Парисын олон улсын автомашины 91 дэх үзэсгэлэн 2026 оны 10 дугаар сарын 12-нд Францын Парис хотын Порт-де-Версалийн үзэсгэлэнгийн төвд нээлтээ хийлээ. Хятадын “Чан-Ань”, “Дүнфэн”, BYD, “Жили”, “Чирүй”, GAC зэрэг уламжлалт автомашин үйлдвэрлэгчид, мөн “Leapmotor”, “Li Auto”, “XPeng” зэрэг шинэ үеийн автомашин үйлдвэрлэгчид өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож, Хятадын 20 гаруй брэнд цэвэр цахилгаан хөдөлгүүртэй болон ухаалаг автомашинуудаа танилцууллаа.
Хятадын автомашин үйлдвэрлэгчид энэ удаа зөвхөн шинэ загвар, шинэ технологи танилцуулаад зогсохгүй, Европын зах зээлд урт хугацаанд байр сууриа бэхжүүлэх стратегиа ч танилцууллаа. Зах зээлээ бие даан тэлэхээс эхлээд олон брэндийн хамтын ажиллагаа, цаашлаад Европын автомашин үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллах хүртэл Хятадын брэндүүд гадаад зах зээлд нэвтрэх олон талт арга замыг эрэлхийлж байна.

Хятадын автомашинууд олны анхаарлыг татав
Чан-Ань автомашины групп “Чан-Ань Чиюань”, “Шэньлань Авто”, “Аватр” гэсэн гурван брэндээ авчран үзэсгэлэнд оролцлоо. Эдгээрээс “Чан-Ань Чиюань” Европын зах зээлд анх удаа нэвтэрсэн бол “Аватр T09” загварыг ч дэлхийд анх удаа танилцууллаа. Ийнхүү тус компани дээд зэрэглэлийн тансаг автомашин, залуу хэрэглэгчдэд зориулсан технологийн шийдэл бүхий автомашин, өргөн хэрэглээний гэр бүлийн автомашины зах зээлийг хамарсан бүтээгдэхүүний цувралаа танилцууллаа.
Чан-Ань автомашины группийн ерөнхий менежер Жаофэй:
- Чан-Ань” Европт үндэслэн хөгжиж, орон нутгийн салбарын түншүүдтэй хамтран дэлхийн автомашины үйлдвэрлэлийн хөгжлийг сайжруулахыг зорьж байна гэж хэлэв.
Жили автомашины групп Парисын авто үзэсгэлэнд анх удаа группийн хэмжээнд оролцож, өөрийн харьяа “Жили”, “Линк энд Ко”, “Зийкр” гэсэн гурван брэндийн шинэ эрчим хүчний автомашины бүтээгдэхүүний цувралыг нэг дор танилцууллаа. Статистик мэдээллээр, энэ оны нэгдүгээр сараас есдүгээр сар хүртэл Жили автомашины групп дэлхийн хэмжээнд 2.23 сая гаруй автомашин борлуулсан бөгөөд гадаад зах зээлд экспортолсон автомашины тоо өмнөх оны мөн үеэс 169 хувиар өссөн байна.
Leapmotor автомашины компани Stellantis группийн хамтарсан үзэсгэлэнгийн танхимд хэд хэдэн загварын автомашинаа танилцууллаа. Энэ оны нэгдүгээр сараас есдүгээр сар хүртэл тус компани гадаад зах зээлд нийт 150 мянга гаруй автомашин экспортолж, жилийн экспортын зорилтоо хугацаанаас нь өмнө биелүүлжээ. 2026 оны есдүгээр сарын эцсийн байдлаар “Липмотор” дэлхийн хэмжээнд нийт 1.8 сая гаруй автомашиныг хэрэглэгчдэд хүлээлгэн өгсөн бөгөөд Европ дахь жижиглэн худалдааны цэгүүдийн тоо 1,000 давж, 36 улсыг хамраад байна.
Статистик мэдээллээр, 2026 оны хоёрдугаар улиралд Европын автомашины зах зээл дэх Хятадын брэндүүдийн эзлэх хувь 10.7 хувьд хүрч, өнгөрсөн оны мөн үеийн 5.7 хувиас өссөн байна. Баруун Европын залгадаг хосолмол хөдөлгүүртэй автомашины зах зээлд Хятадын брэндүүдийн эзлэх хувь хоёр жилийн өмнөх мөн үеийн 2.2 хувиас өсөж, 26 хувийг давжээ.
Үзэсгэлэнд автомашины загваруудаа танилцуулахаас гадна, Хятадын автомашин үйлдвэрлэгчид бие даан судалж, хөгжүүлсэн гол технологиудаа ч дэлгэн үзүүллээ. “Чан-Ань” групп “Blue Whale” хосолмол хөдөлгүүрийн систем, “Golden Bell” аккумуляторын батарей болон “Тяньшүү” ухаалаг системээ танилцуулсан бол “Жили” автомашины компани батарей, цахилгаан хөтлөгч систем болон ухаалаг технологио дэлгэн үзүүлэв. Харин Leapmotor автомашины компани бүхэл бүтэн автомашины системийг бие даан судалж, хөгжүүлэх чадавхдаа тулгуурлан, гадаадын автомашин үйлдвэрлэгчдэд автомашины платформ нийлүүлэх чадавхаа үе шаттайгаар бүрдүүлж байна.
Хятадын автомашины борлуулагчдын холбооны мэргэжилтэн Жя Шиньгуан:
- Хятадын брэндүүд бүтээгдэхүүн, технологийн давуу талаараа Европын хэрэглэгчдийн хүлээн зөвшөөрлийг хүртэж байгаа нь Хятадын автомашины үйлдвэрлэлийн салбар олон жилийн турш хуримтлуулсан туршлага, чадавхтай салшгүй холбоотой юм. Хятадын брэндүүдийн тухай хараахан сайн мэдэхгүй байгаа Европын хэрэглэгчдийн хувьд Парисын авто үзэсгэлэн нь автомашин үйлдвэрлэгчид болон борлуулагчидтай шууд харилцах боломж олгож байна. Мөн энэ нь Хятадын автомашин үйлдвэрлэгчид зөвхөн автомашин борлуулахаас зах зээлийг цогцоор нь хөгжүүлж, тэлэх шатанд шилжиж буйн илрэл юм гэж ярилаа.

Үйлдвэрлэл, үйлчилгээг Европт нутагшуулна
Европын зах зээлд нэвтрэх нь зөвхөн эхний алхам юм. Тухайн зах зээлд баттай байр суурь эзлэхийн тулд судалгаа, хөгжүүлэлт, үйлдвэрлэл, борлуулалт болон борлуулалтын дараах үйлчилгээний тогтолцоог цогцоор нь бүрдүүлэх шаардлагатай.
“Чан-Ань” автомашины компани 2001 онд Италид дизайны төвөө байгуулж, улмаар Их Британи, Германд холбогдох багуудаа ажиллуулж эхэлжээ. Өдгөө Европын 15 улсад 350 гаруй үйлчилгээний цэгтэй болж, сэлбэг хэрэгслийн ханган нийлүүлэлтийн тогтолцоогоо боловсронгуй болгосон байна. Мөн 2028 он гэхэд Европ дахь жилийн үйлдвэрлэлийн хүчин чадлаа 180 мянган автомашинд хүргэж, орон нутгийн ажлын байрыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
Leapmotor автомашины компани Европын уламжлалт автомашин үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллах замыг сонгожээ. 2023 онд “Stellantis” групп “Leapmotor”-т хөрөнгө оруулсны дараа хоёр тал хамтран “Leapmotor Интернэшнл” компанийг байгуулж, Хятадаас гадуурх зах зээл дэх үйлдвэрлэл, борлуулалтыг хариуцуулсан байна. “Stellantis” группийн дэлхий даяарх борлуулалт, үйлчилгээний сүлжээг ашигласнаар “Leapmotor” Европ дахь борлуулалтын сувгаа богино хугацаанд өргөжүүлжээ. “Липмотор B10” загварын автомашиныг Испанийн Сарагоса хот дахь үйлдвэрт албан ёсоор үйлдвэрлэж эхэлсэн нь Европт үйлдвэрлэлээ нутагшуулахад гарсан чухал ахиц дэвшил болж байна.
Leapmotor технологийн компанийг үүсгэн байгуулагч Жү Жянмин:
- Хоёр талын хамтын ажиллагаа нь тус бүрийн давуу талыг бүрэн ашиглах боломж олгоно. “Stellantis” групп “Leapmotor”-ын технологийн платформыг ашиглан автомашины шинэ загваруудыг хөгжүүлж, цахилгаанжуулалтын шилжилтээ хурдасгаснаар харилцан ашигтай, хамтдаа хожих үр дүнд хүрэх боломжтой гэж хэллээ.
Жили автомашины компани “Нэг Жили” тогтолцоогоор дамжуулан олон улсын зах зээлд гарах үйл явцаа эрчимжүүлж, судалгаа, хөгжүүлэлт болон ханган нийлүүлэлтийн сүлжээний нөөцөө нэгтгэхийн зэрэгцээ “Жили”, “Линк энд Ко”, “Зийкр” гэсэн гурван брэндээрээ зах зээлийн өөр өөр сегментүүдийг хамарч байна. Мөн “Форд”, “Рено” зэрэг компанитай хамтран ажиллах замаар Европт орон нутгийн нөхцөлд түшиглэсэн үйлдвэрлэл явуулах боломжийг эрэлхийлж, тухайн бүс нутагт дизайн, судалгаа, хөгжүүлэлтийн төвүүдээ байгуулж байна. Ингэснээр гадаадын хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд илүү шуурхай нийцэх зорилготой юм.
GAC автомашины групп Италийн Милан хотод дизайны төв, Нидерландад сэлбэг хэрэгслийн түгээлтийн төв байгуулж, орон нутагт үйлдвэрлэл явуулах болон борлуулалтын дараах үйлчилгээний тогтолцоог бүрдүүлэх ажлыг урагшлуулж байна. Парисын авто үзэсгэлэнд анх удаа оролцож буй “Ли Ауто” компани ч Европт сэлбэг хэрэгслийн түгээлт, замын тусламж үйлчилгээ болон хэрэглэгчдэд үйлчлэх сүлжээгээ байгуулахаар ажиллаж эхэлжээ.
Хятадын автомашины борлуулагчдын холбооны мэргэжилтэн Жүнши хэлэхдээ, Хятадын автомашин үйлдвэрлэгчид автомашинаа экспортлохоос эхлээд тухайн оронд нь үйлдвэрлэл явуулах, үйлчилгээний тогтолцоог бүрдүүлэх чиглэлд шилжиж байна. Европын хувьд орон нутагт үйлдвэрлэл эрхлэх нь ажлын байр бий болгож, татварын орлогыг нэмэгдүүлэхэд тустай. Харин Хятадын компаниудын хувьд худалдааны маргаан, зөрчлийг багасгах, хэрэглэгчдийн туршлагыг сайжруулах, брэндийн нэр хүндийг өсгөхөд ач холбогдолтой.

Хамтын ажиллагаагаар илүү их үр өгөөж хүртэнэ
Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн Европын зах зээлд нэвтрэх зам дардан байгаагүй.
- Хятадын автомашин үйлдвэрлэгчид Европын зах зээлд үйл ажиллагаагаа өргөжүүлэх явцдаа брэндийн нэр хүндийг төлөвшүүлэх, орон нутгийн соёлд нийцэх, технологио хүлээн зөвшөөрүүлэх зэрэг сорилттой тулгарсаар байна. Европын хэрэглэгчид брэндийн олон жилийн түүхэн уламжлал, нэр хүнд, дүр төрхийг чухалчилдаг. Тиймээс Хятадын аж ахуйн нэгжүүд дээд зэрэглэлийн зах зээлд нэвтрлд брэхийн туэндийн сурталчилгаа, соёлын харилцаа, технологийн шинэчлэлийн чиглэлээр тууштай хүчин чармайлт гаргах шаардлагатай байна гэж Жя Шиньгуан хэлэв.
