Хятадын ажилчин тариачны Улаан армийн Урт замын аян дайны ялалтын 90 жилийн ойг тэмдэглэх хурал 10-р сарын 22-ны үдээс өмнө Бээжин хотноо ёслол төгөлдөр боллоо. ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн Төв Зөвлөлийн дарга Ши Жиньпин чухал үг хэлж, түүхээ санаж байж л ирээдүйг бүтээнэ хэмээн онцлов.

ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүд Ли Чян, Жао Лэжи, Ван Хунин, Цай Чи, Дин Шюэшян, Ли Ши, мөн БНХАУ-ын дэд дарга Хань Жэн нар хуралд оролцов.
Ши Жиньпин Улаан армийн Урт замын аян дайн хэмээх түүхэн үйл хэргийг удирдсан Мао Зэдүн, Жөү Эньлай, Жү Дэ зэрэг хувьсгалын ахмад зүтгэлтнүүдэд, урт замын аян дайны үеэр цус урсган тулалдаж, улс орны өнцөг булан бүрд хувьсгалт тэмцлээ үргэлжлүүлсэн Улаан армийн офицер, дайчдад, тухайн үед Улаан армийн урт замын аян дайныг дэмжсэн үндэстнүүдийн ард түмэн, ялангуяа хувьсгалт түшиц газруудын ард иргэдэд, мөн амьд сэрүүн байгаа Улаан армийн ахмад дайчдад гүн хүндэтгэл илэрхийлэв. Түүний санал болгосноор арга хэмжээнд оролцогчид босож, Улаан армийн урт замын аян дайны үеэр болон Хятадын хувьсгалт тэмцэлд амь үрэгдсэн баатруудын дурсгалыг хүндэтгэн номхон зогсож хүндэтгэл үзүүлэв.

1934 оны 10-р сараас 1936 оны 12-р сар хүртэл Улаан арми 10 гаруй муж нутгийг туулж, нийт 25 мянган газар буюу 12,500 километр замыг туулан, Хятадын хувьсгалын түүхэнд шинэ хуудсыг нээсэн гэж Ши Жиньпин тэмдэглэжээ.

Ши Жиньпин дарга Улаан армийн Урт замын аян дайн хүн төрөлхтний түүхэнд хосгүй гайхамшгийг бүтээж, Урт замын аян дайны аугаа үзэл санааг бий болгосныг онцлов. “Үзэл санаа байгаа газар хүч чадал байдаг. Урт замын аян дайны үзэл санаа нь үнэнч байдал, шударга ёс, эв нэгдлийн хүчийг бүрэн илэрхийлдэг. Хятадын коммунистуудын үзэл санааны өвийн чухал хэсэг болсон энэ үзэл санаа цаг хугацаа, орон зайг даван, үнэ цэнээ алдалгүй өнөөг хүртэл хадгалагдаж ирсэн бөгөөд бэрхшээлийг даван туулж, урагш тэмүүлэхэд биднийг зоригжуулах үнэт баялаг, хүчирхэг хөдөлгөгч хүч хэвээр байна” гэжээ.

Ши Жиньпин дарга Улаан армийн Урт замын аян дайны түүх биднээс холдоогүй, харин түүний зам үргэлжлэн уртассаар байгааг тэмдэглэв. Урт замын аян дайны ялалтаас хойших 90 жилийн хугацаанд нам ард түмнээ нэгтгэн удирдаж, хувьсгал, бүтээн байгуулалт, шинэчлэлийн түүхэн үе шат бүрд удаа дараа шинэ урт замын аян дайныг туулж, аугаа ялалтад хүрсэн байна гэж илэрхийлэв.
ХКН-ын 18-р их хурлаас хойш Хятадын онцлогтой социализм шинэ эрин үед шилжсэн байна. Нам, арми, үндэстнүүдийн ард түмний хамтын хүчин чармайлтаар чинээлэг нийгмийг бүх талаар цогцлоох эхний зуун жилийн зорилтыг хугацаанд нь биелүүлж, нам, төрийн үйл хэрэгт түүхэн ололт амжилт гарган, түүхэн өөрчлөлтүүдийг хийжээ. Одоо шинэ аян замдаа Хятадын онцлогтой орчин үеийн хүчирхэг улсыг бүх талаар байгуулахаар чармайж, социалист орчин үеийн хүчирхэг улсыг бүх талаар байгуулах, хоёр дахь зуун жилийн зорилтыг биелүүлэхийн төлөө ажиллаж байна.
