solongonews
АПЕК-ийн Гадаад харилцаа, Худалдааны сайд нарын XXXVII уулзалт боллоо 
2026-11-04 11:12

Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага АПЕК-гийн Гадаад харилцаа, Худалдааны сайд нарын XXXVII уулзалт энэ сарын 3-нд Бээжин хотноо цахим хэлбэрээр боллоо. Уулзалтын хамтарсан дарга нар болох ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И болон Худалдааны сайд Ван Вэньтао нар даргалав.
 

Ван И хэлэхдээ, Ши Жиньпин дарга АПЕК-ийн эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ард иргэдийн сайн сайхан амьдралыг нэмэгдүүлэх анхны зорилгыг тууштай баримтлахыг онцолсон. Мөн нээлттэй хөгжлийн явцад боломжоо хуваалцаж, харилцан ашигтай үр дүнд хүрэх, нийтэд хүртээмжтэй, тэгш оролцоог хангасан эдийн засгийн даяаршлыг ахиулах, Ази, Номхон далайн хамтын цогцыг байгуулахыг чухалчилсан. Энэхүү үзэл санаа нь шинэ нөхцөл байдалд Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлийг тодорхойлж өгсөн гэжээ. 

Ван И цааш нь хэлэхдээ, Хятадын тал бүх гишүүнтэй хамтран Ази, Номхон далайн хамтын цогцыг байгуулах үйл хэргийг гүнзгийрүүлэн, бодит үр дүнд хүргэхийн төлөө ажиллахад бэлэн байна гэсэн бөгөөд дараах дөрвөн саналыг дэвшүүлэв. Тухайлбал, нэгдүгээрт, эв нэгдлийн үндсийг бэхжүүлж, хамтын цогцын үзэл санааг хэрэгжүүлэх. Харилцан хүндэтгэлтэй хандаж, эв нэгдэл, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, Ази, Номхон далайн хамтын цогцын үзэл санааг бодит үйл ажиллагаагаар хэрэгжүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, нээлттэй хөгжлийн орчныг бүрдүүлж, бүс нутгийн интеграцын эрч хүчийг хадгалах. Дэлхийн худалдааны байгууллагыг гол цөмөө болгосон олон талт худалдааны тогтолцоог хамгаалж, бүс нутгийн худалдааны зохицуулалтын манлайлах үүргийг ашиглан, Ази, Номхон далайн нээлттэй эдийн засгийг байгуулах шаардлагатай. Гуравдугаарт, инновацийн орчныг хамтран бүрдүүлж, өсөлтийн шинэ хөдөлгөгч хүчийг буй болгох. Бүс нутгийн дижитал болон ухаалаг шилжилтийг түргэтгэж, хамтын ажиллагаа, өсөлтийн шинэ боломжуудыг хөгжүүлэх хэрэгтэй. Дөрөвдүгээрт, хамтын ажиллагааны арга замыг өргөжүүлж, тогтвортой хөгжилд хүрэх. Нийтэд хүртээмжтэй, тэгш оролцоог хангасан зарчмыг баримталж, ногоон, нүүрстөрөгч багатай хөгжлийг дэмжин, эрчим хүч, хүнсний аюулгүй байдлыг хамгаалах шаардлагатай гэв. 


Редактор : Б.САРУУЛ
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл