Хятад, Монголыг холбох хоёр дахь хил дамнасан төмөр замын Ганцмод–Гашуунсухайт чиглэлийн гүүрийн Т хэлбэрийн бүх дам нурууг 10-р сарын 16-нд угсарч дуусгалаа. Хамгийн сүүлчийн 32.6 метр урт, 134 тонн орчим жинтэй дам нурууг байрлуулснаар төслийн дараагийн шатны ажилд суурь тавьсан байна.

Энэхүү төмөр зам нь 1956 онд Эрээн–Замын-Үүдийн төмөр зам ашиглалтад орсноос хойш бараг 70 жилийн дараа Хятад, Монголын хооронд барьж буй хоёр дахь хил дамнасан төмөр зам юм. Төслийг хоёр улс нэгдсэн зураг төслийн дагуу тус тусдаа барьж, дараа нь холбох зарчмаар хэрэгжүүлж байна.
2025 оны 5-р сард эхэлсэн уг төслийн нийт урт 9.91 километр бөгөөд үүний 6.08 километр нь хил дамнасан гүүрийн хэсэг юм. Нийт 760 дам нуруу угсрах шаардлагатай байснаас бүгдийг нь байрлуулжээ. Говийн хүчтэй салхи, шороон шуурга хүнд даацын дам нурууг өндөрт өргөж угсрах зэрэг барилгын ажлыг хүндрүүлсэн байна.

Одоогоор Хятадын нутаг дахь хэсгийн ажлын 92 хувь, Монголын талын хэсгийн 62 хувь нь дуусаад байна. Гүүрийн үндсэн хийц, дам нурууны угсралт бүрэн дууссан бөгөөд 7.78 километр замд төмөр замын рельс тавиад байна. Жилийн эцэс гэхэд рельс угсралтыг бүрэн дуусгахаар төлөвлөжээ.
Ганцмод–Гашуунсухайт чиглэлийн хил дамнасан төмөр зам нь Хятад, Монголын стратегийн уялдаа холбоо, бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чухал үе шат бөгөөд “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хэрэгжиж буй томоохон төсөл юм. Төмөр зам ашиглалтад орсноор жилд 30 сая тонн ачаа тээвэрлэж, Хятадын Ганцмод- ВаньШүйчюань чиглэлийн төмөр замыг Монголын өмнөд чиглэлийн төмөр замтай холбоно. Ингэснээр хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаа өргөжиж, хил дамнасан логистик, үйлдвэрлэлийн парк, хилийн худалдаа, үйлчилгээний хөгжилд түлхэц өгч, Хятад, Монголын эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдол үзүүлэх юм.
