solongonews
БНХАУ-ын аж ахуйн нэгжүүд Монгол Улсад үйл ажиллагаа эрхлэхэд анхаарах зүйлүүд
2026-11-06 10:26

Хятад, Монголын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч буй өнөө үед Монгол Улс ашигт малтмалын нөөц, эрчим хүчний хөгжил, хил дамнасан худалдаа зэрэг салбарын давуу талдаа тулгуурлан БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалт, олон улсын бизнесийн үйл ажиллагаа эрхлэх чухал чиглэлүүдийн нэг болжээ. Үүний зэрэгцээ хоёр улсын хууль эрх зүйн тогтолцоо, зах зээлийн зохицуулалт, бизнесийн үйл ажиллагааны дүрэм журам, маргаан шийдвэрлэх механизм зэрэг талаар тодорхой ялгаа байдаг тул Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагаа явуулах, зах зээлд нэвтрэх, татвар, хөдөлмөр эрхлэлт, оюуны өмч, хил дамнасан худалдаа зэрэг олон талын эрх зүйн эрсдэл тулгардаг.

Иймд Монгол Улсад бизнес эрхлэхтэй холбоотой хууль тогтоомж, дүрэм журам, үйл ажиллагааны бүх үе шатанд хэрэгжих хууль тогтоомжийн нийцэл, эрсдэлийн удирдлагын тогтолцоог бүрдүүлэх нь аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, Хятад, Монголын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Нэг. Монгол Улсын дотоодын зах зээлд нэвтрэх болон үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах хууль тогтоомжийн шаардлага

1. Хөрөнгө оруулалтын зах зээлд нэвтрэх нөхцөл болон аж ахуйн нэгж бүртгэх

БНХАУ-ын аж ахуйн нэгжүүд Монгол Улсад хөрөнгө оруулалт хийхдээ юуны өмнө Монгол Улсын Хөрөнгө оруулалтын тухай хууль, Компанийн тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн зохицуулалтыг нягтлан судалж, бизнесийн зорилго, үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани, төлөөлөгчийн газар болон бусад зохион байгуулалтын хэлбэрээс сонгох шаардлагатай.

Ялангуяа гадаадын хөрөнгө оруулалтын хувьцааны хэмжээ, дүрмийн сангийн хэмжээ, хувьцаа эзэмшигчид тавигдах шаардлага, өмчлөгчийн бүртгэл болон тухайн салбарт мөрдөгдөх зах зээлд нэвтрэх хязгаарлалт, нөхцөлийг анхаарч үзэх нь зүйтэй. Уул уурхай, санхүү зэрэг онцлох салбарт үйл ажиллагаа эрхлэхээр төлөвлөж байгаа тохиолдолд холбогдох зөвшөөрөл, урьдчилсан хяналт, баталгаажуулалтын шаардлагыг урьдчилан нягтлан тодруулах шаардлагатай. Ингэснээр аж ахуйн нэгж байгуулах ажиллагаа болон тусгай зөвшөөрлийн шаардлага хангагдаагүйгээс төсөл хэрэгжихэд саад учрах эрсдэлээс сэргийлнэ.

2. Импорт, экспортын худалдаа болон гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилт

Аж ахуйн нэгжүүд Монгол Улсын гаалийн хууль тогтоомж болон импорт, экспортын удирдлага, зохицуулалттай холбоотой дүрэм журмыг сайтар судалж, барааны нэр төрөл, тоо хэмжээ, үнэ, гарал үүсэл болон барааны ангиллыг үнэн зөв мэдүүлэхийн зэрэгцээ гаалийн бүрдүүлэлт, хорио цээрийн хяналт, холбогдох зөвшөөрөл авах ажиллагааг хуульд заасан журмын дагуу гүйцэтгэх шаардлагатай.

Хил дамнасан цахим худалдаа болон хилийн худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн хувьд худалдах, худалдан авах гэрээ, тээвэрлэлтийн баримт бичиг, төлбөр тооцооны нотлох баримтыг бүрэн бүрдүүлж, хадгалах нь чухал. Ингэснээр бараа бүтээгдэхүүний мэдүүлэг зөрүүтэй байх, ачаа бараа гааль дээр саатах, захиргааны хариуцлага хүлээх зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой.

3. Татварын хууль тогтоомжийн хэрэгжилт болон хил дамнасан татварын зохицуулалт

Аж ахуйн нэгжүүд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, суутган төлөх татвар зэрэг татварын үүргээ хуульд заасны дагуу биелүүлэх шаардлагатай. Үүний зэрэгцээ байнгын төлөөлөгчийн газар гэж үзэх шалгуур, харилцан хамаарал бүхий этгээдүүдийн хоорондын хэлцлийн үнэ тогтоох зарчим, хил дамнасан үйлчилгээний төлбөр шилжүүлэх, давхар татвар ногдуулахгүй байх тухай хэлэлцээрийг хэрэглэх зэрэг асуудалд онцгой анхаарах хэрэгтэй.

Хөрөнгө оруулалтын бүтэц болон арилжааны хэлцлийн загварыг оновчтой төлөвлөх замаар давхар татвар ногдуулах эрсдэлийг бууруулж болох боловч татварын үүргээс зайлсхийх зорилготой үндэслэлгүй зохицуулалт хийхийг хориглоно.

4. Хөдөлмөр эрхлэлт болон хил дамнасан хөдөлмөр хүчний зохицуулалт

Аж ахуйн нэгжүүд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн холбогдох дүрэм журмыг чанд мөрдөж, ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулан, цалин хөлс олгох, ажлын цаг, амралт, чөлөө, нийгмийн даатгал, хөдөлмөрийн харилцааг цуцлах зэрэг асуудлыг гэрээнд тодорхой тусгах шаардлагатай.

БНХАУ-ын ажилтнуудыг Монгол Улсад томилон ажиллуулах тохиолдолд холбогдох виз, хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл болон оршин суух зөвшөөрлийг урьдчилан бүрдүүлэх хэрэгтэй. Ингэснээр хууль бусаар хөдөлмөр эрхлүүлэх болон хөдөлмөрийн маргаан үүсэх эрсдэлээс сэргийлнэ.

5. Оюуны өмчийг хамгаалах

Аж ахуйн нэгжүүд Монгол Улсын зах зээлд нэвтрэхээсээ өмнө барааны тэмдэг, патент болон бусад холбогдох оюуны өмчийн эрхийг бүртгүүлэх, хамгаалуулах арга хэмжээг цаг тухайд нь авах шаардлагатай. Ингэснээр барааны тэмдгийг урьдчилан дур мэдэн бүртгүүлэх, технологийн ололт, үр дүнг хууль бусаар ашиглах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой.

Үүний зэрэгцээ технологийн хамтын ажиллагаа, тоног төхөөрөмж худалдан авах болон арилжааны төлөөлөгчийн гэрээнд оюуны өмчийн эрхийн эзэмшил, ашиглах зөвшөөрлийн хүрээ, нууц хадгалах үүргийг тодорхой тусгах шаардлагатай.

6. Өгөгдөл болон мэдээллийн хууль тогтоомжийн нийцэл

Хил дамнасан цахим худалдаа, дижитал эдийн засаг хөгжиж буйтай холбоотойгоор аж ахуйн нэгжүүд Монгол Улсын хувийн мэдээллийг хамгаалах болон кибер аюулгүй байдлын чиглэлийн хууль тогтоомжийн шаардлагыг онцгой анхаарах хэрэгтэй.

Хэрэглэгч, ажилтны хувийн мэдээлэл болон арилжааны мэдээллийг цуглуулах, хадгалах, боловсруулах, хил дамнан дамжуулахдаа хуульд заасан шаардлагын дагуу шаардлагатай зөвшөөрөлийг авч, мэдээлэлд нэвтрэх эрхийн хяналт, өгөгдөл шифрлэх болон мэдээллийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай. Эс бөгөөс мэдээлэл алдагдах, мэдээллийг хууль бусаар боловсруулахтай холбоотойгоор хууль зүйн хариуцлага хүлээх эрсдэлтэй.

7. Нийлүүлэлтийн сүлжээний хууль тогтоомжийн нийцэл болон авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх

Аж ахуйн нэгжүүд Монгол Улсын дотоодын хамтрагч, зуучлагч, ханган нийлүүлэгчдэд нягтлан шалгах ажиллагаа явуулж, тэдгээрийн үйл ажиллагаа эрхлэх эрх, зөвшөөрөл, бодит өмчлөгч, бодит хяналт хэрэгжүүлэгч этгээд болон бизнесийн нэр хүндийг нягтлан тогтоох шаардлагатай.

Худалдан авалт, тендер шалгаруулалт болон төрийн байгууллагын төсөл, хөтөлбөрт хамтран оролцохдоо ашиг сонирхлын зөрчлийг мэдүүлэх, зардал төлбөрийг хянах, арилжааны авлига, хээл хахуулиас урьдчилан сэргийлэх дотоод журам, тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй. Ингэснээр гуравдагч этгээдийн хууль бус үйл ажиллагаанаас үүдэн өөрсдөд нь шууд болон шууд бусаар хариуцлага үүсэх эрсдэлээс сэргийлнэ.

Хоёр. Монгол Улсын голлох салбаруудад хамаарах тусгай эрх зүйн эрсдэл

1. Уул уурхайн хөрөнгө оруулалт болон ашигт малтмалын нөөц ашиглалт

Уул уурхай нь Хятад, Монголын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чухал салбаруудын нэг боловч хөрөнгө оруулалтын хугацаа урт, хянатл шалгалт өндөр, байгаль орчны хариуцлага ихтэй салбар юм.

Иймд аж ахуйн нэгжүүд ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх зүйн байдал, газар ашиглалт, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчныг нөхөн сэргээх үүргийг нарийвчлан шалгаж, судлах шаардлагатай.

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын төсөл хэрэгжүүлэх тохиолдолд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид заасан байгалийн баялгийн эзэмшил, ашиглалтын эрхийн зохицуулалт болон төрийн оролцооны механизмыг онцлон анхаарах хэрэгтэй. Ингэснээр төрийн бодлого, зохицуулалтын өөрчлөлт, тусгай зөвшөөрлийн эрх зүйн зөрчил, байгаль орчны хариуцлагаас үүдэн их хэмжээний хохирол амсах эрсдэлээс сэргийлнэ.

2. Инженерийн зураг төсөл, худалдан авалт, барилга угсралтын ажил (EPC/ерөнхий гүйцэтгэгчийн гэрээ)

БНХАУ-ын аж ахуйн нэгжүүд Монгол Улсад дэд бүтэц, эрчим хүчний салбарын төсөл хэрэгжүүлэх, барилга угсралтын ажил гүйцэтгэхдээ төслийн баталгаажуулалт, газрын ашиглалт, барилгын ажлын зөвшөөрөл, инженерийн байгууламжийн чанарын стандарт болон ажиллах хүчний удирдлагын шаардлагыг нарийвчлан судлах шаардлагатай.

EPC буюу зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж худалдан авах, барилга угсралтын ажлыг цогцоор нь гүйцэтгэх гэрээнд зураг төсөл, худалдан авалт, барилга угсралт, хүлээлгэн өгөх, төлбөр тооцоо, ажлын хугацаа хэтрэх, давагдашгүй хүчин зүйл болон гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд хүлээх хариуцлагыг тодорхой тусгах хэрэгтэй.

Мөн валютын ханшийн хэлбэлзэл, төрийн бодлого зохицуулалтын өөрчлөлт, хил дамнасан тээвэр ложистикийн тасалдал зэрэг эрсдэлийг гэрээнд зохистой байдлаар тусгаж, эрсдэлийг хуваарилах шаардлагатай.

3. Бараа бүтээгдэхүүний худалдаа болон хил дамнасан цахим худалдаа

Аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүний чанар, стандарт, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, бүтээгдэхүүний шошго, борлуулалтын дараах үйлчилгээ болон цахим худалдааны холбогдох дүрэм журмыг сайтар мөрдөх шаардлагатай.

Урт хугацааны худалдааны хамтын ажиллагааны хувьд бараа нийлүүлэх нөхцөл, бараатай холбоотой эрсдэл шилжих үе шат, төлбөрийн нөхцөл, гэрээний үүрэг зөрчсөн тохиолдолд авах арга хэмжээ болон гэрээнд хэрэглэх хууль тогтоомжийг тодорхой заах нь зүйтэй. Ингэснээр гэрээний нөхцөл тодорхой бус байх, худалдааны дүрэм журмыг буруу ойлгох зэргээс үүдэлтэй маргаан, зөрчлөөс сэргийлнэ.

4. Бусад өндөр эрсдэлтэй салбар

Эрчим хүч, тээвэр, санхүү, өгөгдөл боловсруулах болон мэдээллийн үйлчилгээ зэрэг салбарт үйл ажиллагаа эрхлэхдээ аж ахуйн нэгжүүд тухайн салбарын онцлогт нийцүүлэн тусгайлсан хууль тогтоомжийн нийцлийн шалгалт, үнэлгээ хийх шаардлагатай.

Үүнд захиргааны зөвшөөрөл, байгаль орчныг хамгаалах шаардлага, хөрөнгийн хил дамнасан шилжүүлэг болон тухайн салбарын хяналтын шаардлагыг голлон анхаарах хэрэгтэй. Ердийн арилжааны үйл ажиллагаанд хэрэглэдэг туршлага, арга барилыг тусгай зохицуулалттай салбарт шууд хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй.


Редактор : Б.ХУРЦ
Зохиогч: Билигт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл