Жуулчид хот суурин газраар аялаад буцахдаа бэлэг дурсгалын зүйл худалдан авах нь элбэг байдаг.

Жуулчид дэлгүүрүүдээс бэлэг дурсгалын зүйл худалдаж авч байгаа нь. ЛИ ХУАШИ.
Нэгэн бэлэг: Аяллын дурсамжаас соёлын үнэт зүйлийг танин мэдэхүй хүртэл
Хэрэглэгчид ямар төрлийн бэлэг дурсгалын зүйлд илүү дуртай вэ? Жуулчид хамгийн чухал нь тухайн орон нутгийн онцлогийг тод илэрхийлж, хаанаас ирснийг нь хараад шууд танихаар зүйл авах ёстой гэж үзэж байна.
Шанхай хотын оршин суугч Лөчэнь Бээжин хотод аялахдаа хотын хуучин гудамжны нэртэй болон түүхэн барилгын дүрс бүхий хөргөгчний соронзон наалт худалдан авчээ. Түүний үзэж байгаагаар, ийм бүтээгдэхүүн нь Бээжингийн онцлогийг илэрхийлэхийн зэрэгцээ аяллын сайхан дурсамж үлдээдэг байна.
Орон нутгийн онцлогийг илэрхийлсэн соёлын бүтээлч бүтээгдэхүүнээс гадна нутгийн өвөрмөц амттан ч жуулчдын түгээмэл сонгодог бэлэг дурсгалын нэг болжээ. Ханжөү хотод ажил хэргийн шугамаар байнга очдог Лю хатагтай тус хотын алдарт уламжлалт брэнд болох Лунжин цай өндөгний шартай нарийн боовыг очих бүрдээ худалдан авдаг. Энэ нь гэр бүлийнхэнтэйгээ хувааж идэхэд тохиромжтойгоос гадна бусдад бэлэглэхэд ч тохиромжтой ажээ.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, өмнө нь жуулчид гол төлөв аяллын дурсгал болгон бэлэг дурсгалын зүйл худалдан авдаг байсан бол өнөөдөр соёлын үнэт зүйл, орон нутгийн онцлогийг илүүтэй эрхэмлэж, өвөрмөц түүх, соёлын агуулгатай бүтээгдэхүүн худалдан авах хүсэлтэй болжээ.

Бээжингийн “Жинли Жинли” дурсгалын бүтээгдэхүүний дэлгүүрт зарж буй хөргөгчний соронзон наалт. Зургийг: КЭТҮН.
Нэгэн бүтээгдэхүүн: Дизайны шинэчлэлээс борлуулалтын сувгийн өргөжилт хүртэл
Өдгөө зарим орон нутгийн бэлэг дурсгалын бүтээгдэхүүн ижил загвартай, хэт их савлагаатай, чанараас илүү гадаад үзэмжид анхаарсан хэвээр байна. Өөр өөр үзвэрийн газарт худалдаалдаг хөргөгчний соронзон наалт, даавуун уут зэрэг бүтээгдэхүүн нь ихэвчлэн зөвхөн хотын нэрээр ялгардаг тул онцгой дурсамж үлдээж чаддаггүй.
Мэргэжилтнүүд хотын бэлэг дурсгалын бүтээгдэхүүн хөгжүүлэхдээ тухайн газрын түүх, соёл, биет бус өвийн уламжлалт ур чадвар, ахуй заншил, нутгийн онцлог бүтээгдэхүүнийг гүнзгий судалж, өвөрмөц шийдэл гаргах хэрэгтэй гэж үзэж байна. Мөн өв соёл уламжлагчид, орон нутгийн уран бүтээлчидтэй хамтран уламжлалт ур чадварыг бүтээгдэхүүний загварт шингээх нь зүйтэй гэж тэд үзэв.
Бэлэг дурсгалын зүйл зөвхөн үзэмжтэй бус, хэрэгцээтэй байх ёстой. Хөргөгчний соронзон наалт зэрэг дурсгалын зүйлээс гадна бичиг хэргийн хэрэгсэл, гэр ахуйн бараа, гоёл чимэглэл, цай, ундаа зэрэг өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүн хөгжүүлж, материал, хийц, савлагааны чанарт анхаарах шаардлагатай.
Борлуулалтын сувгийг ч өргөжүүлэх хэрэгтэй. Тухайлбал, Бээжингийн галт тэрэгний өмнөд өртөөний “Жинли Жинли” дурсгалын бүтээгдэхүүний дэлгүүрт авч явахад авсаархан, хөнгөн хөргөгчний соронзон наалт, тэмдэг, жижиг чимэглэл худалдаалдаг нь жуулчдад хотоос буцахын өмнө худалдан авахад тохиромжтой юм.

Ажилчид цагаан будааны бялуу хийж байна. Зургийг: ЖАН ЮҮНТАО.
Нэгэн брэнд: Бодлогын дэмжлэгээс цогц тогтолцоог бүрдүүлэх хүртэл
“Заавал худалдан авах” бэлэг дурсгалын бүтээгдэхүүн хөгжүүлэх нь хэрэглээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тус нутгийн соёлыг жуулчдаар дамжуулан түгээн дэлгэрүүлэх ач холбогдолтой.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, чанартай бэлэг дурсгалын зүйл нь жуулчдын түр зуурын урсгалыг тогтвортой хэрэглээ болгон хувиргаж, жуулчид бүтээгдэхүүнийг гэртээ авч очин хэрэглэх, бусдад бэлэглэх замаар тус нутгийн соёлыг цааш түгээх боломжтой. Энэ нь дахин аялах болон соёлын бүтээлч бүтээгдэхүүн худалдан авах сонирхлыг ч нэмэгдүүлнэ.
Өдгөө олон газар холбогдох арга хэмжээ авч байна. Сычуань мужийн Чэндү хот “заавал худалдан авч явах” 104 бүтээгдэхүүн гаргасан бол Бээжин хотын “Бээжингийн бэлэг” брэндээс 934 нэр төрлийн бүтээгдэхүүн, 32 дэлгүүртэй болж, жилийн борлуулалт нь 500 сая юаниас давжээ.
Мэргэжилтнүүд зам тээврийн зангилаа газар, музей, худалдааны төв, татваргүй дэлгүүр болон онлайн сувгийг хамруулан борлуулалтын сүлжээг өргөжүүлэхийг зөвлөж байна.
Бэлэг дурсгалын зүйл нь энгийн бараа бүтээгдэхүүнээс орон нутгийн соёлыг түгээн дэлгэрүүлэх хэрэгсэл болон хөгжиж байна. Нутгийн онцлог, хэрэглэгчийн хэрэгцээ, бүтээгдэхүүний чанарыг хангасан бүтээгдэхүүн л олны сонголт болж чадна.
