"Нийтийн эрх ашгийг эрхэмлэн, нягт эвлэлдэн нэгдэх" коллективизмын ухамсар бол Урт замын аян дайны зориг санааны гол онцлог мөн. Урт замын аян дайн бол Улаан армийн салбар хүчнүүд хоорондоо уялдан зохицож, хамтран тулалдсан аян дайн юм.Урт замын аян дайны явцад Улаан армийн салбар хүчнүүд Намын Төв Хорооны стратегийн байрлал, төлөвлөлтийг тууштай баримталж, өөрсдөд оногдсон стратегийн зорилтуудыг биелүүлэхийн зэрэгцээ хоорондоо харилцан дэмжлэг үзүүлэх нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн юм.

Улаан армийн нэгдүгээр болон дөрөвдүгээр талын армиуд уулзан нэгдсэний дараа, Жан Гүөтаогийн хагалан бутаргах алдаатай үйлдлийн эсрэг Жүдэ эрс тэмцэл өрнүүлжээ. Дөрөвдүгээр талын армийн олон тооны командлагч, дайчид ч мөн Намын Төв Хорооны нэр хүнд, намын эв нэгдэл, нягт эвлэлдлийг тууштай хамгаалж, улмаар хагарал бутралын хямралыг даван туулсан байна.
Мао Зэдүн өөрөө ч гэсэн нийтийн эрх ашгийг эрхэмлэх үлгэр жишээ байсан юм. Тэрээр Урт замын аян дайны эхэн үед шахагдан гадуурхагдаж байсан хэдий ч хувийн ашиг сонирхлоо хойш тавьж, хувьсгалын ирээдүйг үргэлж тэргүүн байранд тавин, Нам болон Улаан армид идэвхтэй зөвлөгөө өгч байв.Төвийн Улаан арми Шааньши мужийн хойд хэсэгт анх ирээд хангамжийн ноцтой хомсдолд ороход Мао Зэдүн Улаан армийн 15-р легионий командлагч Шюй Хайдүнд захидал бичиж, тусламж хүсжээ. Шюй Хайдүн өөрийн легионий санд ердөө 7000 юань үлдээд байсан хэдий ч огт эргэлзэлгүйгээр 5000 юанийг нь гаргаж өгсөн байна. Тэрээр үүнийгээ зээл биш, харин бэлэг гэдгийг онцолсон бөгөөд ингэснээр Төвийн Улаан армийн өвлийг даван туулахад нэн шаардлагатай байсан нөөцийн хэрэгцээг шийдвэрлэж чаджээ.
Энэхүү олон нийтийн эрх ашгийг эрхэмлэх үзэл ухамсар нь Улаан армийн анги нэгтгэлүүд бие даан байлдах үедээ ч нэгдсэн командлалын дор нэгдэж, шийдвэрлэх чанартай мөчид хувийн ашиг сонирхлоо ерөнхий нөхцөл байдлын шаардлагад захируулах суурь болсон байна. Энэхүү чанар нь тэднийг ялагдашгүй дайчин хүчтэй болгон хатуужуулж, Урт замын аян дайны ялалтын зохион байгуулалтын бат бөх баталгааг бүрдүүлсэн билээ.
