Дэлхийн хэвлэл мэдээллийн VII дээд хэмжээний уулзалтын хүрээнд зохион байгуулсан «Хиймэл оюун ухаан ба Хятадын онцлогтой орчин үеийн шинэчлэл» форум 5-ны өдөр Бээжин хотноо боллоо.
Хятадын болон гадаадын хэвлэл мэдээлэл, судалгааны байгууллага, төрийн албан байгууллагын зочид төлөөлөгчид «Хиймэл оюун ухаан + дэлхийн харилцаа, мэдээллийн засаглалын шинэ нийтлэг ойлголт» сэдвээр санал солилцож, хиймэл оюун ухааны эрин үед хэвлэл мэдээллийн байгууллагууд хэрхэн өөрчлөлтөд дасан зохицож, боломжийг ашиглан, сорилтыг хамтдаа даван туулах талаар хэлэлцэв.

Дэлхийн хэвлэл мэдээллийн VII дээд хэмжээний уулзалтын «Хиймэл оюун ухаан ба Хятадын онцлогтой орчин үеийн шинэчлэл» форумын үйл ажиллагааны үеэр. Зураг:Синьхуа агентлагийн сэтгүүлгч Жан Чэньлинь
Синьхуа агентлагийн дэд дарга Хүө Шяогуан нээлтийн үеэр үг хэлэхдээ, хиймэл оюун ухааны хөгжлийн давалгааны өмнө дэлхийн уламжлалт голлох хэвлэл мэдээллийн байгууллагууд өргөн хүрээтэй өөрчлөлттэй тулгарч байна. Шинэ мэдээллийн орчинд өрсөлдөөний шинэ давуу талаа бий болгохын тулд Хятадын голлох хэвлэл мэдээллийн байгууллагууд системчилсэн шинэчлэл хийж байна хэмээн онцлов.
Тэрээр мөн Синьхуа агентлаг нь бүх талтай хамтран хэвлэл мэдээллийн байгууллагуудын олон нийтийн итгэлийг хамгаалж, технологийн ололт амжилтыг нийтэд хүртээмжтэй, тэгш хуваалцахыг дэмжиж, өөр өөр соёл иргэншлийн харилцан ойлголцол, найрсаг харилцааг бэхжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

«Дүрс бичлэгээр шинэ хуудсыг нээж, ухаалаг технологиор ирээдүйг бүтээх нь — Хиймэл оюун ухааны эрин үеийн гар утасны дүрс бичлэгийн инновац ба хэвлэл мэдээллийн өөрчлөлт» сэдэвт дугуй ширээний хэлэлцүүлгийн үеэр. Зураг:Синьхуа агентлагийн сэтгүүлгч Тяньюй
Нигерийн Ерөнхийлөгчийн ордны мэдээлэл, стратегийн асуудал эрхэлсэн тусгай зөвлөх бөгөөд Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Байо Онаунуга хэлэхдээ, «Бид хиймэл оюун ухааны өргөн хүрээтэй нөлөөллийг цаашид үл тоомсорлож чадахгүй. Түүний нөлөөллийн ихэнх нь эерэг байна. Хэрэв бид чулуун зэвсгийн үе рүү буцахыг хүсэхгүй л бол энэ чиг хандлагатай нүүр тулахаас өөр аргагүй» хэмээн тэмдэглэв.

Дэлхийн хэвлэл мэдээллийн VII дээд хэмжээний уулзалтын «Хиймэл оюун ухаан ба Хятадын онцлогтой орчин үеийн шинэчлэл» форумын үйл ажиллагааны үеэр. Зураг:Синьхуа агентлагийн сэтгүүлгч Тяньюй
Форумд оролцогчид хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтнүүд нийтлэг ойлголтоо бэхжүүлж, нээлттэй, хүртээмжтэй байдлыг эрхэмлэн соёл иргэншил хоорондын яриа хэлэлцээг дэмжихийн зэрэгцээ ухаалаг технологийг ашиглан хэвлэл мэдээллийн мэдээ, мэдээллийг илүү үнэн зөв, шударга, эрх мэдэл бүхий, найдвартай болгохыг уриалав.

Хуралд оролцогчид роботыг ажиллуулж, туршиж үзэж байна. Зураг:Синьхуа агентлагийн сэтгүүлгч Жан Чэньлинь
Форумын үеэр «Дэлхийн анхны биомиметик хүн дүрст робот мэдээний хөтлөгч» албан ёсоор олон нийтэд танилцуулагдав. Үүний зэрэгцээ «Синьхуа агентлагийн хиймэл оюун ухааны аж үйлдвэрийн холбоо (Бээжин дэх салбар төв)»-ийг байгуулах гэрээнд гарын үсэг зурах ёслол болон «Мобайл мэдээний дүрс бичлэгийн технологи ба үнэн зөв байдлын стандартын судалгаа» төслийн нээлтийн ёслол тус тус боллоо.
Тус форумыг Синьхуа агентлаг болон Бээжин хотын Ардын засгийн газар хамтран зохион байгуулав.

Хуралд оролцогчид сансар судлалын сэдэвт өргөн орон зайн VR шинжлэх ухаан, танин мэдэхүй, шинжлэх ухааны уран зөгнөлт жүжгийг туршин үзэж байна. Зураг:Синьхуа агентлагийн сэтгүүлгч Жан Чэньлинь
