БНХАУ, Монгол Улсын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй өргөжин хөгжихийн хэрээр БНХАУ-ын олон аж ахуйн нэгжүүд Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх, бизнес эрхлэх, худалдаа болон барилгын төслийн хамтын ажиллагаанд оролцох болж байна. Гэвч хоёр улсын хууль эрх зүйн тогтолцоо, хяналт зохицуулалтын журам, шаардлагын хооронд мэдэгдэхүйц ялгаа байдаг бөгөөд хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотой эрсдэл нь зах зээлд нэвтрэх, ажиллах хүч авах, бараа бүтээгдэхүүнийг гаалиар нэвтрүүлэх зэрэг олон үе шатанд далд хэлбэрээр оршиж байдаг. Монгол Улсад үйл ажиллагаа эрхлэхдээ хууль тогтоомж, холбогдох зохицуулалтын шаардлагыг урьдчилан хангах нь нэн чухал юм. БНХАУ, Монгол Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бодит нөхцөлд тулгуурлан БНХАУ-ын аж ахуйн нэгжүүд Монгол Улсад үйл ажиллагаа эрхлэхэд анхаарах комплаенсын гол асуудлуудыг нэгтгэн танилцуулж, Монгол Улсад бизнес эрхлэхээр зорьж буй аж ахуйн нэгжүүдэд эрх зүйн лавлагаа, практик зөвлөмж хүргэж байна.
Нэг. Монгол Улсад хөрөнгө оруулах, аж ахуйн нэгж байгуулахтай холбоотой комплаенсын шаардлага
1. Монгол Улсад хөрөнгө оруулах, зах зээлд нэвтрэх
Хууль эрх зүйн хүрээ: Монгол Улсын Хөрөнгө оруулалтын тухай хууль болон холбогдох салбарын зах зээлд нэвтрэх тусгай зохицуулалтыг судалж, гадаадын хөрөнгө оруулалтыг хориглосон болон хязгаарласан салбар, үйл ажиллагааны чиглэлийг судлах.
Хөрөнгө оруулагч болон аж ахуйн нэгжийн эрх зүйн байдал: Гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани, хамтарсан компани, төлөөлөгчийн газар зэрэг тохиромжтой зохион байгуулалтын хэлбэрийг сонгож, улсын бүртгэлд бүртгүүлэх, холбогдох мэдэгдэл, мэдээлэл хүргүүлэх, өөрчлөлт оруулах, татан буулгах үйл явц, шаардлагыг сайтар судлах.
Тусгай зөвшөөрөл шаарддаг салбар: Уул уурхай, барилга, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо зэрэг салбарт тусгай зөвшөөрөл авах, эсхүл холбогдох байгууллагад бүртгүүлэх шаардлага тавигддаг тул зөвшөөрөл авах хугацаа болон санхүүжилтийн төлөвлөгөөг урьдчилан боловсруулах.
Практик зөвлөмж: Монгол Улсад хууль зүйн болон аж ахуйн нэгжийн комплаенсын асуудлыг хариуцсан харилцах цэг, мэргэжлийн баг бүрдүүлж, хөрөнгө оруулалтын өмнөх магадлан шалгалт, хувьцаа эзэмшлийн бүтэц, хувьцаа эзэмшигчдийн мэдээллийг хууль тогтоомжийн дагуу ил тод тайлагнах зэрэг ажлыг зохих ёсоор хэрэгжүүлэх.
2. Импорт, экспортын худалдаа болон гаалийн бүрдүүлэлтийн комплаенс
Гаалийн мэдүүлэг, хорио цээрийн хяналт, шалгалт: Монгол Улсын гаалийн мэдүүлэг гаргах журам, барааны ангилал, гарал үүслийн гэрчилгээ, хорио цээрийн шаардлага болон хяналт, шалгалтын холбогдох журмыг сайтар судлах.
Эрсдэл өндөртэй үе шат: Барааны гарал үүслийн гэрчилгээ, импортын квот, гаалийн тарифын хөнгөлөлт (чөлөөт бүс болон хоёр талын хэлэлцээрээр олгосон хөнгөлөлт зэрэг)-ийн нөхцөл, шаардлагыг урьдчилан нягталж баталгаажуулах.
Маргаан шийдвэрлүүлэх болон эрхээ хамгаалуулах: Гаалийн байгууллагатай холбоотой маргаан шийдвэрлэх журам, зөрчлийг сайн дураар ил тод мэдээлэх, гомдол гаргах болон холбогдох эрх бүхий байгууллагад хандах боломж, журмыг судалж, хэвийн бус нөхцөл байдал үүссэн тохиолдолд шуурхай харилцаж, хуульд заасан арга замаар эрхээ хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх.
3. Татварын комплаенс болон хил дамнасан татварын зохицуулалт
Татварын тогтолцооны ерөнхий ойлголт: Монгол Улсын татварын үндсэн төрөл болон татварын удирдлага, хяналтын тогтолцоог судлах. Үүнд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, хувь хүний орлогын албан татвар зэрэг багтана.
Давхар татвараас зайлсхийх: БНХАУ, Монгол Улсын хооронд байгуулсан Орлого болон хөрөнгийн татварыг давхардуулан ногдуулахгүй байх тухай хэлэлцээрийг ашиглан хил дамнасан татварын төлөвлөлт хийх, давхар татвар ногдуулах болон татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг тооцохтой холбоотой эрсдэлээс урьдчилан сэргийлэх.
Татварын хяналт шалгалт болон эрхээ хамгаалуулах: Татварын хяналт шалгалтын үйл явц, захиргааны журмаар гомдол гаргах болон эрхээ хамгаалуулах арга зам, хил дамнасан татварын мэдээлэл солилцох холбогдох дүрэм, журмыг сайтар судлах.
4. Хөдөлмөр эрхлэлт, ажиллах хүчний зохицуулалт болон хил дамнасан хөдөлмөрийн харилцаа
Хөдөлмөрийн хууль тогтоомж болон ажиллах хүчний зөвшөөрөл: Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг мөрдөж, гадаадын ажиллах хүчний квот, виз, хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл болон ажилтан авч ажиллуулахтай холбоотой хууль ёсны шаардлагыг сайтар судлах.
Цалин хөлс болон нийгмийн даатгал: Цалин хөлсний бүтэц, нийгмийн даатгалын шимтгэл, ажилтанд олгох хангамж, хөнгөлөлт болон орон нутгийн ажиллах хүчнийг түлхүү ашиглах зохицуулалт нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг тодорхой болгох.
Хөдөлмөрийн маргаан: Хөдөлмөрийн маргааныг арбитр болон шүүхээр шийдвэрлүүлэх арга зам, эвлэрүүлэн зуучлах механизм, гадаадын элемент агуулсан хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэх холбогдох журмыг судлах.
5. Оюуны өмчийн эрхийг хамгаалах
Орон нутгийн эрх зүйн хамгаалалт: Монгол Улсад патент, барааны тэмдэг болон зохиогчийн эрхийг бүртгүүлэх, хамгаалуулах журам, хугацааг судлах.
Арилжааны нууц болон эрхийн зөрчил: Арилжааны нууцыг хамгаалах дотоод журам, мэдээлэлд нэвтрэх эрхийн хяналтын тогтолцоог бий болгож, эрх зөрчигдсөн тохиолдолд хуульд заасан хамгаалалт, нөхөн сэргээх арга хэмжээг авах боломжийг бүрдүүлэн арилжааны нууц задрахаас урьдчилан сэргийлэх.
6. Өгөгдөл болон мэдээллийн комплаенс
Өгөгдлийг дотоодод хадгалах болон хил дамнуулан дамжуулах: Монгол Улсын хувийн мэдээлэл болон өгөгдөл хамгаалахтай холбоотой хууль тогтоомжийг мөрдөж, өгөгдлийг хадгалах, нөөцлөх, хил дамнуулан дамжуулахад тавигдах хууль ёсны шаардлага, хязгаарыг тодорхой болгох.
Мэдээллийн аюулгүй байдал: Мэдээллийн системийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог бүрдүүлж, өгөгдөл алдагдсан тохиолдолд авах яаралтай арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан, хил дамнасан өгөгдөл боловсруулах үйл ажиллагааг зохицуулах стандарт, журмыг бий болгох.
7. Нийлүүлэлтийн сүлжээний комплаенс болон авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх
Нийлүүлэгчийн магадлан шалгалт: Нийлүүлэгчийн үйл ажиллагааны түүх, эрх зүйн байдал, мэргэжлийн ур чадвар, холбогдох зөвшөөрөл, гэрээний үүргээ хууль тогтоомжийн дагуу биелүүлэх чадавхыг урьдчилан шалгах.
Авлигын эсрэг арга хэмжээ болон худалдан авалтын комплаенс: Тендер шалгаруулалт, худалдан авалт болон гэрээний хэрэгжилтэд ил тод, хяналттай тогтолцоо бүрдүүлж, хээл хахууль, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх.
Хоёр. Монгол Улсын голлох салбаруудад анхаарах тусгай эрх зүйн эрсдэл
1. Уул уурхайн хөрөнгө оруулалт болон байгалийн баялгийн ашиглалт
Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн шалгалт болон байгаль орчны үүрэг хариуцлага: Ашигт малтмал ашиглах эрхийн эзэмшигч, эрхийн хүчин төгөлдөр байдал, түрээс болон тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, өөрчлөх журмыг тодорхой болгож, байгаль орчныг хамгаалах үүрэг, хүлэмжийн хий болон бусад ялгаруулалтын хяналт, хаягдал болон бохирдлын менежментийн шаардлагыг анхаарах.
Орон нутгийн ажиллах хүч болон худалдан авалтын шаардлага: Дотоодын хөдөлмөр хүч ашиглах, орон нутгийн худалдан авалтын хувь хэмжээ болон орон нутгийн иргэд, олон нийттэй хамтран ажиллахтай холбоотой хууль тогтоомжийн шаардлагыг судлах.
Бодлого, зохицуулалтын өөрчлөлтийн эрсдэл: Байгалийн баялгийн нөөц ашигласны төлбөр, ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл болон төсвийн урамшуулал, дэмжлэгийн бодлогод орох өөрчлөлтийг цаг тухайд нь анхаарч, мэдээлэлтэй байх.
2. Инженерийн барилга угсралтын ажил гүйцэтгэх (EPC/ерөнхий гүйцэтгэгч)
Тендер шалгаруулалтын журам: Нээлттэй тендер шалгаруулалт, урьдчилсан сонгон шалгаруулалт, гэрээ бүртгүүлэх болон холбогдох бусад ажиллагааны журам, шаардлагыг сайтар судлах.
Гэрээний эрсдэл: Үнийн өөрчлөлт, ажлын гүйцэтгэлийн үе шатны төлбөр, ажлын цар хүрээ болон зураг төслийн өөрчлөлтийн удирдлага, давагдашгүй хүчин зүйл болон хохирол, зардал нэхэмжлэхтэй холбоотой заалтуудын хууль зүйн үндэслэл, хэрэгжих нөхцөлийг тодорхой тусгах.
Материал, тоног төхөөрөмжийн гаалийн бүрдүүлэлт болон ажиллах хүчний удирдлага: Хил дамнасан материал, тоног төхөөрөмжийн тээвэрлэлт, импортын гаалийн татвар, гадаад улсад ажиллах хүч илгээх болон орон нутгийн ажиллах хүчний зохицуулалттай холбоотой комплаенсын шаардлагыг хангах.
3. Барааны худалдаа болон хил дамнасан цахим худалдаа
Импорт, экспортын хяналт болон комплаенс: Экспортын зөвшөөрөл, импортын хязгаарлалт, хорио цээрийн хяналт, шалгалт болон хэрэглэгчийн эрхийг хамгаалахтай холбоотой хууль тогтоомжийг судалж мөрдөх.
Өгөгдөл болон хил дамнасан төлбөр тооцоо: Төлбөр тооцооны хууль ёсны шаардлага, мөнгө угаахтай тэмцэх зохицуулалт болон харилцагчийг таньж мэдэх шалгалтын шаардлагыг хангах.
4. Бусад өндөр эрсдэлтэй салбар
Санхүүгийн үйлчилгээ, эрчим хүч, харилцаа холбоо зэрэг салбарт үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжүүд нь тусгай зөвшөөрөл, гадаадын хөрөнгө оруулалтын хувь хэмжээний хязгаарлалт, эмзэг технологийн экспортын хяналт зэрэг салбарын онцлогт хамаарах комплаенсын шаардлагыг онцгойлон анхаарах шаардлагатай.
БНХАУ, Монгол Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны ирээдүйн төлөв өргөн боломжтой хэдий ч хоёр улсын хууль эрх зүйн тогтолцоо, хяналт зохицуулалтын шаардлагын ялгаатай байдлаас шалтгаалан хил дамнасан бизнесийн үйл ажиллагаанд үүсэх комплаенсын эрсдэлийг үл тоомсорлож болохгүй.
Бид цаашид хоёр улсын хууль зүйн мэдээлэл солилцох гүүрийг бий болгон, БНХАУ, Монгол Улсын нийгмийн бүх салбарын байгууллага, аж ахуйн нэгжүүдэд мэргэжлийн хууль зүйн мэдээллээр хангах болно.
Мөн Монгол Улсад үйл ажиллагаа эрхлэхээр зорьж буй аж ахуйн нэгжүүдэд дараах зүйлийг зөвлөж байна. Комплаенсын гол шаардлагуудыг үйл ажиллагааныхаа хяналтын жагсаалтад тусгаж, өдөр тутмын ажилдаа бодитоор хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт болон бизнесийн үйл ажиллагааны өмнө хууль зүйн магадлан шалгалт хийж, болзошгүй эрсдэлийг урьдчилан үнэлэх, мэргэжлийн хууль зүйн туслалцаа авч, гадаад улсад үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой эрх зүйн асуудлыг зохистой шийдвэрлэх нь зүйтэй юм.
Ингэснээр БНХАУ, Монгол Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг тогтвортой, найдвартай, урт хугацаанд хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах болно.
/Билигт: Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургуулийн Хүмүүнлэгийн дээд сургуулийн хуулийн ухааны багш, доктор
Сараана: Жинингийн Багшийн Дээд Сургуулийн хуулийн ухааны багш, доктор/
