10-р сарын 22-ны 22 цаг 33 минутын орчимд Түвдийн Нагчу хотын Бачэн шяньд 7.0 магнитудын хүчтэй газар хөдөлж, олон хүн амиа алдаж, бэртэж гэмтжээ.
Газар хөдлөлтийн дараа ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин чухал үүрэг чиглэл өглөө. Тэрээр эрэн хайх, аврах ажиллагаа болон бэртэж гэмтсэн иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэх ажлыг бүх хүчээр зохион байгуулж, хүний амь насны хохирлыг аль болох багасгахыг онцолсон байна.
Ши Жиньпин хэлэхдээ, гамшигт нэрвэгдсэн бүс нутаг далайн түвшнээс өндөрт оршдог, цаг агаар хүйтэн тулд газар хөдлөлтийн нөхцөл байдал, цаг агаарын өөрчлөлтийг сайтар ажиглаж, аврах ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулан, хоёрдогч гамшиг үүсэхээс урьдчилан сэргийлэх шаардлагатай гэв.
Түүнчлэн аврах ажиллагаанд шаардлагатай эд материал, хэрэгслийг цаг алдалгүй хүргэж, гамшигт өртсөн иргэдийг зохих ёсоор байрлуулах, эвдэрч гэмтсэн дэд бүтцийг яаралтай сэргээн засварлах замаар ард иргэдийн амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг бодитой хамгаалахыг үүрэг болгожээ.
Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян мөн тушаал гаргаж, гамшгийн нөхцөл байдал, учирсан хохирлыг аль болох хурдан тодруулж, аврах ажиллагааг бүх хүчээр зохион байгуулахын зэрэгцээ газар хөдлөлтийн хяналт, гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхийг шаардав.
Ши Жиньпин Түвдэд болсон 7.0 магнитудын газар хөдлөлттэй холбогдуулан чухал үүрэг чиглэл өглөө
2026-10-23 09:48
Редактор : Б.САРУУЛ
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх
