solongonews
Ши Жиньпин Оманы Султан Бин Тарик Аль-Саид Хайтамтай хэлэлцээ хийлээ
2026-11-02 16:07

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 11-р сарын 2-ны үдээс өмнө Бээжин дэх Ардын их хурлын ордонд Хятад улсад төрийн айлчлал хийж буй Оманы Султан Бин Тарик Аль-Саид Хайтамтай хэлэлцээ хийлээ.


 Дарга Ши Жиньпин Хятад, Оман хоёр улсын найрамдал нь өнө эртний түүхтэй бөгөөд мянганы туршид бат бөх хадгалагдаж, улам бүр бэхэжсээр ирснийг онцлон тэмдэглэв. Сүүлийн жилүүдэд хоёр улсын улс төрийн харилцан итгэлцэл улам батжиж, харилцан ашигтай хамтын ажиллагаа үр өгөөжөө өгч, уламжлалт найрамдал нь хоёр ард түмний сэтгэл зүрхэнд гүнзгий шингэжээ. Хятад, Оманы харилцааг өргөжүүлэн гүнзгийрүүлэх нь хоёр талын хийсэн стратегийн сонголт бөгөөд хоёр улсын ард түмний нийтлэг хүсэл эрмэлзэлтэй нийцэж байна. Хятад улс Омантай хамтран ажиллаж, хоёр улсын стратегийн түншлэлийг илүү өндөр түвшинд гаргах, улмаар хоёр улсын ард түмэнд илүү их үр өгөөж хүртээж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулахад бэлэн байна гэв.

Ши Жиньпин энэхүү айлчлал нь хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойших 48 жилийн хугацаанд Оманы төрийн тэргүүний Хятад улсад хийж буй анхны айлчлал гэдгийг онцлов. Тэрээр энэхүү хэлэлцээ нь Хятад, Оманы харилцааны түүхэнд чухал хуудас болж, хоёр талын харилцааг хөгжүүлэхэд хүчтэй түлхэц өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Хятад улс Омантай хөгжлийн стратегиа уялдуулан гүнзгийрүүлэхэд бэлэн бөгөөд эрчим хүчний салбарт тогтвортой, найдвартай түнш, хөрөнгө оруулалтын өндөр боломж бүхий түнш, мөн өндөр технологийн инновацын түнш байх болно. Хятад улс эрчим хүчний хамтын ажиллагааг илүү иж бүрэн, олон талт болгохын зэрэгцээ аж үйлдвэр, хөрөнгө оруулалт, хиймэл оюун ухаан, шинжлэх ухаан технологи, ард иргэдийн харилцан солилцооны чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлж, үндэсний хөгжил, сэргэн мандалт, орчин үеийн шинэчлэлийн замд гар гараасаа хөтлөлцөн хамтдаа урагшлахыг зорьж байна. Хоёр тал уламжлалт найрамдлаа үргэлжлүүлэн хөгжүүлж, иргэд хоорондын холбоог бэхжүүлэн, боловсрол, аялал жуулчлал, эрүүл мэнд, хэвлэл мэдээлэл, спорт зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Хятад, Оманы стратегийн түншлэлийн агуулгыг тасралтгүй баяжуулж, тэлэх шаардлагатай байна гэв.


Редактор : Б.САРУУЛ
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл