Гүйжөү муж нь БНХАУ-ын баруун өмнөд хэсэгт байрлах өвөрмөц тогтоцтой нутаг юм. Энэ газар уул ихтэй, байгаль орчин цэвэр, экологийн нөхцөл сайтайгаараа алдартай. 2026 оны 6 дугаар сарын 6-нд Хятад, Монголын сэтгүүлчдийн баг энэхүү сайхан нутагт газардаж, тус нутгийн дижитал аж үйлдвэр, онцлог хөдөө аж ахуй, уламжлалт урлаг болон аялал жуулчлалын салбартай танилцлаа.

“Үзэсгэлэнт Гүйжөү нутгаар” сэдвийн хүрээнд зохион байгуулсан энэхүү хамтарсан сурвалжлагын гол зорилго нь Гүйжөү мужийн орчин үеийн хөгжлийн бодит туршлагыг газар дээр нь судалж, хөдөөгийн сэргэлт, дижитал шинэчлэл, онцлог хөдөө аж ахуй, уламжлалт соёлын өвийн хамгаалалт, экологийн аялал жуулчлалын хөгжлийн амжилттай жишгийг бодитоор тэмдэглэн авах явдал байсан юм. Сэтгүүлчид тэнгэрийн хишигтэй энэ нутгийн уул усыг бахархан, орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөгчид, соёлын залгамжлагч нартай уулзаж, орчин үеийн үйлдвэрлэл, дэд бүтцийн хөгжилтэй танилцаж явлаа.
Тэнгэрийн хишиг тогтсон нутаг
Гүйжөү нутаг гэж жилийн дөрвөн улиралд халуунд халахгүй, хүйтэнд даарахгүй, чийглэг дулаахан цаг агаартай, амьдрахад таатай орчинтой болохоор хүмүүс нь урт насалдаг гэдэг. Хүн зон үе үеэрээ уул усаа бараадан амьдарч, түүнээсээ үр шимийг нь хүртэж байдаг буянтай нутаг.

Аяллын эхний өдрүүдэд сэтгүүлчид Гүйжөү мужийн цайны тариалангийн бүсүүдээр зочилж, уулсын бэлээр үргэлжлэх ногоон цайны талбайнуудыг үзсэн юм. Олон жилийн уламжлал, орчин үеийн технологийг хослуулсан тариалалтын арга барил нь бүтээгдэхүүний чанарыг өндөр түвшинд хадгалахад чухал үүрэг гүйцэтгэж байгааг тэд харлаа. Мөн орон нутгийн хүлэмжийн аж ахуйтай танилцсан. Орчин үеийн автоматжуулсан систем бүхий хүлэмжүүдэд хүнсний ногоо, жимс жимсгэнийг жилийн турш тасралтгүй ургуулж байлаа. Энэхүү үйлдвэрлэл нь орон нутгийн иргэдийг тогтвортой ажлын байраар хангахаас гадна хөдөө орон нутгийн эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж байгааг харсан юм.
Тус нутагт нутгийн онцлогт тохирсон цай тариалалт, эмийн ургамлын үйлдвэрлэл, хүнсний ногооны аж үйлдвэр, уламжлалт дарсны үйлдвэрлэлийн бүрэн гинжин хэлхээ хөгжсөн байна. “Компани, хоршоо, тариачин хамтран хөгжих” загвар нь орон нутгийн тариачдыг ажлын байраар хангаж, орлогыг тогтвортой нэмэгдүүлэн, хөдөөгийн ядуурлыг бүрэн арилгахад чухал үүрэг гүйцэтгэж буйг сэтгүүлчид мэдэж авсан юм.
Сэтгүүлчид мөн Гүйжөүгийн дижитал аж үйлдвэрийн хөгжлийн дэвшлийг онцгой анхаарч үзсэн. Ухаалаг хөдөө аж ахуйн паркуудад орчин үеийн дижитал хяналтын систем нэвтрүүлж, хөрсний чанар, агаарын температур, чийгшил, ургамлын өсөлтийн байдлыг бодит цагт хянаж, мэдээлэлд суурилсан нарийн менежментийг хэрэгжүүлж байгааг харсан. Уламжлалт гар аргаар тариалах аргаас татгалзаж, технологийн тусламжтайгаар хөдөө аж ахуйн бүтээмжийг эрс нэмэгдүүлэн, хөдөөгийн хөгжлийн шинэ хүчийг бий болгосон нь бүх сэтгүүлчдэд гүн сэтгэгдэл үлдээсэн.

Mand.mn сайтын сэтгүүлч К.Золзаяа:
- Цай бол зүгээр нэг уугаад өнгөрдөг ундаа биш, харин эрүүл мэндийг дэмжих хамгийн гол бүтээгдэхүүн болтол нь хөгжүүлж, магадгүй энэ нутгийн хүмүүсийн урт насалдаг гол нууц болсон байх гэж хэлж байлаа.
Орон нутгийн онцлог бүтээгдэхүүн, соёл, аялал жуулчлалын уялдаа холбоо
Гүйжөү нутаг цайгаараа маш алдартай. Хятад улсын цайны 70 хувийн түүхий эдийг эндээс нийлүүлдэг. Цайгаар маш олон төрлийн бүтээгдэхүүн хийж борлуулж байна. Жишээлбэл, цайтай зайрмаг, цайтай пиво, цайтай чихэр, цайтай бялуу, цайны тос, цайтай саван зэрэг хүнсний бүтээгдэхүүн, гоо сайхны бараа, өдөр тутмын хэрэглээний зүйл, эрүүл мэндийн бэлдмэл зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гаргадаг. Энэ нутагт л ургадаг Чили жимс нь витамин С-ээр арвин баялаг, SOD-ийн агууламж өндөр тул исэлдэлтийг дарангуйлж, хөгшрөлтийг удаашруулан, дархлааг бэхжүүлж, ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулан, судасны эрүүл мэндийг хамгаалах үйлчилгээтэй. Энэ жимсийг цайтай хослуулан онцлог бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоод, гадаадын хэрэглэгчдэд хүргэж байна. Дан ганц түүхий жимснээс гадна шүүс, хатаасан жимс, нунтаг зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

Гүйжөү муж мөн жяншян амттай архины гол үйлдвэрлэлийн бүс нутаг юм. Чюшүй голын хөндий нь байгалийн онцлогоос шалтгаалан Маотай зэрэг алдартай архины брэндүүд эндээс гарч ирсэн. Хятадад үйлдвэрлэгддэг жяншян амттай архины 80-аад хувь нь Гүйжөүд үйлдвэрлэгддэг. Мяотай бол улсын нэр хүндтэй архи бөгөөд дэлхийд алдартай Хятадын бүтээгдэхүүн. Зөвхөн архи борлуулахаас гадна архины соёл, аялал жуулчлал, амьдралын хэв маягийг хамтад нь сурталчилж, хөгжүүлж байна. Архины салбар нь Гүйжөүгийн гол тулгуур салбар бөгөөд нийт аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 30-аад хувийг эзэлж, орон нутгийн эдийн засгийг хүчтэй дэмждэг.
Үүнээс гадна Гүйжөүгийн олон үндэстний уламжлалт соёлын өвийн хамгаалалт, залгамжлал, хөгжил нь сурвалжлагчдын анхаарлыг ихэд татсан. Олон зууны түүхтэй ардын гар урлал, ардын дуу бүжиг, уламжлалт ёслол, үндэстний зан заншил зэрэг үнэт соёлын өвийг хамгаалахаас гадна орчин үеийн аялал жуулчлалтай хослуулан хөгжүүлж, соёлын үнэт зүйлийг эдийн засгийн үр ашиг болгон хувиргаж чадсан юм. Энэ бол соёлоо хадгалах, хөгжүүлэх, ард түмний амьжиргааг сайжруулах хоёр зорилгыг зэрэг биелүүлсэн гайхамшигт туршлага.

Экологийн аялал жуулчлалын хөгжил нь Гүйжөү нутгийн хөгжлийн бас нэг онцлог давуу тал юм. Нутгийн үзэсгэлэнт байгалийг хамгаалах суурин дээр экологид ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлж, байгаль хамгаалал ба эдийн засгийн хөгжлийг төгс тэнцвэржүүлж байна. Байгалийн нөөцөө хадгалж, хөдөөгийн үзэсгэлэнт байдлыг аялал жуулчлалын нөөц болгон ашиглаж, орон нутгийн хөгжлийг тогтвортой явуулж буй нь орчин үеийн ногоон хөгжлийн хамгийн сайн жишээ мөн.
Хамтарсан сурвалжлага харилцан ойлголцлын гүүр
Хамтарсан сурвалжлагын сүүлийн өдөр хоёр талын сэтгүүлчид өөр хоорондоо идэвхтэй санал бодол солилцож, туршлага хуваалцсан. Гүйжөүгийн хөдөөгөө сэргээн хөгжүүлэх, технологи нэвтрүүлэх, соёлоо хөгжүүлэх туршлага нь Өвөр Монгол болон Монгол Улсын хөдөө орон нутгийн хөгжил, аялал жуулчлалын салбарын хөгжилд маш их суралцах үнэт зүйлтэй болохыг онцолсон.
Хэвлэл мэдээлэл бол ард түмнийг холбогч хамгийн чухал гүүр юм. Энэхүү залуу сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлах аялал нь зөвхөн мэргэжлийн сурвалжлагын ажил төдийгүй, улс бүс нутгийн хоорондын нөхөрлөл, ойлголцлыг гүнзгийрүүлсэн соёлын солилцооны аялал болсон юм. Хилийн зааг ялгаа нь хоёр орны иргэдийн соёлын солилцоо, харилцан суралцахад саад болж чадахгүй гэдгийг энэхүү үйл ажиллагаа харуулсан. Өнөөдөр сонины сэтгүүлч У. Цэцэгсүрэн:
- Энэхүү томилолтын хамгийн гол ололт нь Хятадын Засгийн газраас хэрэгжүүлж буй ядуурлыг бууруулах, хоршооллыг дэмжих бодлого бодит амьдралд хэрхэн биеллээ олж, иргэдийн амьжиргааг өөрчилснийг сурвалжилсан явдал байв. Тухайлбал, далайн түвшнээс дээш 1350 метрийн өндөрт орших цайны тариалангууд, тэр дундаа экологийн тэнцвэрийг хадгалж, олон улсын зах зээлд брэндээ гаргаж чадсан “Шэньчюэ”, гар аргаар цай боловсруулах уламжлалыг пивоны инновацтай хослуулсан “Яньшүн байшюэ”, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг тууштай дэмжиж, мянга мянган өрхийг ядуурлаас гаргасан “Хуан Хун Ин” зэрэг үйлдвэрийн бүтээлч туршлага, хоршооллын систем гүн сэтгэгдэл үлдээлээ. Мөн Гүйжөү муж бол соёл, түүхийн хувьд ч баялаг өвтэй нутаг аж. Мяо үндэстний өвөрмөц соёл, уламжлалт амьдралтай танилцан, тэдний өвөрмөц ахуйг нүдээр үзэж, үзгээр тэмдэглэнэ гэдэг сэтгүүлч хүний хувьд ховор завшаан байлаа гэж сэтгэгдлээ хуваалцав. TV9-ийн сэргүүлч Б. Намуунтамир:
- Энэхүү сурвалжлагын аялал нь зөвхөн үйлдвэрлэл, эдийн засгийн хөгжилтэй танилцахаас гадна Өвөр Монголын сэтгүүлчидтэй туршлага солилцож, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх сайхан боломж болсон юм. Бид хамтдаа олон сонирхолтой сэдвээр ярилцаж, бүс нутгийн хөгжлийн тухай санал бодлоо хуваалцсан нь мэргэжлийн хувьд ч үнэ цэнтэй байлаа гэж ярив. Mand.mn сайтын сэтгүүлч Б. Золчимэг:
- Байгаль орчноо хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого нь нутгийн иргэдийн амьжиргаанд ч эерэг нөлөө үзүүлж байгаа нь харагдсан. Аяллын хугацаанд орон нутгийн иргэдийн ажил хэрэгч, хөдөлмөрч зан чанар, үйлчилгээний байгууллагуудын зохион байгуулалт өндөр түвшинд байгааг анзаарлаа. Технологийн хэрэглээ өдөр тутмын амьдралд өргөн нэвтэрч, төлбөр тооцоо, үйлчилгээ авах зэрэг нь илүү хялбар болсон нь орчин үеийн хотын хөгжлийн нэгэн илэрхийлэл юм. Энэхүү аялал нь зөвхөн хот суурин газрын хөгжил төдийгүй соёл, уламжлал, байгаль орчны хамгаалалт, аялал жуулчлалын бодлогыг бодитоор харах боломжийг олгосон үнэ цэнтэй туршлага байлаа. Хөрш орны хөгжлийн туршлага, бүтээн байгуулалтыг газар дээрээс нь харж танилцсан нь миний хувьд олон шинэ санаа, мэдээлэл авах боломжийг бүрдүүлсэн гэж сэтгэгдлээ хуваалцлаа.

Энэхүү хамтарсан сурвалжлагын үйл ажиллагаа нь хоёр орны залуучуудын нөхөрлөл, найрамдалт харилцааг шинэ шатанд гаргаж, солилцоо, ирээдүйн хамтын ажиллагааны суурийг бэхжүүлсэн юм.
