10-р сарын 16-нд, ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Өвөр Монголын Өөртөө Засах Орны Улаанцав хотын Цахар өндөр технологийн аж үйлдвэрийн хөгжлийн бүсэд хүрч “Зүүн бүсийн өгөгдлийг баруун бүсэд тооцоолох” төслийн зангилаа байгууламжийг байгуулж буй явц, ногоон тооцоолох хүчин чадлын салбарын хөгжлийн талаар мэдээлэл авлаа.

Намрын сүүл сарын орон нутгийн цаг агаар сэрүүсч 10 хэмд ч хүрэхгүй байсан ч эдийн засаг, хөгжлийн уур амьсгал халуухан байв. Сүүлийн жилүүдэд Улаанцав хотын ногоон тооцоолох хүчин чадлын салбар хөгжил нааштай үр дүнд хүрч, сэрүүн уур амьсгалтай энэ нутагт халуун эрчтэй хөгжиж буй шинэ салбар болжээ. Үүний цаана “өргөн хүрээг хамрах” болон “нарийн ширийнд нягт нямбай хандах” гэсэн хөгжлийн практик оршиж байна.
“Өргөн хүрээг хамрах” гэдэг нь ерөнхий чиг хандлагыг оновчтой тодорхойлж, улсын хөгжлийн ерөнхий зорилтод үйлчлэхэд оршино.Төмс тариалдаг байсан газраас үүлэн орчинд “токен тариалах” хүртэл “Төмсний нийслэл” хэмээх Улаанцав хот шинэ хөгжлийн чиглэлд тууштай ажиллаж, гэрээ байгуулсан өгөгдлийн төвийн төслүүдийн тоо 100-гаас давжээ. Зарим ажиглагчийн үнэлснээр, Улаанцав хот Ази, Номхон далайн бүсийн хамгийн том хэмжээтэй, хамгийн хурдацтай өсөж буй хиймэл оюун ухааны тооцоолох хүчин чадлын төвүүдийн нэг болж байна.
2026 оны Дэлхийн хиймэл оюун ухааны бага хурал болон Хиймэл оюун ухааны дэлхийн засаглалын асуудлаарх өндөр түвшний уулзалтын нээлтийн ёслол дээр дарга Ши Жиньпин цаг үеийн хөгжлийн гол чиг хандлагыг онцлон тэмдэглэхдээ: “Дэлхийн хиймэл оюун ухааны технологийн инновац урьд өмнө байгаагүй идэвхтэй үе шатанд орлоо. Бүх зүйл ухаалгаар холбогдох, хүн ба машин хамтран ажиллах, салбар дамнан уялдах, хамтран бүтээж үр шимээ хуваалцах зэрэг ухаалаг технологиуд асар их эрч хүчийг давхар бий болгож байна” хэмээн хэлсэн юм.
Хиймэл оюун ухааны хөгжлийн үндэс нь тооцоолох хүчин чадал бөгөөд тооцоолох хүчин чадал нь өндөр барилга босгох суурьтай адил чухал тулгуур юм. Энэ удааг Улаанцав хотод ажиллахдаа дарга Ши Жиньпин: “Тооцоолох хүчин чадлын сүлжээ нь улсын хэмжээнд төлөвлөж байгуулж буй ‘зургаан том сүлжээ’-ний нэг бөгөөд тооцоолох хүчин чадлын салбар эрчимтэй хөгжлийн шатандаа явж байна. Ирээдүйн хэтийн төлөв саруул уудам байна” хэмээн онцоллоо. Таатай боломжийг ашиглан Улаанцав хотын ногоон тооцоолох хүчин чадлын салбар эрчимтэй хөгжиж байгаа нь цаг үеийн чиг хандлагыг дагаж, хөгжлийн боломжийг шүүрэн авч буйн тод жишээ юм.
