ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 2023 оны 6-р сард ӨМӨЗО-д ажиллах үеэрээ хэлэхдээ, Өвөр Монгол бол эрчим хүч, стратегийн нөөцийн улсын хэмжээний чухал бааз, хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төв, мөн Хятад улсын хойд зүг рүү чиглэсэн нээлттэй бодлогын гол хаалга юм гэдгийг онцлон тэмдэглэв. Тэрээр Өвөр Монголын аж үйлдвэрийн бүтцийг оновчтой болгохдоо эдгээр давуу тал болон стратегийн байр сууринд нь тулгуурлах ёстойг онцоллоо. Үүнд орон нутгийн онцлог давуу тал бүхий салбаруудыг эрчимтэй хөгжүүлэх, нөөцөд түшиглэсэн бүс нутгуудыг өөрчлөн шинэчлэх, хөгжүүлэх шинэ замыг идэвхтэй эрэлхийлэх, мөн Өвөр Монголын өвөрмөц давуу талыг тусгасан орчин үеийн аж үйлдвэрийн тогтолцоог бүрдүүлэх ажлыг түргэвчлэх зэрэг багтана. Эрчим хүчний салбар эдгээр дахь давуу талаа ашиглан, орчин үеийн эрчим хүчний эдийн засгийг амжилттай хөгжүүлэхийг уриалав. Түүнчлэн, стратегийн нөөц баялгийнхаа хамгаалалттай хөгжүүлэлт, өндөр үнэ цэнтэй ашиглалт, стандартчилагдсан менежментийг бэхжүүлэх замаар уг нөөц бололцоог бүрэн ашиглахын зэрэгцээ орон нутагтаа гүн боловсруулалтыг нэмэгдүүлж, эдгээр стратегийн нөөцөд суурилсан салбаруудын тогтвортой, хүчирхэг өсөлтийг хангах чиглэл өгөв.
Нүүрс, байгалийн хий болон бусад ашигт малтмалын нөөцөд тулгуурласан уламжлалт тогтолцооноос салхи, нар, устөрөгч, эрчим хүч хуримтлуулах технологид суурилсан тогтолцоо руу шилжиж байна. Хэт өндөр хүчдэлийн /UHV/ цахилгаан дамжуулах шугамууд нь чухал артерийн судлууд болон хувирч, тал нутагт үйлдвэрлэсэн "ногоон цахилгаан"-ыг Бээжин-Тяньжин-Хэбэй болон Хөх мөрний бэлчир бүс рүү шууд хүргэж байна. Үүний зэрэгцээ дэлхий нийтийн анхаарлыг татсан ухаалаг тооцооллын салбар эрчимтэй хөгжиж эхэллээ. Өвөр Монголын энэхүү өөрчлөлт нь ашигт малтмалын нөөц шавхагдсаны улмаас аргагүйн эрхэнд хийж буй алхам биш, харин нөөц баялаг хангалттай хэвээр байгаа үед урьдчилан харж, стратегийн хувьд санаачлагатайгаар хэрэгжүүлж буй шилжилт юм.
Өвөр Монгол өөрийн өвөрмөц нөөц баялаг, стратегийн байрлалдаа тулгуурлан уламжлалт эрчим хүчний салбарын өртгийн сүлжээг өргөжүүлэхийн зэрэгцээ шинэ эрчим хүчний төслүүд болон тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн салбарыг нэгдмэл байдлаар хөгжүүлж байна. Уламжлалт эрчим хүчний нөөцийн үр ашгийг дээд зэргээр ашиглахын сацуу шинэ эрчим хүчний салбарын хурдацтай өсөлтийг ашигласнаар бүс нутаг нь олон төрлийн эрчим хүчний эх үүсвэрүүд бие биеэ нөхсөн, олон талт аж үйлдвэрийн өсөлттэй, бат бөх суурьтай, цогц хөгжлийг хангасан аж үйлдвэрийн тогтолцоог бүрдүүлж чаджээ.

Өдгөө Өвөр Монголын экспортын бүтээгдэхүүн нь зөвхөн нүүрс, цахилгаан эрчим хүч, байгалийн хийгээр хязгаарлагдахаа больж, салхи, нарны цахилгаан үүсгүүрийн хавтан /фотоволтайк модуль/, устөрөгч ялгагч зэрэг шинэ эрчим хүчний тоног төхөөрөмжүүдийг зах зээлд тогтмол нийлүүлж байна. ӨМӨЗО нь 70 сая кВт-ын хүчин чадалтай салхины эрчим хүчний тоног төхөөрөмж, 41.9 сая кВт-ын нарны цахилгаан үүсгүүрийн модуль, 650 иж бүрдэл устөрөгч үйлдвэрлэх төхөөрөмж, 43.5 сая кВт.цаг хүчин чадалтай эрчим хүч хуримтлуулах байгууламж үйлдвэрлэх хүчин чадлыг бий болгосон бөгөөд салхи-нар-устөрөгч-хуримтлуулах тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн нийт сүлжээний үйлдвэрлэлийн үнэлгээ 1.2 их наяд юаниас давжээ.
Өдгөө ногоон эрчим хүч үйлдвэрлэж нийлүүлэхээс эхлээд ухаалаг тооцоолох хүчин чадлыг хуваарилан хүргэх, улмаар хиймэл оюун ухааныг бодит амьдралд нэвтрүүлэх хүртэлх үе шатуудаар дамжин Өвөр Монголын тооцооллын салбар тасралтгүй төрөлжиж, боловсронгуй болсоор байна.
