэдэд илүү ногоон, эрүүл, сайн сайхан амьдралыг авчрах болно гэж хэллээ.
Хятад, Монгол хоёр улсын төрийн тэргүүн нарын санаачилсан уг спортын цогцолборын төсөл нь БНХАУ-ын засгийн газраас Монгол Улсад үзүүлж буй буцалтгүй тусламжийн төсөл юм. Шааньси Барилгын инженерийн групп ХХК нь энэхүү төслийн гүйцэтгэгчээр ажиллаж байна. Тус төсөл нь нийт 30,000 метр квадрат газрын талбайг хамардаг бөгөөд барилгын нийт талбай нь 58,247 метр квадрат юм. Төсөл нь 48 сарын хугацаанд баригдах бөгөөд 2030 онд барилгын ажлыг дуусгаж, хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна.