“Улсын хэмжээний эрчим хүч, стратегийн нөөцийн чухал бааз” гэдэг нь ХКН-ын Төв хорооноос Өвөр Монголын Өөртөө Засах Оронд тодорхойлсон стратегийн байр суурийн нэг юм. Газрын гадаргаас 70 метрийн өндөрт хэмжсэн салхины эрчим хүчний нөөц нь улсын эх газрын салхины эрчим хүчийг технологийн хувьд ашиглах боломжтой нийт нөөцийн бараг 60 хувийг эзэлдэг бол нарны эрчим хүчний технологийн хувьд ашиглах боломжтой нөөц нь улсын нийт нөөцийн ойролцоогоор 21 хувьтай тэнцдэг. Иймээс арвин их салхи, нарны эрчим хүчний нөөцөө үр ашигтай ашиглах нь тус бүс нутаг стратегийн байр сууриа зөв ойлгож, хэрэгжүүлэхийн салшгүй хэсэг юм.
Салхи, нарны эрчим хүчийг тасралтгүй нийлүүлэх боломжтой ногоон цахилгаан болгон хувиргахаас эхлээд өнөөдөр цахилгаан эрчим хүчээр тооцоолох хүчин чадлыг хангаж, хиймэл оюун ухаанаар төлөөлүүлж буй технологийн шинэ давалгааг ашиглах хүртэл хөгжлийн алхам шат ахин урагшилж байна. Харин улсын хөгжлийн ерөнхий зорилтод үйлчлэх чиглэл нь үргэлж тодорхой байсаар иржээ.Улсын хөгжлийн ерөнхий зорилтод үйлчлэх нь тухайн бүс нутгийн өөрийн хөгжлийн илүү өргөн боломжийг бүрдүүлэхэд ч тустай.
“Зүүн бүсийн өгөгдлийг баруун бүсэд тооцоолох” төслийг хэрэгжүүлж, улсын хэмжээнд нэгдсэн тооцоолох хүчин чадлын сүлжээг байгуулах нь ХКН-ын Төв хорооноос гаргасан чухал шийдвэр юм. 2022 онд “Зүүн бүсийн өгөгдлийг баруун бүсэд тооцоолох” төсөл хэрэгжиж эхэлснээс хойш Улаанцав хот улсын нэгдсэн тооцоолох хүчин чадлын сүлжээний Өвөр Монголын зангилааны чухал бүрэлдэхүүн хэсэг болж, тооцоолох хүчин чадлын салбарыг хөгжүүлэх ховор боломжийг угтан авчээ. 2026 оны 8-р сарын байдлаар Улаанцав хотын тооцоолох хүчин чадлын хэмжээ 190 мянган P-д хүрч, үүний 90 гаруй хувийг хиймэл оюун ухаанд зориулсан ухаалаг тооцоолох хүчин чадал эзэлж байна.
“Нарийн ширийнд нягт нямбай хандах” гэдэг нь өөрийн нөхцөл байдалд тулгуурлан, орон нутгийн онцлогт нийцүүлэн хөгжихөд оршино.Хятад улсын нутаг дэвсгэр өргөн уудам бөгөөд зүүн, баруун, өмнөд, хойд, төвийн бүсүүдийн нөөц, нөхцөл боломж харилцан адилгүй. Шинэ аянд бүс нутаг бүр ХКН-ын Төв хорооны стратегийн шийдвэр, төлөвлөлтийн дагуу ажиллаж, амжилт бүтээлийг зөвөөр үнэлэх үзлийг төлөвшүүлэн хэрэгжүүлж, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг бүрэн, үнэн зөв, цогцоор нь хэрэгжүүлэх ёстой. Мөн цаг үеийн чиг хандлагыг дагаж, хөгжлийн боломжийг ашиглан, өөрийн нөхцөл байдалд тулгуурлаж, харьцангуй давуу талаа бүрэн ашиглан, орон нутгийн онцлогт нийцүүлж, өндөр чансаатай хөгжлийг урагшлуулах шаардлагатай.
Улаанцав хотод ажиллах үеэр Ши Жиньпин даргын хэлсэн эдгээр үг хөгжлийн арга зүй болох “орон нутгийн нөхцөлд нийцүүлэх” зарчмыг дахин онцоллоо.
