solongonews
Хятад, Монгол, Оросын залуу жүдочид Эрээнд өрсөлдөж байна
2026-11-08 08:13

Спортоор гүүр болгож иргэдийн сэтгэлийг холбосон, 2026 оны "Бүс ба Зам" санаачилгын хүрээн дэх Олон нийтийн спортын цуврал арга хэмжээ болох Залуучуудын жүдо бөхийн нээлттэй тэмцээн 11-р сарын 6-нд эхэллээ.Тэмцээнд Хятад, Монгол, Орос улсын 420 залуу жүдоч хилийн боомт хотод цугларч, ур чадвараа сорин, нөхөрлөлөө бэхжүүллээ. Түүнчлэн тэд жүдо бөхийн спортоор дамжуулан "Бүс ба Зам" санаачилгад нэгдсэн бүс нутгуудын залуучууд хоорондын соёл, хүмүүнлэг, спортын харилцаа, солилцоог улам гүнзгийрүүлж байна. 
 
Гурван улсын залуучууд спортын талбайд төдийгүй талбайн гадна ч идэвхтэй харилцан ярилцаж, бие биеэсээ суралцаж байлаа. Тэд хэлний бэрхшээлийг даван туулж, тэмцээн уралдааны хүрээнээс хальсан чин сэтгэлийн нөхөрлөлийг бүтээж чадсан юм. Энэ нь өнөөгийн залуу үеийнхний өөртөө итгэлтэй, эрч хүчтэй, нээлттэй бөгөөд хүлээцтэй зан чанарыг тод томруун харуулсан үйл явдал болов.


Монгол Улсын тамирчин Борилбат: "Би Эрээн хотод эрт ирж, орон нутгийн клубтэй хамт бэлтгэл хийсэн. Миний бие 120 кг-ын жинд өрсөлдөх бөгөөд тэмцээнд оролцож буй нийт тамирчдадаа өндөр амжилт хүсье" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Тэмцээн нь гурван өдрийн турш үргэлжлэх бөгөөд U12, U14, U16, U18 гэсэн насны дөрвөн ангилалтай. Мөн тамирчдыг биеийн жингээр нь нарийвчлан ангилж, өрсөлдөөнийг улам сонирхолтой болгожээ.

Тус тэмцээн нь жүдо бөхийн албан ёсны дүрмийг чанд мөрдөхийн зэрэгцээ тамирчдын ур чадварыг сорих, уг спортыг олон нийтэд сурталчлах зорилгыг хослуулж байгаагаараа онцлог юм. Энэхүү арга хэмжээ нь гурван улсын залуу жүдочдод чансаа өндөр өрсөлдөөнд оролцох, харилцан туршлага солилцох шударга, эмх цэгцтэй, нээлттэй бөгөөд эрх тэгш талбарыг бүрдүүлж өгчээ.


Хятадын тамирчин Хэ Цянь: "Энэ тэмцээний уур амьсгал үнэхээр сайхан байна. Монгол, Оросын тамирчидтай мөр зэрэгцэн өрсөлдөж байгаадаа туйлын баяртай байгаа бөгөөд дараагийн шатанд шалгарна гэдэгтээ итгэлтэй байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

2026 оны "Бүс ба Зам" санаачилгын хүрээн дэх олон нийтийн спортын солилцооны цуврал арга хэмжээний салшгүй хэсэг болохын хувьд, энэхүү тэмцээн нь тус боомтын газар зүйн өвөрмөц давуу талыг ашиглаж байна. Үүгээр дамжуулан хил дамнасан спортын солилцооны өвөрмөц брэндийг тасралтгүй хөгжүүлж, улам бүр төгөлдөржүүлж байгаа юм.


Тус арга хэмжээ нь зөвхөн спортын тэмцээн уралдаанаар хязгаарлагдахгүй, Хятад, Монгол, Орос улсын хөрш зэргэлдээ бүс нутгуудын спортын харилцааг өргөжүүлэх, иргэд хоорондын дотно харилцааг бэхжүүлэх гүүр болж байна. Гурван улсын залуучууд, дасгалжуулагчид болон спортын мэргэжилтнүүдийн тогтмол хэлхээ холбоог дэмжсэнээр, энэхүү санаачилга нь хил дамнасан хамтын ажиллагааны сувгийг тэлж, ард иргэдийн найрамдалт харилцааг улам гүнзгийрүүллээ. Ингэснээр спорт нь хүмүүсийг холбох, харилцан ойлголцлыг бэхжүүлэх хүчирхэг талбар болон хувирч, "Бүс ба зам" санаачилгын хамтын хөгжил болон бүс нутгийн интеграцад залуу үеийн эрч хүч, спортын урам зоригийг тасралтгүй сэлбэж байна.


 


Редактор : Т.Шинэцэцэг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл