solongonews
Баяннуур хотын гадаад худалдааны хэмжээ эхний гурван улиралд түүхэн дээд хэмжээнд хүрэв
2026-10-20 16:05

Урдын гаалийн газраас мэдээлснээр, Баяннуур хотын гадаад худалдааны нийт хэмжээ энэ оны эхний гурван улиралд түүхэн дээд амжилтаа дахин шинэчилж, 59.58 тэрбум юаньд хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 54 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд Өвөр Монголын гадаад худалдааны нийт үнийн дүнгийн 28.7 хувийг эзэлж, бүс нутагтаа тэргүүлэх байр сууриа хадгалжээ.
 

  
19-ний өдөр Ганцмод боомтын хяналт, зохицуулалттай ачааны талбай дахь байгаль орчинд ээлтэй нүүрсний агуулахад Урдын гаалийн ажилтнууд импортын нүүрснээс дээж авах ажиллагаа явуулж байв. “Энэ овоолгод 1,675 тонн нүүрс байна. Бид үүнийг урт хэлбэрийн 26 ажлын хэсэгт хувааж, хэсэг бүрийг хөндлөн чиглэлд таван жижиг хэсэгт хуваана. Дараа нь санамсаргүй түүврийн аргаар гурван жижиг хэсгээс дээж авч, нийт 78 дэд дээж бүрдүүлдэг” хэмээн дээж авагч Люжя хэлэв.

   
Тэрээр
бас “Тээврийн хэрэгсэл олон, ачаа их, тээвэрлэлтийн багцын тоо ч олон, агуулахын нөөц их байдаг. Тиймээс ачааг хурдан нэвтрүүлэхийн тулд бид ажиллах хүчээ нэмэгдүүлж, ачааны талбайд очиж дээж авах давтамжаа өсгөн, шалгалт хүлээх хугацааг богиносгож, ачааг гадагш тээвэрлэх үр ашгийг дээшлүүлэн, тээвэрлэлтийг саадгүй явуулахын төлөө бүх хүчээ дайчлан ажиллаж байна” гэж тайлбарлав.  
 
Энэ үед үрийн цөмт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортын идэвхтэй улирал дахин эхэлжээ. Хангин хойд хошууны Чаншы хүнсний ХХК-ийн үйлдвэрлэлийн цехэд автоматжуулсан тоног төхөөрөмжүүд тасралтгүй ажиллаж, хулууны үрийг өнгөөр ялгах, салхиар цэвэрлэх, хольц бохирдлыг арилгах, ариутгах зэрэг дамжлагаар боловсруулсны дараа уутлан битүүмжилж, хайрцаглан савлаад гадаадын зах зээлд нийлүүлж байна.
   
Тус компанийн ерөнхий менежер Бай Инцүнь хэлэхдээ: “Захиалга их, борлуулалтын зах зээл өргөн байна. Эхний гурван улирлын экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 20 гаруй хувиар өссөн байна. Манай бүтээгдэхүүн Европ, Ойрх Дорнод, Зүүн Өмнөд Азийн орнуудад хүрч байгаа бөгөөд Латин Америк зэрэг шинээр хөгжиж буй зах зээлд ч нэвтрээд байна” гэв.
   
Баяннуур хот газарзүйн байршил болон үйлдвэрлэлийн давуу талаа бүрэн ашиглаж, Өвөр Монголын өндөр түвшний нээлттэй хөгжлийг урагшлуулж байна. Энэ онд Урдын гааль “ухаалаг боомтын бүтээн байгуулалт”-д голлон анхаарч, их дата, “хиймэл оюун ухаан + гааль” зэрэг дэвшилтэт технологийг нэвтрүүлэн, хяналт шалгалтын үр ашиг, чанарыг дээшлүүлж, Ганцмод боомтоор дамжин өнгөрөх ачаа барааны гаалийн бүрдүүлэлтэд дэмжлэг үзүүлжээ. 
 
Үүний зэрэгцээ шинэ соргог хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний орон нутгийн хяналт шалгалтад зориулсан ногоон сувгийг нээж, аж ахуйн нэгжүүдэд зах зээлээ төрөлжүүлэн өргөжүүлэхэд тусалснаар Баяннуур хотын гадаад худалдааны хэмжээг тогтвортой хадгалах, бүтцийг оновчтой болгоход хүчтэй түлхэц өгч байна.


Редактор : Д.МӨЧИР
Эх сурвалж : inews.nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл