solongonews
Ли Чян ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзав
2026-10-22 10:16

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян 10-р сарын 21-ний үдээс хойш ОХУ-ын Санкт-Петербург хотод Оросын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзлаа.Ли Чян уулзалтын эхэнд Хятад улсын дарга Ши Жиньпиний мэндчилгээ, сайн сайхны ерөөлийг Владимир Путинд уламжлав.
 
Ли Чян хэлэхдээ, Он гарснаас нааш
 Хятад, Оросын төрийн тэргүүн нар хоёр удаа уулзаж, хоёр талын харилцааны хөгжилд шинэ чиглэл тогтоосон. Хятад улс Оросын талтай стратегийн харилцаа холбоогоо бэхжүүлж, улс төрийн харилцан итгэлцлээ бататган, олон салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятад, Оросын шинэ эриний иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг тасралтгүй хөгжүүлэхэд бэлэн байна гэв.
   
Ли Чян мөн хоёр тал эдийн засгийн харилцан нөхөх давуу талаа ашиглаж, эрчим хүч, байгалийн баялаг, худалдаа, хөрөнгө оруулалт, зам тээвэр зэрэг салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх ёстойг онцоллоо. Түүнчлэн “Хятад, Оросын боловсролын жил”-ийн арга хэмжээг хамтран амжилттай зохион байгуулж, соёл, аялал жуулчлал, спорт, залуучуудын солилцоог өргөжүүлэхийн зэрэгцээ Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, БРИКС зэрэг олон талт механизмын хүрээнд уялдаа холбоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг санал болгов.
 
Владимир Путин хэлэхдээ, Орос, Хятадын харилцаа эрх тэгш байдал, харилцан хүндэтгэл, харилцан ашигтай хамтын ажиллагааны үндсэн дээр тогтсон бөгөөд гуравдагч талын нөлөөлөлд автахгүй. Оросын тал Хятадтай эрчим хүч, хөдөө аж ахуй, сансар судлал, иргэний зориулалттай цөмийн эрчим хүч, хиймэл оюун ухаан зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хүмүүнлэгийн солилцоог өргөжүүлэхэд бэлэн байна гэв.
 
Мөн Оросын тал энэ онд Хятад улс Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага буюу АПЕК-ийн удирдагчдын албан бус уулзалтыг зохион байгуулах, ирэх онд БРИКС-ийн даргалагч орноор ажиллахыг дэмжиж байгаагаа илэрхийллээ.


Редактор : Б.САРУУЛ
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл