Энэ жил Шилийнгол аймгийн хошуудаар бороо хур тэгшрэн, мал тарга хүчээ сайн авсан, хүн малын зоо тэнэгэр сайхан зун болж байлаа. Баруун Үзэмчин хошууны хөдөө орон нутгаар сурвалжилж явахад орчин цагт залуус нутаг буцан хөдөө аж ахуйгаа хөгжүүлэх, малчид хөрөнгө нийлүүлэн компани байгуулахын зэрэгцээ өөрсдийн бүтээлч оюун ухаан, ур дүйтэй гартаа түшин өдөр тутмын амьдралд байнга тохиолдох засаж сэлбэх, угсарч тоноглох, шинэчилж янзлах зүйлсээ өөрсдөө хийж, айл гэрийн зардал, хөдөлмөр хүчээ хэмнэн, орлогоо нэмэгдүүлж байгаа олон сайхан сонирхолтой, бахархалтай яриа, үлгэр жишээнүүд малчны хотоос сонсогдон сэтгүүлч биднийг баярлуулсан. Энэ бүхний дундаас сонирхлыг ихэд татсан нэг зүйл бол Баруун Үзэмчин хошууны Улаанхаалга сумын Баянцайдам багийн малчин "мэргэжилтэй" Мэргэнсод, Эрхиймэргэн гэх ах дүү хоёрын бүтээсэн аргал түүх савар байлаа.

Сүүлийн жилүүдэд Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошуу нь "Хонины тоог цөөлж, үхэр өсгөх" бодлогыг хэрэгжүүлснээр үхэр маллах малчид олширсоор байна. Хавар үхрийн баас түүж цэвэрлэх ажил малчдад хүндрэл учруулах болсноор нутаг бэлчээр ихтэй, хөдөлмөр хүч дутмаг айл аргал түүх хүн ажилд авах шаардлага гарах болсон.
Эцэг, эхээсээ өвлөн авсан малч ухаан, дадал хэвшлээ ажил, амьдралтайгаа уялдуулан бага балчраасаа оролдлоготой байсан ах дүү хоёр хөдөө аж ахуйн уламжлалт аргыг орчин үеийн дэвшилтэт технологитой хослуулан 2020 онд аргал түүх савар бүтээхийг санаачлан 2 метр өргөн, 1.5 метр урттай машин буюу мотоциклд угсарч болох хөнгөн дугуйтай савар бүтээжээ. Энгийн үед 66 га талбай нутаг бэлчээрийн аргалыг гараар түүвэл гурван хүн долоо хоног түүх шаардлагатай бол энэхүү шинэ савраар "түүвэл" нэг хүн гурав хоног ч болохгүй бүгдийг түүж дуусдаг.

Анх дүү Эрхиймэргэн нь энэ ховор бүтээлээ вичат дээр гаргаснаар малчдын өндөр үнэлгээг хүртэж, захиалга ч ар араасаа нэмэгдэх болов. Дөрвөн удаагийн өөрчлөлт шинэчлэлээр аргал түүх савар нь илүү сайжирч патентын эрхээ ч авчээ. Аав ээжтэйгээ ам бүл найм. 2000 гаруй мү нутагтаа 400 гаруй хонь, 80 гаруй үхэр маллаж байна.
Биднийг хүрэхэд ах дүү хоёр сүүлийн хоёр жилд барьж байгуулсан хашаа саравчаа танилцууллаа. Хуучин хашаа саравчны дэргэд босгосон хөх өнгийн гурван хэсэг орчин үеийн загвартай томоохон малын байранд нь ороход дээврээс нар тусах зориулалтын цонхтой, автомат гэрэлтүүлэгт холбогдсон, өвс тэжээл хэрчиж холих машин, хадлангийн машин зэрэг хөдөө аж ахуйд хэрэглэх олон төрлийн машин төхөөрөмж жигдрэн харагдана. Удахгүй энд тэжээлийн онгоц, малын тэжээл идүүлэх технологийн хашаа, эх төлийг тусгаарлах болон хамт тухтай байх хашаагаар тоноглох талаар дүү Эрхиймэргэн нь ярилаа.

Хадлангийн газар нутаг багатай болохоор өвс тэжээл хэрчиж холих (малын тэжээл бэлтгэх) машин хэрэглэн өөрийн нутгаасаа авсан өвс тэжээлээ модны үртэс, сүрэлтэй хольж сайн чанарын бордоо гарган авч малдаа өгдөг. Ингэж тэжээснээр зөвхөн хадлангаас авсан өвс тэжээлээр тэжээснээс хог хаягдал багатай байхын дээр зардал бага байдаг. Жишээ нь гэхэд нэг хонинд өдөрт дунджаар 2 юанийн хадлангийн өвс өгдөг бол хольж гаргасан бордоог өгснөөр нэг хонинд өдөрт нэг юань ч зарцуулдаггүй.
Сүүлийн жилүүдэд махны чиглэлийн үүлдрийн үхэр үржүүлж, үүлдрийн үхрийн үр хөврөлийг хээлтэгч үнээнд шилжүүлэн суулгаж, үүлдрийн цэвэр тугал хүлээн авчээ. Ийнхүү тоссон тугал нь өнгөрсөн жил дунджаар 1670 юанийн өндөр үнэ хүрсэн тухайгаа ах дүү хоёр их баяртай ярьж байлаа.
Ам бүл олуулаа болохоор том байртай болохоор 150 кв.м орчин цагийн хийц загвартай байшингаа босгож эхэлжээ. 400 мянган юаньд босгохоор төлөвлөж байгаа байшиндаа нар салхины халаалтын систем угсарна гэж байв.
Бэлчээрийн даац хязгаартай энэ цаг үед эрчимжсэн аргаар хагас суурин мал аж ахуй руу шилжихэд бэлчээрийн талбайг хашаажуулах, өндөр ашиг шимтэй малаа үржүүлэх арга технологийг нэвтрүүлэн, орчин үеийн мал аж ахуйн иж бүрэн системийг цогцоор нь угсрахын зэрэгцээ бүтээлээр ашиглан амжилттай яваа ах дүү хоёрын амьдрал ахуй, хийсэн бүтээсэн зүйлтэй нь танилцаад өөрийн эрхгүй бахархал төрж байлаа.
