solongonews
Г. Нармандах: Үгийн үнэ цэнэ их алдагдаж байна
2026-10-28 09:52
Угсаатан судлаач Г. Нармандах монгол, хятад хоёр хэлээр жишээ болгон, үгийн үнэ цэнэ алдагдаж байгаа тухай ийнхүү ярилаа.

Монголчууд хэлэхдээ: “Олон хэлбэл улиг, цөөн хэлбэл билэг” гэдэг. Хятад хэлэнд ч мөн “Зарим үгийг хэлэхээс илүү үйлдлээр үзүүлэх нь чухал” гэсэн санаа бүхий хэлц үгнүүд олон байдаг.
 
Өнөө цагт монгол болон хятад хэлэнд зарим үгийг хаа хамаагүй, хэнд ч байсан шууд хэлсээр тэдгээр үгийн уг мөн чанар гээгдэж, үнэ цэнэ нь сохор зоос хүрэхээ больсон гэхэд хилсдэхгүй.

Монголын залуус “анд”, “хайр” гэдэг хамгийн эрхэм нандин хоёр үгийг, хятадын залуус “бао бэй /эрдэнэ минь/”, “шюн ди /ах дүү, анд/”, “мэй нюй /сайхан бүсгүй/”, “шуай гэ /сайхан залуу/” гэх мэт үгсийг ёстой л таарсан, танилцсан “амьтан” болгонд хэлсээр үгийн чанар алдагдаж, үнэ цэнэ нь үгүй болж зүгээр нэг дуудлгага үг төдий болж хувирчээ.
  
Уг нь “Монголын Нууц Товчоон”-д Тэмүүжин, Жамух хоёр андгай өргөж анд бололцоод амьдралын төгсгөл хүртлээ “анд минь” гэж эрхэмлэж, үнэнч явсан үг. Угтаа Хятадын алдарт “Хүйтэн уулын бичиг”-ийн 108 баатар сайн эр хамгийн сүүлд бие биенээ орхихгүй гэсэндээ хамт хор ууж үхэх хүртлээ “ах дүүс” гэж хоргодож явсан үг. Өнөөдөр харин архины мухлагт танилцаж, хоёр хундага хувааж уугаад бие биенээ “Анд аа! Ах дүү!” гэж дуудаад, тун удалгүй агсам тавилцаж тангараг тасраад салдаг үнэ цэнэгүй үг болсон байна.
  
Дорно дахины олон үндэстний хэлэнд “хайр аа”, “эрдэнэ минь” гэж нялуурах явдал үгүй байж, жинхэнэ яруу найрагт л уран яруугаар илэрдэг байсан ба нялуурах үг хэлэхээс илүү насан туршийн амьдралаараа, үйл хөдөлгөөнөөрөө хайраа илэрхийлж амьдардаг байсан.  Харин одоо цагт өчигдөр танилцаад маргааш нь “хайр аа”, “хонгор минь” гэж нялуурчихаад дараа өдөр нь болоход тас мартаж, өөр хэн нэгнийг өртөөлөн, тэгж дуудахаар одно.

Бидний аав ээжийн нялх цагт, өвөг дээдсийн залуу үед “хайр аа” гэж нялуурах биш, хамтдаа бүхий л амьдралаа босгож эцэст нь өтөлсөн ч “хайртай шүү” гэж нэг ч удаа хэлж үзээгүй цаг байсан.

“Сайхан бүсгүй”, “сайхан залуу” гэдэг үг ч гэсэн хуучны ном зохиолд үнэхээр л алдартай сайхан хүмүүсийг тусгайлан тодотгож хэлдэг үгс байсан. Гэтэл өнөөдөр гудамжинд зам асуухаар зогсоох хэн нэгнийг ч “сайхан залуу минь”, “сайхан бүсгүй минь” гэж дуудах болоод нэг үе өнгөрөх гэж байна. Шүдгүй халзан өвгөн, бөгтөр үрчгэр эмгэнийг ч “сайхан залуу”, “сайхан бүсгүй” хэмээн дуудах нь нэг талаар бидний гоо сайхны мэдрэмж туйлын дордож гэж хошигнон хэлж болох ч нөгөө талаар үгийг оновчтой зөв сонгож хэлдэг дээдсийн сэтгэлгээ үгүй болж, хэл ядуурсаар, үгийн үнэ цэнийг алдуулж байгаагийн илрэл юм.
 
Аливаа хэл хөгжлийнхөө замд хувирч өөрчлөгдөх нь гарцаагүй боловч үгийн утгыг илтэд гажуудуулах, “үг үнэ цэнэтэй” гэдэг ухааныг илтэд үл ойшоох нь бидний хэл ирээдүйд улам ядуурах, цаашлаад бусад хэлний нөлөөнд амархан автах суурь болох юм.
 
Тиймээс залуус бид өөр өөрийн эх хэлнийхээ эрхэм нандин үгсийн утгыг бүрэн ойлгож, зөв хэрэглэх нь чухал билээ. Үнэн гэдэг үг нь худлыг илэрхийлэх, худал гэдэг үг үнэнийг заах тийм цаг ирэхээс урьтаж санаж сэрцгээхсэн.


Редактор : С.УРЬХАН
Зохиогч: Г. Нармандах
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл