solongonews
Залуучуудын “чөлөөт цаг”
2026-11-09 14:35

Залуучуудын чөлөөт цагийн соёлын амьдралыг баяжуулж, харилцан танилцаж, хөгжиж дэвших боломжтой платформ бүрдүүлэх зорилгоор Тунляо хот 18–40 насны залууст зориулсан үнэ төлбөргүй оройн сургалтыг зохион байгуулж байна. Тус сургалтаар гоо сайхны будалтын анги, хотын амьдралын стрессийг тайлах анхан шатны йогийн анги, нэвтрүүлэгч, хөтлөгчийн ярианы ур чадварын анги гэсэн гурван төрлийн онцлог хөтөлбөрийг санал болгосон байна.

Гоо сайхны будалтын хичээлээр мэргэжлийн багш суурь будалт хийх, хөмсөг болон нүдний будалтыг зөв тохируулах зэрэг өдөр тутамд хэрэглэх аргыг нэг бүрчлэн заадаг.

Йогийн хичээлээр намуухан хөгжим эгшиглүүлж, багшийн зааврын дагуу залуус мөр, хүзүүний булчингаа сунган, бие сэтгэлээ тайвшруулж, амьсгалын дасгалын тусламжтайгаар ажлын стрессээ тайлж байна.

Харин нэвтрүүлэгч, хөтлөгчийн ярианы ур чадварын хичээлээр багш амьсгалын хяналт, үгийн дуудлага, дуу авиа гаргах зэрэг үндсэн чадвараас эхлэн зааж, нөхцөл байдлын дүрд тоглох, шууд илтгэн ярих зэрэг дасгалаар дамжуулан залуусын өөрийгөө илэрхийлэхэд тулгардаг бэрхшээлийг даван туулахад тусалж, харилцааны өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлж байна.
 
Тунляо хотын залуусын оройн сургууль нь олон нийтэд
үйлчлэх үндсэн чиглэлээ тууштай баримталж, бүх сургалтаа үнэ төлбөргүй явуулдаг байна. Хичээл зааж буй багш нар нь тухайн салбартаа мэргэшсэн мэргэжилтнүүд, эсвэл олон жилийн туршлагатай сонирхогчид бөгөөд сургалтын чанарыг хангаж байгаа аж. Үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш тус сургууль залуусын дунд ихээхэн эрэлттэй болж, сургалтад бүртгүүлэх хүсэлтэй хүмүүсийн тоо тасралтгүй нэмэгдсээр байгаа бөгөөд “чөлөөт цаг”-ийн амьдралын шинэ сонголт болсон байна.



Редактор : Б.ХУРЦ
Сэтгүүлч : Жан Жүхай, Жан Шиньюэ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл