Хятадын ДНБ анх удаа 140 их наяд юаниас давсан ба дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулж буй хувь нэмэр нь 30 орчим хувьд хүрч, тогтвортой хэвээр байна. 2025 онд дотоод, гадаад орчны гүнзгий, нарийн төвөгтэй өөрчлөлтүүдтэй тулгарсан хэдий ч Хятадын эдийн засаг мэдэгдэхүйц хөгжлийн үр дүнд хүрч чадлаа.
Энэ онд Хятадын эдийн засаг олон сорилттой тулгарсан боловч хөгжлийн сууриа бататгаад зогсохгүй шинэ, чансаатай хөгжлийн чиглэлд ахиц гаргасан гэж дүгнэж болно. Орчин үеийн аж үйлдвэрийн тогтолцооны бүтээн байгуулалт үргэлжлэн урагшилж, шинэчлэл, нээлттэй бодлого шинэ амжилтад хүрсэн ба гол салбарууд дахь эрсдэлийг бууруулахад эерэг ахиц гарсан бөгөөд ард иргэдийн амьдралыг сайжруулах амлалт бодит үр дүнд хүрсэн байна.
Эдгээр амжилтад хүрэхэд амар байгаагүй бөгөөд ирээдүйд илүү их амжилтад хүрэх бүрэн боломжтой гэдэг дээр хоёр чуулганд оролцсон төлөөлөгчид, гишүүд санал нэгдэж байлаа.
Хөгжлийн үр дүн тодорхой харагдаж байна
Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал болон Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн чуулган (цаашид “хоёр чуулган” гэх)-ы өмнөхөн “2025 оны үндэсний эдийн засаг, нийгмийн хөгжлийн статистикийн мэдээ” нийтлэгдсэн. Тайланд дурдсан бодит тоо баримтууд нь Хятадын эдийн засаг сорилтыг даван туулахын зэрэгцээ нэгдмэл хөгжлийг хангаж буйг харуулж байна. Олон төлөөлөгч, гишүүд өөрсдийн салбар дахь өсөлтийг бодитоор гэрчилж байна.
2025 оны 12-р сарын 26-нд Ши-Ань–Янь-Ань чиглэлийн өндөр хурдны төмөр зам албан ёсоор ашиглалтад орсноор Шааньши мужийн хойд хэсгийн хуучин хувьсгалт суурь бүс нутгийг өндөр хурдны төмөр замын эрин үе рүү хөтөлсөн. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгч, Шааньши мужийн Янь-Ань хотын Ганьчуань суурингийн Чяожэнь тосгоны Намын үүрийн нарийн бичгийн дарга Фань Жюпин:
- Өнгөрсөн жилийн хөгжлийн эрч хүч “маш сайн” байсан гэж хэлэв. Тэрээр:
- Ганьчуань суурингийн иргэд нутгийнхаа онцлогт тулгуурлан газар тариалан, мал аж ахуйг хослуулан хөгжүүлж, тэгш газарт хүлэмжийн аж ахуй, жалганд мал үржүүлэг, ууланд жимсний мод тариалсан. Үр тарианы ургац арвин байж, жимс, хүнсний ногооны үнэ тогтвортой байсан нь орлогыг нэмэгдүүлсэн гэж хэлэв.
Мөн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгч, Наньян хотын Намын хорооны нарийн бичгийн дарга Ван Жыхүй:
- Наньян хотоор жишээ авч үзвэл Хятадын эдийн засгийн тогтвортой, чансаатай хөгжлийг харж болно. Өнгөрсөн онд тус хотын ДНБ анх удаа 500 тэрбум юанийн босгыг давж, 516.786 тэрбум юаньд хүрч, өмнөх оноос 6.5 хувиар өссөн гэж онцолсон байна. Тэрээр цааш нь:
- Үөлүн компанийн 105 мегаваттын өндөр хүчин чадалтай синхрон генератор, Шижянь компанийн “Цахим түдгэлзүүлэх систем” зэрэг “Наньян-д үйлдвэрлэв” бүтээгдэхүүнүүд дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж байна. Инновацад суурилсан аж ахуйн нэгжүүдийг дэмжсэний үр дүнд 750 гаруй өндөр технологийн компани бий болсон. 2025 оны эцсийн байдлаар 1.067 сая аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, Хэнань мужид хоёрдугаарт жагссан нь хөгжлийн эрч хүчийг илтгэж байна гэж хэллээ.
Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн гишүүн, Жэжян их сургуулийн эдийн засгийн сургуулийн профессор Лүө Вэйдүн:
- Зарим уламжлалт салбар бэрхшээлтэй тулгарсан ч шинээр гарч ирж буй салбарууд эрчимтэй хөгжсөн. Хятадын эдийн засгийн урт хугацааны өсөлтийн суурь, чиг хандлага өөрчлөгдөөгүй. Цаашид шинэчлэлийг гүнзгийрүүлж, нөөцийн хуваарилалтын үр ашгийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байна гэж хэлэв.
Өсөлтийн эрч хүч тасралтгүй үргэлжилж байна
Хятадын эдийн засгийг үнэлэхдээ зөвхөн өнөөгийн байдлыг бус, урт хугацааны чиг хандлагыг харгалзан үзэх шаардлагатай. Өнгөрсөн онд эдийн засгийн өсөлтийн эрч хүч хадгалагдаж, шинэ хөдөлгөгч хүчнүүд эрчимтэй бүрэлдэн бий болж байна.
Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгч, Хятадын Мобайл Харилцаа Холбооны Группын Чунчин компанийн захирал, ерөнхий менежер Шя Юн:
- Хиймэл оюун ухаан, их өгөгдөл, 5G-A зэрэг шинэ технологиуд нийгмийн засаглал, үйлдвэрлэл, иргэдийн амьдралд өргөн нэвтэрч байна. Салбарын хөгжил хэрэглэгчийн туршлага, инновацад илүү төвлөрөх болсон. Манай компани Чунчин хотын ухаалаг хөгжлийг дэмжихэд анхаарч ажиллаж байна гэж хэллээ.
Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн гишүүн, Голдлион группын захирал Зэн Жымин:
- Хувцасны салбарт өрсөлдөөн ширүүн байгаа ч хэрэглээний шинэ чиг хандлага, бодлогын дэмжлэгийн ачаар зах зээлийн ирээдүй өөдрөг байна. Бид шинэ бүтээгдэхүүн хөгжүүлж, зах зээлийн эрэлтийг хангана гэж мэдэгдсэн. Чифү группийн дэд захирал Мэн Лихун:
- Манай компани хиймэл оюун ухааныг олон салбарт нэвтрүүлснээр үйл ажиллагааны үр ашиг, чанарыг дээшлүүлж чадсан гэж онцолсон байна.
Итгэл дүүрэн, зоригтой урагшилна
“Арван тавдугаар таван жилийн төлөвлөгөө” хэрэгжиж эхэлснээр Хятадын хөгжлийн ирээдүй улам тодорхой болж байна. Эдийн засаг инновац, чансааг чиглэн тогтвортой урагшилж байгаад төлөөлөгчид, гишүүд итгэл дүүрэн байна.
Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгч, Паньпань хүнсний группын захирал Цай Жиньчай:
- Төрөөс хувийн хэвшлийг тууштай дэмжиж, бизнесийн орчныг сайжруулж байгаа нь бидэнд урам зориг өгч байна гэж хэлэв. Тэрээр цааш нь:
- Бид инновацын судалгааны хүрээлэн байгуулж, бүтээгдэхүүнээ 50 гаруй улс, бүс нутагт экспортолж байна. Цаашид судалгаа, хөгжүүлэлтийг нэмэгдүүлж, дэлхийн хэмжээний брэнд бий болгоно гэж мэдэгдсэн.
Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн гишүүн, Хэн-Инь санхүүгийн технологийн компанийн захирал Жян Хаорань:
- Зах зээлийн саад бэрхшээлийг бууруулж, бодлогын дэмжлэгийг нэмэгдүүлснээр эдийн засгийн уян хатан байдал, инновацын эрч хүч нэмэгдэж байна гэж онцолсон. Тэрээр мөн:
- Манай компани “Бүс ба Зам” санаачилгад оролцож буй орнуудад зориулсан бүтээгдэхүүн хөгжүүлж, гадаад орлогын хувь нэмэгдэж байна. Цаашид хиймэл оюун ухаан, тооцооллын хүчин чадалд хөрөнгө оруулж, ухаалаг тээвэр, эрүүл мэнд, аялал жуулчлал зэрэг салбарт шинэ шийдлүүдийг хөгжүүлнэ гэж мэдэгдсэн юм.
