solongonews
даарахаас сэргийлэх нь хуурайшилтаас сэргийлэхээс илүү чухал
2026-10-23 16:45
Хяруу буух улиралд даарахаас сэргийлэх нь хуурайшилтаас сэргийлэхээс илүү чухал.

10-р сарын 23-нд намрын сүүлчийн улирлын хорин дөрвөн улирлын нэг болох Хяруу буух улирал эхэлнэ. Энэ үед байгаль дэлхийн арга энерги үргэлжлэн хумигдаж, доошлон, гаднаас дотогш чиглэж, хөдөлгөөнөөс амгалан тайван байдалд шилждэг. Хүний бие махбод ч мөн адил “намрын хураалт”-аас “өвлийн хадгалалт”-д шилжинэ.

   
Хятадын Үндэсний цаг уурын төвийн урьдчилсан мэдээгээр, энэ жилийн Хяруу буух улирлын хугацаанд Хятадын ихэнх нутгийн агаарын температур олон жилийн дундажтай ойролцоо эсвэл түүнээс өндөр байх төлөвтэй байна. Гэвч хүйтэн агаарын хэд хэдэн хүчтэй урсгал дайран өнгөрч, зарим бүс нутагт хур тунадас ахиу орох төлөвтэй байгаа юм. Хятадын уламжлалт анагаах ухааны үзлээр, ийм цаг агаарын нөхцөлд энэ жилийн улирлын эрүүл мэндийн арчилгаанд хүйтэн болон хуурайшлаас зэрэг сэргийлэх шаардлагатай бөгөөд даарахаас сэргийлэхийг хуурайшлаас сэргийлэхээс илүү чухалчилж, дэлүү, ходоодны үйл ажиллагааг дэмжихийн зэрэгцээ уушгийг чийгшүүлэн арчлах хэрэгтэй.
   

Дулаан, хүйтэн огцом солигдох үед арга энергийг хамгаалж, даарахаас сэргийлэхийг нэн тэргүүнд тавина

Хяруу буух улирал нь намраас өвөлд шилжих зааг үе юм. Хятадын уламжлалт анагаах ухааны үзлээр энэ үед хуурайшлын нөлөө давамгайлж, хүйтний эрч аажмаар нэмэгддэг. Иймээс улирлын эрүүл мэндийн арчилгааны ерөнхий зарчим нь “намар, өвөл билиг энергийг тэтгэх” явдал бөгөөд энэ жил даарахаас сэргийлэхийг нэн тэргүүнд тавьж, хуурайшлыг арилгахыг хоёрдугаарт анхаарах хэрэгтэй.
 
“Энэ жилийн Хяруу буух улиралд дулаан, хүйтэн огцом солигдох, чийг ба хүйтэн хавсрах, хуурай хүйтэн зэрэгцэн тохиолдох магадлалтай бөгөөд энэ нь эрүүл мэндийн эрсдэл дагуулж болзошгүй” гэж Хятадын Анагаах ухааны шинжлэх ухааны академийн Гуан
 Аньмэнь эмнэлгийн ерөнхий эмчилгээний тасгийн дэд эрхлэгч, дэд ерөнхий эмч Гао Лин танилцууллаа.

Биеийг зөөлөн тэтгэхийн зэрэгцээ дэлүү, ходоодыг дэмжиж, уушгийг чийгшүүлнэ

Ардын зүйр үгэнд “Өвөл нөхөн тэтгэснээс Хяруу буух үед тэтгэх нь дээр” хэмээн өгүүлдэг. Хятадын уламжлалт анагаах ухааны үзлээр Хяруу буух улирлаас хойш хүйтний эрч аажмаар нэмэгддэг. Энэ үед биеийг тэтгэхийн гол зорилго нь дэлүү, ходоодны үйл ажиллагааг зохицуулж, хүйтний сөрөг нөлөөг эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлэх, улмаар гаднын хүчин зүйлээс үүдэлтэй өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд оршино.
 
Шанхайн Хятадын уламжлалт анагаах ухааны их сургуулийн харьяа Шуангуан эмнэлгийн уламжлалт анагаах ухааны тасгийн эрхлэгч, ерөнхий эмч Фү Хүйтин дэлүү, ходоодыг дэмжихийн тулд хэт халуун ногоотой, цочроох үйлчилгээтэй, мөстэй хүйтэн болон хэт тослог, хүнд хоол хүнсний хэрэглээг багасгахыг зөвлөжээ. Өдөр тутмын хоол хүнсэндээ зутан, агшаамал зэрэг зөөлөн хоол түлхүү хэрэглэж, улирлын чанартай хулуу, амтат төмс, бадамлянхуа цэцгийн үндэс, цагаан манжин, ям үндэс болон туулайн бөөр зэргийг тохируулан хэрэглэж болно.


Өндөрлөг газар авирч, намрын өнгийг сонирхохдоо биеийн энергийг хадгалахыг чухалчилна

Хяруу буух улиралд олон хүн өндөрлөг газар авирч, намрын үзэсгэлэнт байгалийг сонирхох дуртай байдаг. Хятадын уламжлалт анагаах ухааны үзлээр наранд биеэ ээх, өндөрлөг газраас алсыг харах нь намрын улиралд үүсдэг сэтгэл санааны гуньж гутралыг тайлахад тустай. Гэвч Хяруу буусны дараа агаарын температур хэлбэлзэж, хуурайшилт нэмэгдэх нь амьсгалын замын халдварт өвчин тусах эрсдэлийг өсгөхөөс гадна өмнө нь байсан суурь өвчний хяналтыг алдагдуулж, өвчнийг сэдрээж болзошгүй.
 
Фү Хүйтин
 эмчээс өндөрлөг газар авирч, алхахдаа хэт ядрахаас зайлсхийж, биеийн үндсэн энергийг хадгалах, яс, үе мөчөө хамгаалахын тулд хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийхгүй байхыг зөвлөжээ. Мөн дэлүү болон уушгийг дэмжихийн тулд хоол хүнс, усны хэрэглээг цаг тухайд нь нөхөх хэрэгтэй. Салхи ихтэй, бороотой, манантай, шүүдэр ихтэй буюу хүйтэн, чийглэг цаг агаарт өндөрлөг газар авирч, аялахгүй байхыг хичээж, цаг агаарын өөрчлөлтөд тохируулан хувцсаа цаг тухайд нь нэмэх, хасах шаардлагатай.
 
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, Хяруу буух улиралд
арга энергийг зохистой хэмжээнд хамгаалж, биеийг зөв аргаар тэтгэн, хөдөлгөөн дасгалыг тохируулан хийх нь өдөр тутмын эрүүл мэндээ хамгаалах чухал арга юм. Ингэснээр өвлийн хүйтнийг давах биеийн бэлтгэлийг хангаж чадна.

 


Редактор : Д.МӨЧИР
Эх сурвалж : news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл