solongonews
Ши Жиньпин Габоны Ерөнхийлөгч Нгематэй хэлэлцээ хийв
2026-11-07 09:42
Ши Жиньпин Габоны Ерөнхийлөгч Нгематэй хэлэлцээ хийв

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 11-р сарын 6-ны үдээс хойш Бээжингийн Ардын их хурлын ордонд Хятадад төрийн айлчлал хийж буй Габоны Ерөнхийлөгч Брайс Клотайр Олигуи Нгуематэй хэлэлцээ хийлээ. Хоёр удирдагч хоёр талын харилцааг “шинэ эрин үеийн Хятад, Габоны хувь заяаны хамтын цогц” болгон ахиулснаа зарлав.
 
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Габоны уламжлалт найрамдал олон жилийн түүхтэй бөгөөд хоёр орны үе үеийн удирдагчдын үүсгэн байгуулж, нямбайлан хөгжүүлсэн харилцаа болох юм. Хоёр улс эрх тэгш харилцаж, бие биеэ дэмжин, хамтдаа хөгжих зарчмыг баримталж ирсэн бөгөөд олон улсын нөхцөл байдлын сорилтыг даван туулж, харилцаагаа бат бөх хэвээр хадгалж ирсэн юм гэжээ.
 
Өдгөө дэлхий ертөнцөд сүүлийн зуун жилд тохи
огоогүй өөрчлөлт хурдацтай өрнөж байна. Хятад улс Хятадын онцлогтой шинэчлэлээр хүчирхэг улс байгуулж, үндэстнээ сэргээн мандуулах үйлсийг бүх талаар урагшлуулж байгаа бол Габон улс хөгжиж, сэргэн мандах шинэ үе шатанд оржээ. Хятад, Габоны харилцааг улам гүнзгийрүүлэх нь хоёр орны ард түмний хамтын хүсэл эрмэлзэлд нийцэхийн зэрэгцээ дэлхийн өмнөдийн орнууд эв нэгдлээ бэхжүүлж, хамтдаа хүчирхэгжих чиг хандлагатай нийцэж байна. Хятад улс Габоны бие даасан хөгжлийн найдвартай найз, түнш байж, тус улсын улс төр, эдийн засаг, гадаад бодлогын бие даасан байдлыг дэмжин, шинэ эрин үеийн Хятад, Габоны хувь заяаны хамтын цогцыг хамтран байгуулахад бэлэн байна гэжээ.

Ши Жиньпин мөн хоёр орны эдийн засаг харилцан нөхөх давуу талтай, хамтын ажиллагааны асар их нөөцтэйг онцлоод, хөгжлийн стратегиа уялдуулж, хамтын ажиллагааны шинэ өсөлтийн чиглэлүүдийг буй болгохыг онцлов. Түүнчлэн “тэг тариф” болон Африкийн хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүнийг Хятадад нэвтрүүлэх “ногоон гарц”-ын шинэ боломжийг ашиглан, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлж, шинэ шатанд гаргаж, Габоны үйлдвэрлэл, ажлын байр, иргэдийн амьжиргааг сайжруулан, эдийн засгаа бие даан хөгжүүлэх чадавх нь дээшлүүлнэ. Хятад улс Габоныг олон улс, бүс нутгийн үйл хэрэгт илүү чухал үүрэг гүйцэтгэхийг дэмжиж, солилцоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлэн, илүү сайн сайхан дэлхий ертөнцийг хамтдаа байгуулахад бэлэн байна гэжээ.
 
Нгема Хятад, Габоны найрамдал хагас зуу гаруй жилийн түүхтэй бөгөөд стратегийн харилцан итгэлцэл хоёр орны түншлэлийн үндэс болсоор ирснийг тэмдэглэв. Дэд бүтэц, эрчим хүч, эрүүл мэнд, боловсрол, мэргэжлийн сургалт зэрэг салбарын эрч хүчтэй хамтын ажиллагаа Габоны эдийн засгийг төрөлжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж, иргэдийн амьжиргааг сайжруулсан байна. Габоны тал “Нэг Хятад”-ын зарчмыг тууштай баримтална гэв.

 
Мөн Хятадтай бодит хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлж, Хятадын олон аж ахуйн нэгжийг Габонд хөрөнгө оруулж, бизнес эрхлэхийг урьж байгаагаа илэрхийллээ. Энэ нь Габоныг аж үйлдвэржүүлж, тогтвортой хөгжүүлэхэд дэмжлэг болно. Хятад улс Африктай харилцан ашигтай, хамтын үр өгөөжтэй түншлэл байгуулсан. “Тэг тариф”-ын бодлого нь Африкийн орнуудын хэрэгцээ шаардлагад нийцэж, бүтээгдэхүүнээ Хятадын томоохон зах зээлд гаргах боломж олгож байгаа нь Африкийн хөгжилд түүхэн ач холбогдолтой юм гэж Нгема хэлэв.

 
Тэрээр Хятад улс олон талт үзлийг дэмжиж, олон улс, бүс нутгийн асуудлаар шударга, тэгш байр суурь баримталж байгааг өндрөөр үнэлээд, Хятадтай нягт уялдаа холбоотой ажиллаж, Хятад, Африкийн эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлэн, дэлхийн өмнөдийн орнуудын эрх ашгийг хамтран хамгаалахад бэлэн байгаагаа илэрхийлэв.


Редактор : Б.САРУУЛ
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл