solongonews
Б.Омогшил: Малчин хүн мянган мэргэжлийн эзэн
2021-08-19 18:11
Уламжлалт мал аж ахуй, орчин үеийн техник технологийг хослуулан зах зээлд хандуулсан хөдөө орон нутгийн хөгжил шинэчлэлд ганзага нийлүүлэн гялалзаж яваа залуу малчин Батын Омогшил мал аж ахуйгаа хэрхэн хөгжүүлж явна вэ? Ямар машин техник оруулж, хэрхэн яаж ашиглаж байгаа бол? “Шинэ хөдөө, шинэ малчин” цуврал сурвалжилгын хүрээнд та бүхэндээ энэ тухай сонирхуулахаар боллоо.

Б.Омогшил гэгч энэ залуу бол ӨМӨЗО-ны Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошууны Баянхошуу сумын Шүүт багийн уугуул. Уламжлал, шинэчлэлийг хослуулан, орчин үеийн мал аж ахуйг хөдөө орон нутагтаа хөгжүүлэхээр хичээн зүтгэж яваа шинэ малчин. 2016 онд Өвөр Монголын Их Сургуулийг төгссөн тэрээр гэргий Алтанзурагийн хамт ОХУ-ын Сант-Петербург хотноо магистрын зэрэг хамгаалахаар суралцаж эхэлсэн хэдий ч нутаг буцан мал аж ахуйгаа хөгжүүлэх хүсэл нь тэднийг хөтөлсөөр 2017 онд эх орондоо буцаж ирсэн байдаг.

Омогшил гэргий Алтанзурагийн хамт

Магистрын цолыг орхиж малчин болсон зам

- Их сургуульд суралцаж байхдаа гадагшаа явж, харь гүрэнд суралцахыг маш ихээр эрмэлздэг байсан. Сант-Петербург хотод хоёр жил шахам суралцах хугацаанд олон зүйл үзэж харсан, сэтгэн бодсон. Ялангуяа, өөрийгөө маш сайн таньсан гэж хувьдаа боддог. Нутаг ус, аав ээж, гэр бүл миний хувьд хамгийн чухал юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд магистрын эхний жилдээ гэргий бид хоёр санал нэгдэж, нутаг буцахаар шийдсэн. Аав ээжүүд маань ч бидний бодлыг маш сайн дэмжсэн гэж Омогшил дурсан ярилаа.

Залуу хос ОХУ-д суралцаж байх хугацаандаа 

- Оросын дэлгүүрт зардаг сүү цагаан идээ, махны бүтээгдэхүүний төрөл ангилал нь олон бөгөөд маш нарийн төрөлжүүлсэн байдаг. Ялангуяа, сүүний бүтээгдэхүүний төрөл зүйл олон төдийгүй дотор нь агуулах уураг, өөхний хэмжээг нь хүртэл нарийвчлан тодорхойлсон байдаг нь зах зээлийн хэрэгцээ, шаардлагад маш их нийцэх болсон. Үүнийг хараад Өвөр Монголчууд маань сүү, махны бүтээгдэхүүн их хэрэглэдэг байж яагаад эд нар шиг зах зээлд хандуулан хөгжүүлж болохгүй гэх бодол төрсөн юм. Үүнд мэдээж мэргэжил боловсрол шаардагдана. Тийм учраас их сургууль төгссөн оюутнууд бүгд эрдэмтэн мэргэжилтэн болоод явж болохгүй. Нэг хэсэг нь эрхбиш нутаг усандаа буцаж мал аж ахуйгаа хөгжүүлэх хэрэгтэй гэх бодол төрсөн юм. Энэ бол Омогшилын нутагтаа буцаж мал маллах шийдвэрийг нь баталгаажуулсан гол шалтгаан. Тэрээр гэргий Алтанзурагтайгаа нутагтаа ирээд мал маллах замаа эхлүүлсэн хэдий ч өвөг дээдсээсээ өвлүүлж ирсэн уламжлалт мал маллагааны арга барилд аргамжуулаагүй. Харин мал аж ахуйг орчин үед зохицуулан хөгжүүлэхийг зорьжээ. Улмаар эхний алхамд сүргийн бүтцээ өөрчилж, үүлдэр сайтай үхэр маллахыг гол болгон, малын тоо толгойг цөөтгөж бэлчээр нутгаа хамгаалан, техник технологийг нэвтрүүлэх зэргээр багагүй шинэчлэл хийсэн байна. Энэ тухайд тэрээр:

- Уламжлалт мал аж ахуйг харахад орчин үеийн аж ахуйн хөгжилтэй зөрчилтэй болж байгаа нь харагдсан. Тэгээд өөрийнхөө шинэчлэл хийх үзэл бодлоо аав ээж, хамаатан садандаа ярихад аав ээж маань дэмжсэн хэдий ч нутгийн олон маань надад итгэл муутай байсан. Мэдээж, энэ миний мал маллах туршлага хомс байсантай холбоотой байх. Ямартай ч бид хоёр аав ээжийнхээ дэмжлэгээр орчин үетэйгээ хөл нийлүүлсэн мал аж ахуйг хөгжүүлэхээр өнөөдрийг хүртэл хичээсээр байна гэж ярилаа.

Омогшил Симмэнтал үхрээ тэжээж буй нь 

Омогшилын үүлдэр сайтай Ангис үхэр

Малд хайртай залуу хос

Түүний аав ээж өмнө нь бог мал, адуу голлон малладаг байсан бол Омогшил адууныхаа тоо толгойг цөөтгөж, бэлчээр нутгаа хамгаалахад анхаарал тавьж эхэлсэн байна. Үүнийхээ үндсэн дээр сүргийн бүтцэдээ өөрчлөлт хийж, үүлдэр сайтай махны чиглэлийн үхэр маллахаар шийджээ. Үүний тулд тэрээр Хятадын дотоодод алдартай үхэр маллах суурин болох Өвөр Монголын Тунляо хот, цаашлаад мал аж ахуйгаараа дэлхийд алдартай Австрали улсаас сайн үүлдрийн үхэр оруулж малласан байна.

Малчин хүн мянган мэргэжил эзэмшдэг

Шаварт унасан шарын эзэн хүчтэй гэдэг. Хүн өөрөө шийдэж өөрөө зорьж хийж байж хариуцлага гэдгийг ухамсарладаг төдийгүй, аливаа хүнд бэрхшээлийг даван туулах итгэл зориг ундардаг. Хорин хэдхэн настай хос залуусын малчин амьдрал тэдний өөртөө тавьсан зорилго, өөрийгөө хөгжүүлэх итгэлийг нь даан өөдөө хөгжсөөр байв.

- Малчин хүн гэдэг зүгээр л мал маллахын нэр биш. Маш олон мэдлэг мэргэжил шаарддаг. Би өөрөө малын үүлдэр сайжруулж, чанар сайтай мал маллах замыг сонгосон учраас эхлээд Гирин мужид очиж, гар хээлтүүлэг хийх мэргэжил сурсан. Үхрийн үүлдэр сайжруулахын ач тус нь мэдээж эхлээд ашиг орлого дээр ил тод харагддаг. Үүлдэр сайжруулсан үхрийн үнийг нутгийн үхэртэй харьцуулахад нэг толгой дээр дор хаяж хэдэн мянган юанийн ашиг илүү олдог. Мөн өсөх нь хурдан, орон нутгийн нөхцөл байдалд зохицохдоо сайн зэрэг давуу талтай. Тийм учраас илүү олон малчдын ашиг орлогыг нэмэгдүүлж, амьдралд нь тус дэм болох зорилгоор энэхүү мал маллагааны арга хэлбэрийг сурталчлан хөгжүүлэхэд мөн анхаарал тавьж байгаа гэж Омогшил сонирхуулж байлаа.

Омогшил, Алтанзурагийн өдөр тутмын ажил

Мэдээллийн технологи хөгжсөн өнөө цагт өөрийн хийж байгаа үйл, сэтгэж байгаа зүйлээ олон нийттэй хуваалцах нь хурууны өндгөө хэдэнтээ хөдөлгөхийн л төдийд биелдэг болсон. Омогшил нийгмийн харилцааны апп программ ашиглан өөрийн мал аж ахуйн нөхцөл байдал, шинэ арга барил, туршлага сургамж, үр ашиг зэргээ олон нийттэй хуваалцаж, залуу малчдын групп байгуулан, туршлага солилцох, мэдээлэл хуваалцах зэрэг үйл ажиллагаа явуулдаг байна.

- Өмнө нь сургуулийн амралтаар гэртээ ирж хөдөөний ажилд оролцдог байсан хэдий ч сэтгэлээсээ судалж хийж байгаагүй. Багшийн үлдээсэн даалгаврыг хийж гүйцэтгэж байгаа мэтээр аав ээжийн тушааж өгсөн ажлыг хийхээс цаашгүй байдаг байсан. Одоо ингээд өөрөө хийгээд эхлэхээр малаа яаж маллах уу, нутаг бэлчээрээ хэрхэн хамгаалах уу гэх зэргээр маш олон асуудлуудыг бодох хэрэгтэй болсон. Тэгээд мал маллаж эхэлсэн хоёр жилийн хугацаанд олон асуудлыг өөрөө шийдэж ирэхээр хагас эмч, хагас тэжээл бордооны мэргэжилтэн, цаашлаад санхүү, хүн ажиллуулах, менежмент гээд олон төрлийн мэргэжил шаардлагатай болж ирнэ. “Малчин хүн мянган мэргэжлийн эзэн” гэдэг үг яг үнэн гэдгийг тэгж л мэдэрсэн гэж Омогшил үнэхээр омогшил дүүрэн ярьсан юм.

Дээдсийн уламжлал, дэлгэр сүргийнхээ буяныг эрин цагийн хөгжилтэй уялдуулан ухаан мэдлэг, уйгагүй зүтгэлээрээ улс нутгийнхаа хөгжлийг дэмжиж яваа залуу малчдын маань үйл нь өөдөө, үйлс нь гэгээн байх болтугай гэсэн ерөөлөөр энэхүү нийтлэлээ өндөрлүүлье.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Солонго сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл