Сүүлийн үед, Манжуурын төмөр замын боомт дээр хөл хөдөлгөөн ихтэй, ажил өрнүүн байлаа.11-р сарын 2-ны өдөр "шинэ гурван төрлийн бүтээгдэхүүн" (цахилгаан тээврийн хэрэгсэл, лити-ион батерей, нарны зай) болон гэр ахуйн цахилгаан хэрэгсэл зэрэг бараа ачсан Хятад-Европын ачааны галт тэрэгнүүд дохиогоо дуугарган, Ази, Европын олон чиглэл рүү хөдөллөө.

Статистик мэдээллээс үзвэл, энэ оны эхний гурван улиралд, Манжуурын гаалийн байгууллага Манжуурын төмөр замын боомтоор дамжин хийгдсэн 117.86 тэрбум юанийн үнийн дүн бүхий импорт, экспортын худалдаанд хяналт тавьсан нь өмнөх оны мөн үеэс 27.8%-иар өссөн үзүүлэлт боллоо. Энэ нь тус боомтын гадаад худалдааны өсөлтийн эрч хүч үргэлжлэн нэмэгдэж байгааг харуулж байна.
Манжуурын гааль нь боомт дахь байр сууриа ашиглан аж ахуйн нэгжүүдэд чиглэсэн, бодит дэмжлэг үзүүлдэг. Тус байгууллага нь "асуудал шийдвэрлэх" механизмын тусламжтайгаар бизнес эрхлэгчидтэй тогтмол, саадгүй харилцаа холбоог хадгалж, гаалийн бүрдүүлэлтийн үйл явцыг дүрэм журмын дагуу явуулахад нь байнгын зөвлөгөө өгдөг. Түүнчлэн Хятад-Европын чиглэлийн ачаа тээврийн галт тэрэгний буцах тээврийн зардлыг хасах зэрэг таатай бодлогуудыг сурталчлан таниулж, аж ахуйн нэгжүүдэд шинэчлэлийн үр шимийг бүрэн хүртэхэд нь тусалдаг. Үүний зэрэгцээ "Төмөр замын шуурхай бүрдүүлэлт" загварыг үргэлжлүүлэн нэвтрүүлж, урьдчилан цаг товлох замаар гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалт хийх зэрэг хялбарчлах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр ачааны галт тэрэгний логистикийн нийт хугацааг 1-2 хоногоор богиносгосон байна. Гаалийн байгууллага нь “гааль+ төмөр замын салбар+аж ахуйн нэгж”-үүдийн хооронд мэдээлэл солилцох өгөгдлийн сүлжээг бий болгож, уялдаа холбоотой, хамтын ажиллагааны механизмыг хэрэгжүүлэх ажлыг гүнзгийрүүллээ. Энэхүү санаачилга нь ачаа барааны бүрдүүлэлт болон логистикийн мэдээлэл солилцох үйл явцын үр ашгийг дээшлүүлж, ачааны мэдүүлэгт зөрүү гарах, барааг олгох явцад хүндрэл үүсэх зэрэг асуудлыг шуурхай шийдвэрлэх боломжийг бүрдүүлэн, бараа бүтээгдэхүүний хилээр нэвтрэх бүрдүүлэлтийг саадгүй гүйцэтгэх нөхцөлийг хангаж байна.
Өмнө нь эдгээр ачааны галт тэргээр тээвэрлэж буй экспортын бараанд голчлон өдөр тутмын хэрэглээний бараа болон анхан шатны боловсруулалттай бүтээгдэхүүнүүд багтдаг байв. Харин өнөөдөр цахилгаан тээврийн хэрэгсэл, ухаалаг гэр ахуйн цахилгаан хэрэгсэл зэрэг өндөр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний эзлэх хувь тогтмол өсөж байна. Энэ нь тээврийн бүтэц сайжирч, хил дамнасан логистикийн сувгууд улам бүр тогтвортой, үр ашигтай болж буйг илтгэж байна. Одоогоор Манжуурын төмөр замын боомтоор дамжин өнгөрч буй Хятад-Европын ачааны галт тэрэгнүүд Орос, Польш, Бельги зэрэг Европын 13 улсад хүрч байна. Харин Хятад руу чиглэсэн галт тэрэгнүүд Харбинь, Шанхай, Гуанжөү зэрэг Хятад улсын 60 гаруй хотыг холбодог. Тээвэрлэж буй бараа бүтээгдэхүүний нэр төрөл өргөн хүрээтэй бөгөөд үүнд өдөр тутмын хэрэглээний бараа, цахилгаан бараа, бэлэн автомашинаас эхлээд хүнсний тос, барилгын материал хүртэлх зүйлс багтдаг. Үүн дотроос өндөр нэмүү өртөг шингэсэн болон өндөр технологийн бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт онцгой өсөлтийн хандлагатай байна.
"Манжуурын гааль нь гаалийн бүрдүүлэлтийг хөнгөвчлөхөд чиглэсэн шинэчлэлийг үргэлжлүүлэн гүнзгийрүүлж байна. Бид аж ахуйн нэгжүүдэд бодит үр өгөөж өгөх бодлогыг нарийн хэрэгжүүлж, төмөр замын боомтдоо ухаалаг логистикийн хяналтын платформыг ашиглаж байна. Энэ нь нүүрс, бордоо, үр тариа зэрэг гол нэр төрлийн барааны тээвэрлэлт болон газар дээрх хадгалалтын төлөв байдлыг бодит цаг хугацаанд хянах боломжийг олгодог. Гаалийн бүрдүүлэлтийн нөөц бололцоог урьдчилан зохицуулж, хуваарилах замаар бид импорт, экспортын бүх төрлийн барааг шуурхай бүрдүүлж байна" гэж Манжуурын гаалийн харьяа Манжуурын төмөр замын өртөөний гаалийн нэгдүгээр хяналтын хэлтсийн дарга Ван Юань хэлэв.