Үүний зэрэгцээ Европын автомашины салбар цахилгаанжуулалтын шилжилтийг эрчимжүүлэх шаардлага, дарамттай тулгарч байна. Хятадын автомашины брэндүүдийн зах зээлд эзлэх хувь тасралтгүй өсөж байгаа нь өрсөлдөөнийг улам ширүүсгэж байгаа ч Хятадын компаниуд батарей, цахилгаан хөдөлгүүр, электрон удирдлагын систем болон автомашины иж бүрэн платформын технологиудыг хэдийнээ боловсронгуй болгосон нь Европын автомашин үйлдвэрлэгчдэд шилжилтээ түргэтгэх хамтын ажиллагааны шинэ боломжийг нээж байна.
Өдгөө Хятад, Европын автомашины салбарын өрсөлдөөн, хамтын ажиллагаа зэрэгцэн гүнзгийрч байна. Хятадын Leapmotor компани Stellantis групптэй, Geely компани Renault болон Ford компанитай, мөн Чан-Ань автомашины компани Европын орон нутгийн түншүүдтэй хамтран ажиллаж буй нь харилцан давуу талаа нөхөж, хамтдаа хөгжих шинэ загварыг эрэлхийлж буй хэрэг юм.
Жили автомашины компани Европын автомашины салбарын “Хамтран бүтээгч” болох зорилт дэвшүүлжээ. Тус компани зөвхөн автомашин борлуулаад зогсохгүй, ажлын байр бий болгож, орон нутгийн үйлдвэрлэлийн хөгжилд хувь нэмэр оруулахыг зорьж байна. Чан-Ань автомашины компани ч гадаад зах зээлд гарах нь зөвхөн бүтээгдэхүүнээ экспортлох төдий зүйл биш бөгөөд тухайн зах зээлд үйлдвэрлэл, үйл ажиллагааны цогц тогтолцоо, экосистемийг бүрдүүлж, харилцан ашигтайгаар хамтдаа хөгжих явдал гэж үзэж байна. Харин Leapmotor компанийн хувьд бүтээгдэхүүний чанар, хэрэглэгчдийн эерэг үнэлгээ нь зах зээлд урт хугацаанд тогтвортой байр суурь эзлэх үндэс юм.
Жүн Шигийн үзэж буйгаар, автомашины салбар нь улс орны эдийн засгийн олон салбартай нягт холбоотой. Европын дотоодын автомашины брэндүүд зах зээлд бат бөх суурьтай. Хятад, Европын автомашины салбарынхан хамтын ажиллагаа, харилцаа холбоо, харилцан ойлголцлоо бэхжүүлж байж л хоёр талын нийтлэг ашиг сонирхлыг дээд зэргээр хангаж чадна.
“Бүтээгдэхүүн борлуулах”-аас эхлээд Европын зах зээлд баттай байр суурь эзлэх, автомашинаа экспортлохоос эхлээд үйлдвэрлэл, үйлчилгээний цогц тогтолцоогоо гадаад зах зээлд нэвтрүүлэх хүртэл Хятадын автомашин үйлдвэрлэгчид Европын зах зээлд хөгжлийн шинэ үе шатыг эхлүүлж байна. Хэдийгээр соёлын ялгаа, брэндийн талаарх ойлголт, орон нутгийн зах зээлд нийцсэн үйл ажиллагаа явуулах зэрэг сорилт тулгарсаар байгаа ч хоёр талын хамтын ажиллагаа улам гүнзгийрэхийн хэрээр Хятад, Европын автомашины салбар харилцан давуу талаа нөхөж, хамтдаа илүү арвин үр дүнд хүрэх боломжтой юм.
Парисын авто үзэсгэлэн бол шинэ эхлэлийн цэг юм. Хятад, Европын автомашины салбарын хамтын ажиллагаа улам өргөжин гүнзгийрч, илүү арвин үр шимээ өгнө гэдэгт найдаж байна.
