solongonews
Хүнээс хурдан роботууд яагаад Тайшань уулыг зорив?
2026-11-04 11:31

Тайшань уулын бартаат замаар чулуун шатнууд эцэс төгсгөлгүй үргэлжилнэ. Робот нохой тэрхүү шатаар яг л тэгш газар алхаж буй мэт хөнгөхөн өгсөх бөгөөд түүнийг дагаж яваа инженерүүд туйлдаж байв. Үүнийг харсан нэгэн цахим хэрэглэгч: "Нохой нь урд нь 'таг-таг-таг' гээд хөнгөхөн гүйгээд байхад, араас нь хүн 'аах-аах' хэмээн амьсгаадан хоцрох юм даа" хэмээн хошигножээ.

11-р сарын 2-нд нэгэн хөлт робот тэмцээнд оролцож байгаа нь


Энэ бол Тайшань ууланд робот авируулах анхдугаар тэмцээний хамгийн хөгжилтэй агшин юм.

Хоёр сарын өмнө зохион байгуулагдсан "Хүн дүрст роботын хоёрдугаар наадам"-ын үеэр "Тяньгүн Ultra" робот 100 метрийн зайд 8.64 секундын амжилт үзүүлсэн нь хүний тогтоосон дэлхийн дээд амжилтыг хол давсан үзүүлэлт болсон юм. Үүний араас, 11-р сарын 2-ны өдөр робот тамирчид түүхт Тайшань ууланд хүрэлцэн ирлээ. Эртний уулын цавчим чулуун шатнуудын дунд, орчин үеийн хүн дүрст ухаалаг төлөөлөл болсон эдгээр роботууд өөрсдийн чадварыг сорьж, боловсронгуй болгох шинэ аяллаа эхлүүлэв. Тэд замд тохиолдох саад бэрхшээл, бүдэрч унах сорилт бүрийг даван туулах тусмаа улам бүр хөгжин дэвжих болно. 
 
"Хурдан гүйх" хангалтгүй гэж үү? Роботууд "тогтвортой авирах" сорилтыг өмнөө тавьж байна

Бээжин хотын Ижуангийн хагас марафон болон хүн дүрст роботуудын наадмаас эхлээд эдгээр ухаалаг бүтээлүүд тэмцээний талбараа яагаад заавал Тайшань уулын орой руу чиглүүлэх болов оо? Гол санаа нь, Тайшань уулын авиралтыг ердийн нэг роботын уралдааны "бартаат замын хувилбар" төдийхнөөр хязгаарлан ойлгож болохгүйд оршиж байгаа юм.

11-р сарын 2-нд нэгэн хүн дүрсэт робот тэмцээнд оролцож байгаа нь


Эрт дээр үеэс Тайшань ууланд авирах нь тийм ч амар зүйл байгаагүй бөгөөд хөгжлийнхөө эхэн үед яваа роботын хувьд энэ нь бүр ч хэцүү сорилт юм. Тайшань уулын үзэсгэлэнгийн газрын Захиргааны хорооны дэд дарга Ли Фэн хэлэхдээ, уралдааны зам нь Тайшань уулан дээрх Хунмэнээс Жүнтяньмэнь хүрэх явган хүний замын дагуу үргэлжлэх бөгөөд нийт 3.9 орчим километр урт, 3100 гаруй гишгүүрээс бүрддэг гэв. Үүний дунд, 400 орчим метрийн өндрийн зөрүүтэй, 2.6 километр үргэлжлэх хэсэг бий бөгөөд энэ нь авирахад нэлээд хүндрэлтэй газар юм байна.
 
Гэсэн хэдий ч робот оролцогчид гайхалтай үзүүлбэр үзүүлсэн бөгөөд "Чы Шэньлин Юе" багийн хүн дүрст робот уралдаанд 27 минут 26 секундын амжилтаар ялалт байгууллаа. Бээжингийн Лин И шинжлэх ухаан, технологийн багийн хөлт робот аварга шалгаруулах тэмцээнд 43 минут 41 секундын амжилтаар түрүүллээ. Лин Сычынэн компанийн Линши багийн хөлт робот ачаа тээвэрлэх тэмцээнд 1 цаг 51 минут 29 секундын амжилтаар түрүүллээ.

11-р сарын 2-нд өрсөлдөх роботууд тэмцээний өмнө цугларлаа


3000 гаруй гишгүүр өгсөхдөө робот ямар бэрхшээлүүдийг даван туулах шаардлагатай вэ?

Хэрэв тэмцээний гол шалгуур нь ердөө авиралтын хурд байсан бол роботууд хүмүүсийг ууланд авирахдаа төвөггүй гүйцэж түрүүлэх боломжтой байв.

11-р сарын 2-нд нэгэн хүн дүрсэт робот тэмцээнд оролцож байгаа нь


Зөвхөн хурдтай харьцуулахад, ууланд авирах үед таардаг жинхэнэ, бартаатай газрууд нь роботын ерөнхий чадавхад илүү өндөр шаардлага тавьдаг. Тодруулбал, робот нь зөвхөн зам мөрөө олж, чиглэлээ тодорхойлоод зогсохгүй, хөдөлгөөний нарийн хяналтын тусламжтайгаар шат дамжлага өгсөх зэрэг нарийн нийлмэл үйлдлүүдийг гүйцэтгэх шаардлагатай байдаг.
  
Технологийн хөгжлөөс гадна эдгээр тэмцээн уралдааны үзүүлэх нөлөө, хүртээмж нь биет оюун ухааны (embodied intelligence) талаарх нийгмийн ойлголт, хүлээн зөвшөөрлийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулдаг. Олон нийтийн сүлжээгээр тархсан бичлэгүүдээс үүнийг гэрчлэх олон сонирхолтой бөгөөд хөгжилтэй дүр зургийг харж болно. Тухайлбал, робот ноход энд тэндгүй гүйж, хүн дүрст роботууд хоорондоо хүч үзэн барилдаж байхад, тэднийг бүтээсэн инженерүүд нь араас нь гүйцэх гэж ядарч туйлдсандаа амьсгаадан зогсох агшнууд цахим орчныг хөгжөөж байна.

11-р сарын 2-нд нэгэн хөлт робот тэмцээнд оролцож байгаа нь


Тайшань уулын оройд хүрснийхээ дараа роботуудын дараагийн зогсоол хаана байх вэ?

Ачаа тээвэрлэх энэхүү тэмцээнд хөлт роботуудын зөөсөн зүйлсийн дунд савласан ус, бэлэн гоймон, өндөг, тарвас, халуун сав зэрэг багтсан бөгөөд оролцогчдын өмнө тавигдсан даалгавар нь эдгээр зүйлийг зөвхөн уулын орой руу зөөгөөд зогсохгүй, тэдгээрийг гэмтээлгүй, бүтэн хэвээр нь хүргэх явдал байв.

11-р сарын 2-нд нэгэн хөлт робот тэмцээнд оролцож байгаа нь


Эцсийн дүндээ, тухайн салбарын хөгжлийн боломжийг жинхэнэ утгаар нь тодорхойлдог зүйл бол роботууд бодит амьдрал дээрх асуудлуудыг шийдвэрлэхийн тулд үйлдвэрлэл болон өдөр тутмын амьдралд нэвтрэн орж чадах эсэх явдал юм.
 
Хятадын Мэдээллийн Аж Үйлдвэрийн Хөгжлийн Төв (CCID)-ийн Намын нарийн бичгийн дарга бөгөөд дэд захирал Лю Вэньчян хэлэхдээ:"Ухаалаг роботууд нь 'шинэ чанарын үйлдвэрлэх хүчин'-ий тод жишээ болохынхоо хувьд олон салбарын чадавхыг нэмэгдүүлэх гол хэрэгсэл болж байна. Гол учир нь тэмцээнүүдэд танилцуулагдсан технологиудыг аюулгүй, найдвартай, хэмнэлттэй бөгөөд практик шинэлэг бүтээгдэхүүн болгон хувиргахад оршиж байгаа бөгөөд ингэснээр ухаалаг роботууд нийтийн үйлчилгээний чадавхыг сайжруулах зэрэг салбарт илүү их үүрэг гүйцэтгэх боломж бүрдэх юм”гэв.

11-р сарын 2-нд нэгэн гинжит робот тэмцээнд оролцож байгаа нь


Редактор : Т.Шинэцэцэг
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл