Аравдугаар сарын сүүлчээр Улаанцав хотын агаарын температур хасах 7 хэм хүртэл буурчээ. Жихүүн салхи нүүр рүү үлээхэд арьс хорсож, хатгуулан өвдөнө.
Хүчтэй салхи, хуурай, хүйтэн уур амьсгал бол Улаанцав хотын тухай хүмүүст төрөх анхны сэтгэгдэл юм. Гэвч салхины нөөц ихтэй, нарны тусгал сайтай нь ногоон цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх бат бөх суурь болдог бол хүйтэн уур амьсгал нь тооцоолох хүчин чадлын төвүүдийн байгалийн хөргүүр болдог. Харин ус энд тун ховор нөөц юм. Тус хотын нэг хүнд ногдох усны нөөц ердөө 484 шоо метр бөгөөд энэ нь Хятад улсын дундаж үзүүлэлтийн дөрөвний нэгээс ч бага юм.
Улаанцав хот өөрийн нөөц, нөхцөл, давуу талд тулгуурлан тооцоолох хүчин чадлын салбарыг стратегийн чухал чиглэл болгон хөгжүүлж, Хятад улс төдийгүй Ази болон дэлхийн тооцоолох хүчин чадлын салбарт чухал байр суурь эзлэх болжээ.
Улаанцав хот тооцоолох хүчин чадлын салбарын ширүүн өрсөлдөөнд хэрхэн тодрон гарч ирэв? Үүний гол нууц нь цахилгаан эрчим хүч, тооцоолох хүчин чадал, усны нөөцийг харилцан уялдуулж зохицуулах цогц төлөвлөлтөд оршино.

Ногоон эрчим хүчээр тооцоолох хүчин чадлыг хангах нь
Улаанцав хотын Цахар өндөр технологийн аж үйлдвэрийн бүсэд засвар үйлчилгээ хариуцсан ажилтан дэлгэц дээрх дээш, доош хэлбэлзсэн хоёр муруйг заан тайлбарлахдаа:
- Энэ муруй нь орон нутгийн салхи, нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээг, харин нөгөө муруй нь аж үйлдвэрийн бүсийн тооцоолох хүчин чадлын хэрэглээний ачааллыг харуулж байна. Үд дунд нарны эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдэх үед гүйцэтгэх боломжтой, ачааллаа зохицуулж болох тооцооллын ажлуудыг энэ хугацаанд төвлөрүүлдэг. Ингэснээр цахилгаан эрчим хүч ба тооцоолох хүчин чадлын уялдаа бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжиж байгааг илүү тодорхой харж болно гэж хэлэв.
Цахар өндөр технологийн аж үйлдвэрийн бүсийн захиргааны хорооны орлогч дарга Лю Жүньпин сэтгүүлчид ярихдаа:
- Цахилгаан эрчим хүч ба тооцоолох хүчин чадлын уялдаа гэдэг нь тооцоолох хүчин чадлын хэрэгцээ, цахилгаан эрчим хүчний хангамжийг нэг цогц болгон авч үзэж, хамтад нь төлөвлөх, бүтээн байгуулах, ашиглахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл, эхлээд өгөгдлийн төв барьчихаад дараа нь цахилгаан эрчим хүч хайх биш, харин сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, цахилгаан сүлжээ, тооцоолох хүчин чадлын ачаалал, эрчим хүч хуримтлуулах системийг эхнээс нь уялдуулан зохицуулж, тооцоолох хүчин чадлын төвүүдийн үйл ажиллагааг ногоон цахилгаан эрчим хүчээр тогтвортой, бага зардлаар, өндөр түвшинд хангах явдал юм гэж хэллээ.
Улаанцав хотын салхин цахилгаан станцуудын жилийн дундаж ашиглалтын хугацаа 3,000–3,600 цаг, нарны фотоцахилгаан станцуудын жилийн ашиглалтын хугацаа 1,500–1,800 цагт хүрдэг. Хотын хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 20.288 сая киловаттаас давж, нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээнд ногоон цахилгаан эрчим хүчний эзлэх хувь 67 хувьд хүрсэн байна. Харьцангуй хямд өртөгтэй ногоон цахилгаан эрчим хүч нь тооцоолох хүчин чадлын төвүүдийг тасралтгүй ажиллуулах чухал үндэс суурь болдог.
Аж үйлдвэрийн бүсийн удирдлагын төвд цахилгаан эрчим хүчний хэрэглээ оройн цагаар оргилдоо хүрдэг байсныг шөнийн салхины эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгддэг цаг руу шилжүүлснээр зардлыг бодитоор бууруулжээ. Тооцооллын ажлуудыг ногоон цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн оргил болон бууралтын үетэй уялдуулж, ачааллын хэлбэлзлийг даган өөрчлөгдөх цахилгааны үнийг харгалзан хэрэглээг зохицуулах нь зардлыг бууруулж, үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой. Ийнхүү тооцоолох хүчин чадлын салбарын үйл ажиллагааг тогтвортой байлгаж, эдийн засгийн хувьд даахуйц өртгөөр хөгжүүлэх боломж бүрдэнэ.
Лю Жүньпиний танилцуулснаар, Цахар өндөр технологийн аж үйлдвэрийн бүсэд цахилгаан эрчим хүч ба тооцоолох хүчин чадлын уялдааг одоогоор ногоон цахилгаан эрчим хүчийг шууд нийлүүлэх, мөн эрчим хүчний эх үүсвэр, цахилгаан сүлжээ, хэрэглээ, эрчим хүч хуримтлуулах системийг цогцоор нь уялдуулсан шийдлээр хэрэгжүүлж байна. Дараагийн шатанд “Ногоон цахилгаан эрчим хүчийг шууд нийлүүлэх + түгээх сүлжээг өргөтгөх” загварыг нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Энэ нь Улаанцав хотын санаачлан боловсруулсан, Өвөр Монголд ногоон цахилгаан эрчим хүчээр хангах шинэ хэлбэрийг туршиж буй анхны жишиг юм.
Ингэснээр ирээдүйд аж үйлдвэрийн бүсийн аж ахуйн нэгж бүр ногоон цахилгаан эрчим хүчийг тус тусдаа холболтоор авах бус, харин бүсийн хэмжээнд нэгдсэн ногоон цахилгаан хангамжийн тогтолцоог ашиглах боломж бүрдэнэ. Энэ нь эрчим хүчний хангамжийг өргөжүүлэх, зардлыг бууруулах, нүүрстөрөгчийн ялгаруулалтыг багасгах чиглэлээр илүү таатай нөхцөл бүрдүүлэх юм.
Одоогийн байдлаар Улаанцав хотод ногоон цахилгаан эрчим хүчийг хэрэглэгчдэд хүргэх дундаж үнийг киловатт-цаг тутамд 0.32–0.38 юанийн түвшинд барьж, тооцоолох хүчин чадлын төвлөрсөн цогцолборуудын ногоон цахилгаан эрчим хүчний хэрэглээний хувийг 85 хувьд хүргээд байна. 2025 онд тус хотын дата төвүүдийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 4.321 тэрбум киловатт-цагт хүрч, өмнөх оныхоос 116.6 хувиар өсжээ. Цахилгаан эрчим хүчний хэрэглээ ийнхүү эрчимтэй өсөж буй нөхцөлд хэрэглэж буй цахилгаан эрчим хүчний киловатт-цаг бүрд ногдох ногоон эрчим хүчний эзлэх хувь, өртөг, эдийн засгийн үр ашиг нь тооцоолох хүчин чадлын салбарын хөгжлийг тодорхойлох чухал хүчин зүйл юм.
Цахилгаан эрчим хүч ба тооцоолох хүчин чадлыг уялдуулан хөгжүүлэхэд Улаанцав хот хэд хэдэн давуу талтай. Тус хот салхи, нарны эрчим хүчний арвин нөөцтэй бөгөөд сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадал их. Жилийн дундаж температур харьцангуй бага тул дата төвүүдийн хөргөлтөд зарцуулах эрчим хүчний хэрэглээ харьцангуй бага байдаг. Түүнчлэн Бээжин, Тяньжин, Хэбэй бүс нутагтай ойр байрладаг учраас сүлжээний саатал багатай.
Энд “Цахилгаан эрчим хүч ба тооцоолох хүчин чадлын уялдаа” гэдэг нь зөвхөн хямд цахилгаан ашиглах тухай асуудал биш юм. Харин ногоон цахилгаан эрчим хүч, сэрүүн уур амьсгал, газарзүйн байршил, цахилгаан сүлжээний зохицуулалтын давуу талыг цогцоор нь ашиглаж, тооцоолох хүчин чадлын салбарын урт хугацааны өрсөлдөх чадвар болгон хувиргахыг хэлнэ.

Усны хомсдолыг технологийн шийдлээр даван туулах нь
Тооцоолох хүчин чадлын салбарын хөгжил нь усны нөөцийн даацтай нийцсэн байх ёстой. Зөвхөн цахилгаан эрчим хүчний хэрэглээг тооцоолохоос гадна усны хэрэглээг ч нарийн тооцох шаардлагатай. Ус ба тооцоолох хүчин чадлыг уялдуулан хөгжүүлэхийн тулд төслийн төлөвлөлт, байршлын сонголт, технологийн шийдэл, усны хэрэглээний удирдлага зэрэг бүх шатанд үйлдвэрлэлийг усны нөөцөд нийцүүлэн төлөвлөх, усны боломжид тулгуурлан үйл ажиллагаа явуулах, ус хэмнэхийг нэн тэргүүнд тавих зарчмыг баримтлах хэрэгтэй.
Улаанцав хотын усны хомсдол хэр их вэ? Нэг хүнд ногдох усны нөөц ердөө 484 шоо метр байгаа нь олон улсын хэмжээнд нэг хүнд ногдох усны нөөцийг усны хомсдолын ноцтой түвшинд ангилдаг 500 шоо метрийн босгоос доогуур үзүүлэлт юм. Хэрэв уламжлалт ууршуулах хөргөлтийн аргыг үргэлжлүүлэн ашиглавал нэг томоохон дата төв зуны улиралд өдөрт хэдэн сая литр ус хэрэглэж, жилийн нийт усны хэрэглээ нь 30–40 мянган хүн амтай суурингийн ахуйн усны хэрэглээтэй дүйцэж болзошгүй. Усны хэрэглээг зохистой тооцож, хянаж чадахгүй бол тооцоолох хүчин чадлын салбар энд тогтвортой хөгжихөд бэрх болно.
Ус ба тооцоолох хүчин чадлыг уялдуулан хөгжүүлэхийн гол зорилго нь тооцоолох хүчин чадлын төвүүдийн байршил, хөгжлийг усны нөөцийн даацтай нийцүүлэх явдал юм. Улаанцав хотын жилийн дундаж агаарын температур ердөө 4.3 хэм бөгөөд жилийн 10 гаруй сарын хугацаанд байгалийн хүйтэн агаарыг хөргөлтөд ашиглах боломжтой. Энэ нь байгалиас заяасан давуу тал юм. Тиймээс орон нутгийн дата төвийн төслүүдэд уламжлалт механик хөргөлтийн системээс татгалзаж, агаарын хөргөлт болон шууд бус ууршуулах хөргөлтийн технологийг хослуулан ашиглаж байна. Үүний гол зорилго нь усны хэрэглээг бууруулах явдал юм.
Цахар өндөр технологийн аж үйлдвэрийн бүсийн их өгөгдлийн салбарт усны нөөц ба тооцоолох хүчин чадлыг уялдуулан хөгжүүлэх чиглэл тодорхой байна.
Нэг. Ус ашиглах зөвшөөрөл, шаардлагыг чанд мөрдөж, төслийг хэрэгжүүлэхээс өмнө усны хэрэглээг нарийн тооцно. Усны нөөцийн даацаас хамааран хөгжүүлэх тооцоолох хүчин чадлын хэмжээг тогтооно.
Хоёр. Дата төвүүдийг ундны усны төлөө бусад хэрэглэгчидтэй өрсөлдүүлэхгүйн тулд тооцоолох хүчин чадлын төвүүдэд цэвэршүүлэн дахин ашигласан ус хэрэглэх бодлого хэрэгжүүлж байна.
Гурав. Ус бага зарцуулдаг болон ус огт хэрэглэдэггүй хөргөлтийн технологийг нэвтрүүлж, хөргөлтөд зарцуулах усны хэмжээг аль болох бууруулахыг зорьж байна.
Усны нөөцийг хамгаалахтай холбоотой хууль, журмын шаардлагыг ч чанд мөрддөг. “Өвөр Монголын Өөртөө Засах Орны Газрын доорх усны нөөцийг хамгаалах, ашиглалтыг зохицуулах тухай журам”-д заасны дагуу тооцоолох хүчин чадлын төвүүд үйлдвэрлэлийн зориулалтаар газрын доорх ус авч, хөргөлтөд ашиглахыг хориглодог.
2025 онд Улаанцав хотын их өгөгдлийн салбарын аж ахуйн нэгжүүдийн бодит усны хэрэглээ 1.5422 сая шоо метр байсан нь хотын нийт усны хэрэглээний ердөө 0.33 хувийг эзэлж, Хятад улсын хэмжээнд энэ салбарын тэргүүлэх түвшинд хүрчээ. Улаанцав хот усны нөөцийн ашиглалтыг сайжруулах чиглэлээр боломжоо өргөжүүлж байна. Хотын хэмжээнд жил бүр ойролцоогоор 72 сая тонн дахин боловсруулсан ус бий болдог бөгөөд одоогоор дахин хуваарилан ашиглах боломжтой нөөц нь 30 сая тонн орчим байна.
Хөргөлтийн аргыг усны нөөцийн даацад нийцүүлэн сонгож, усны хэрэглээний нормыг тооцоолох хүчин чадлын гарцтай уялдуулан тогтооно. Усны хэрэглээ болон тооцоолох хүчин чадлын гарцын харьцааг ийнхүү оновчтой зохицуулж чадвал тооцоолох хүчин чадлын салбар Улаанцав хотод тогтвортой хөгжих нөхцөл бүрдэнэ.
Тооцоолох хүчин чадлын салбарын өрсөлдөөн гэдэг нь мөн чанартаа нөөц, хүчин зүйлсийг хэр үр ашигтай хуваарилан ашиглаж байгаагаар тодорхойлогддог өрсөлдөөн юм. Улаанцав хотын тооцоолох хүчин чадлын салбарын өрсөлдөх чадварыг зөвхөн төхөөрөмжийн тавиурын тоо, тооцоолох хүчин чадлын хэмжээгээр бус, нэгж тооцоолох хүчин чадалд ногдох ногоон цахилгаан эрчим хүчний эзлэх хувь, усны хэрэглээний үзүүлэлт, газрын ашиглалт, ашиглалтын зардлаар хэмжинэ.
Цахилгаан эрчим хүч ба тооцоолох хүчин чадал, ус ба тооцоолох хүчин чадлын уялдааг хангаж, эрчим хүч болон усны хэрэглээний тооцоог хоёуланг нь оновчтой шийдэж чадсан цагт л тооцоолох хүчин чадлын салбар тогтвортой ажиллаж, хөгжих боломжтой.
