
Энэ сарын 14-ноос 17-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотод дэлхийн 38 орны 530 судлаачид, эрдэмтэд оролцон 70 орчим ханын илтгэл, 190 орчим аман илтгэл, нийт 270 гаруй илтгэл хэлэлцүүлсэн Азийн шувуу судлалын хурал болж өндөрлөлөө.

Энэ хуралд Монгол улсын шувуу судлаачид амжилттай оролцон өөрсдийн судалгаа, илтгэлүүдээ танилцуулсан байна.

Нийт аман илтгэлүүдээс 15 байрыг шилдэг аман илтгэлээр шалгаруулсан бөгөөд Монголын судлаачдын Борцгор хотонгийн судалгаа хамгаалалтын ажил шилдэг 15 судалгааны нэг болжээ. Монголд төдийгүй зүүн Азийн хэмжээнд нэн ховорт тооцогддог борцгор хотонгийн хамгааллын менежментийг сайжруулахад чухал хувь нэмэр оруулахуйц судалгааны ажил хийсэн нь ийнхүү үнэлэгдлээ.

Мөн судлаач Э.Түвшинжаргалын Хурхын шувуу бөгжлөлийн суурингийн ажлын үр дүн шилдэг ханын илтгэлүүдийн нэгээр шалгарав.

Хурлын сүүлийн өдөр “Азийн шувуу судлалын холбоо” албан ёсоор байгуулагдаж байгааг зарласан юм.
