solongonews
Ван И Норвегийн Гадаад харилцааны сайд Эспен Барт Эйдетэй хэлэлцээ хийв
2026-07-07 11:37
Ван И Норвегийн Гадаад харилцааны сайд Эспен Барт Эйдетэй хэлэлцээ хийв

Орон нутгийн цагаар 7-р сарын 6-нд Хятадын Коммунист намын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И Норвегийн нийслэл Осло хотноо Норвегийн Гадаад хэргийн сайд Эспен Барт Эйдетэй хэлэлцээ хийлээ.

Ван И:

- Норвеги бол БНХАУ-ыг хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрсөн барууны орнуудын нэг бөгөөд хоёр орны харилцаа урт хугацаанд тогтвортой хөгжиж, ард иргэдэд бодит үр өгөөж авчирсан. Сүүлийн жилүүдэд улс төрийн харилцан итгэлцэл бэхжиж, худалдаа, ногоон эдийн засаг зэрэг салбарын хамтын ажиллагаа өргөжин, Хятад–Норвегийн ногоон шилжилтийн яриа хэлэлцээний механизм хоёр талын хамтын ажиллагааны чухал платформ болсон гэж онцлон хэлэв.

Тэрээр олон улсын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн ч хоёр улс хамтын ажиллагааны түнш хэвээр байх ёстойг тэмдэглэж, хааны гэр бүл, засгийн газар, парламент, улс төрийн намуудын түвшний солилцоог нэмэгдүүлэн, худалдаа, ногоон эдийн засаг, цэвэр эрчим хүч, цахилгаан автомашин, ногоон тээвэр, тойрог эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, Хятад–Норвегийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг аль болох хурдан байгуулахын төлөө ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Ван И мөн дэлхий дахинд тодорхойгүй байдал нэмэгдэж буй энэ үед хоёр тал олон талт үзлийг хамтдаа хамгаалж, маргааныг энхийн замаар шийдвэрлэхийг дэмжин, дэлхийн засаглалын хамтын ажиллагааг бэхжүүлж, илүү шударга, тэнцвэртэй олон улсын засаглалын тогтолцоог бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах ёстой гэж хэллээ.

Эспен Барт Эйде, Норвеги–Хятадын бүтээлч түншлэлийн харилцаа эрчимтэй хөгжиж байгааг онцолж, Норвеги нэг Хятадын бодлогыг тууштай баримтлан, өндөр түвшний харилцаа, бүх шатны яриа хэлэлцээг өргөжүүлж, худалдаа, ногоон эдийн засаг, байгаль орчин, далайн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.

Тэрээр Норвеги чөлөөт худалдааг тууштай дэмжиж, эдийн засгийн асуудлыг аюулгүй байдлын асуудалтай холбон үзэхийг эсэргүүцдэг гэдгийг онцолж, өнөөгийн олон улсын нөхцөлд улс орнууд олон талт үзлийг баримталж, НҮБ-ын төв байр суурийг хамгаалан, уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхий нийтийн сорилтыг хамтран даван туулахын төлөө Хятадтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл