
Цагаан сараас өмнөхөн Хөвөөт шар хошууны Богдын гол сумын Цагаан дарс гацааны малчин Насанбатынд очиход өвлийн төл тосох ажил бараг дуусаад байлаа. 200 шахам төллөх малын 70 гаруй нь ихэрлэж, бүгдийг нь мэнд тосоод Насанбат Өнөрцэцэг хоёр хонин жилээ баяртай угтжээ.
-Аргын улирлын 1 сараас мал эхлэн төллөж, сар гаруйн хугацаанд бараг төллөж дуусаад байна. Энэ жил өнгөрсөн жилүүдийнх шиг ихэр төл олон байна. Ихэр төлөө эхэд нь сайн хөхүүлэхийн тулд хонь хургаа нийлүүлэх үед бараг арваад удаа хуваан хөхүүлдгээс ажил ихтэй. Үүнээс гадна энэ жил бараг 70-аад зусаг хонь төллөж, ихэрлэсэн хонь болон зусаг хонио өглөө оройд бордож, хургаа мөн өдөрт гурван удаа бордож байна. Ихэр хурганууд томроод ирэхээр эх нь цатгахдаа тааруу болж оройд хургаа угждаг гэж Насанбат хургандаа бордоо өгөнгөө бидэнд ярьж байлаа.


Насанбат гэрийн орчин тойрон, малын хашаа хороогоо цэвэрлэж, Өнөрцэцэг гэрээ цэвэрлэн, цагаан сарын боов хайрч, бууз банш хийхээр бэлтгэж завгүй ажиллана.



-Мал төллөх хугацаанд маш завгүй байсан. Өглөө 5 цаг өнгөрч босоод шөнийн 9,10 цаг болтол өдөржин хонины хороондоо мунгинаад завгүй байдаг. Одоо харин төллөж дуусаж байгаа болохоор ажил ч хөнгөрч байна. Онд мэнд орсон хөөрхөн төлүүдээ харахаар бие сэтгэлийн ядаргаа бүр үгүй болдог гэж Өнөрцэцэг хургаа угжингаа ярина.

Насанбатынх өөрийн 253 га талбай бэлчээрээс гадна 133 га талбай бэлчээр түрээсэлж өнгөрсөн намар 40 мянган юаний бордоо авч нөөцөлснөөс 400 гаруй хонь, 10-аад үхэр нь тарга тэвээрэгтэй өвлийг өнгөрөөжээ. Өглөө оройдоо саалийн үнээгээ сааж өдрийн 25 литр сүү сааж, 15 литр сүүгээрээ хургаа угждагаас төл мал нь ч цатгалт сайтай байлаа.

Малчин хүн үүрийн гээгээс үдшийн бүрий болтол малын бэлчээр, хашаа хороо, орон гэрийн хооронд мунгинаж гүйдэг ч мал сүрэг нь мэнд төллөж, өнөр өсвөл баярын магнай тэнийж, жаргалын мишээл тодруулж явдаг сан.






