
Гацааны дарга Алтаагийн замчилснаар бид цааш аян замдаа гарч, манхан нутгийн энхэл донхол замаар зүүрмэглэн явсаар гэнэт машин зогсоход сая цочин сэрвэл хонь мал майлалдана. Үдийн цаг дөхсөн байжээ. Нэгэн мариалаг залуу хонио бэлчээрт нь гаргахаар явж байна. Цэвэр тохилог малын хашаа, хөрзөнгөөр жийрэглэн босгосон хашаа хүрээ, тоосгон байшингаас нь харахад ажилсаг айл болох нь ажиглагдана .
Өрхийн эзнийг Бөхөө гэдэг. Ам бүл гурвуул. Гэргийг нь Сийлэнхуар гэдэг. Зураг зурж суугаа бяцхан жаал бол хайртай хүү нь. Бөхөө дөнгөж гуч гарч байгаа ч нутаг усандаа ажил амьдралаараа “гялалзаж” яваа содон малчны нэг. Энэ хавийн бэлчээр нутаг ньБэлчээрлүүлэхийг зогсоох ажилд хараахан хамрагдсангүй. Тэрээр малаасаа орлого олохоос гадна том ачааны машинаараа малчдад өвс бордоо зөөвөрлөж өгөн жилд 20 мянга гаруй юаний орлого олдог. Одоогоор 500 гаруй хонь ямаатай, 866 га бэлчээртэй. Өнгөрсөн жил 300 гаруй төл тоссон ба зуу гаруйг нь худалдаж 70 мянган гаруй юаний орлого олов.
- Өнгөрсөн жил хургаа хошууны мал нядалгааны газар аваачиж худалдсан юм. Энэ нь явуулын наймаачдаас арай илүү хонжоотой. Бараг нэг хониноос 60-70 юань илүү олдог. Ноднин махны үнэ нэг кг нь 54 юань байсан бол энэ жил хямдраад нэг кг нь 36 юань болжээ. Энэ жил махны үнэ ерөнхийдөө буусан байна гэж Бөхөө ярина .
Бөхөө нас залуу ч мал маллах арга туршлага сайтай. Гацааны зарим айлын төл малын онд оролт тааруу, хээл хаях нь их байсан боловч эднийд харин ийм асуудал гардаггүй. Бөхөө газар орныхоо онцлогт тохируулан хашаагаа аль болох дулаан бэхлэг байхыг чухалчилдаг. Өвс тэжээлийн хэмжээг шинжлэх ухаанчаар тохируулснаас төл малын онд сайн орох явдлыг баталгаатай сайжруулж чаджээ .
Бөхөө энэ жил хошууныхаа шинэлэг бүтээлч байх сургалтын ангид богино хугацаагаар суралцан малчин хүнд хэрэгтэй олон техник мэргэжлийн зүйлийг сурав. Уг нь малын тоо толгой, тэжээл өвсний байдал, жилийн орлого зарлагаа их төлөв тэмдэглэж байсан бол энэ жилээс эхлэн бүх тэмдэглэлээ нарийн нягт хуваан тооцоо хийж, аж ахуйн нарийн тэмдэглэл хийх тэмдэглэлийн дэвтэртэй болжээ. Бид тооцооны дэвтрийг нь эргүүлэн үзвэл хонь ямааны тоо толгой, худалдсан, идсэн, хорогдсон зэрэг мэдээллүүдийг тодорхой тэмдэглэж байсан бөгөөд өвс бордоо авахад зарцуулсан мөнгөний тооцоогоо хүртэл хятад, монгол хоёр хэл дээр дурайтал тэмдэглэж, энэ дунд нь харьцуулсан тоонууд олон байлаа.
- Миний тэмдэглэл эмх замбараагүй, та нар үзээд бараг учир ухааныг нь олохгүй байх гээд инээнэ. Зарим малчид бүтэн жилийн турш зүтгэж зүтгэж, хамгийн сүүлд хичнээн мал өссөн, хэдий орлого олсон эсэхээ тодорхой мэдэхгүй. Энэ нь миний бодлоор шинжлэх ухаанч биш, тодорхой бүртгэл гаргавал дараагийн алхамд яаж хийхээ мэдэхэд амар. Бөхөөгийн энэ яриа орчин үед зохицуулсан мал маллах шинэ арга туршлага эрэлхийлж байгааг нь харуулж байлаа. Тэр уламжлалт мал маллах аргаар үргэлжлүүлэн маллах нь аж ахуйн өндөр үр ашигт хүрч чадахгүй гэдгийг эрт таниж, хонины махаа тусгай борлуулах хоршоожил байгуулахаар хичээж ажиллана.
- Явуулын наймаачид малчдын хонийг нэг кг-ийг нь 44 юаниар худалдаж аваад дахин нарийн боловсруулан, өмнө оронд нэг кг-ийг нь 120-140 юаниар худалдаж их орлого олж байна. Малчид хэрвээ өөрсдөө хонины махны хоршоожил байгуулж улсаас хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүний бүртгэл гаргаад хонины махаа төрөлжүүлэн хуваарилж, нарийн боловсруулан зах зээлд гаргавал үр ашиг өндөр болно. Одоогийн байдлаар надад санаа байгаад унаа хүрэхгүй байна. Гэвч ардын үгэнд "Санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ” гэдэгчлэн малчид оюун ухаанаа дээшлүүлж хамтдаа хичээхэд биелэхгүй зүйл гэж байхгүй гэж Бөхөө ярина.
Цаг үеийг дагасан үзэл ухамсартай, шинэ зүйлийг эрж хайж явдаг залуу малчин Бөхөө нутаг усны малчин түмнээ дагуулан шинжлэх ухаанчаар мал маллах, үйлдвэрлэл эрхлэх хүсэл тэмүүлэлтэй мэрийж явна. “-Бид амьдарч дадсан нутагтаа сайхан амьдарч болно. Хүний газар хөндлөнгийн нутагт сохор балайгаар дагаж дэрвэж болохгүй. Нутаг бол манай амин сүнс шүү. Нутгаа түшвэл бид хэнээс ч доордохгүй амьдарч болно. Маллах үйлдвэрлэлээс яаж өндөр ашиг хүртэх вэ нарийн эрэлхийлэх хэрэгтэй” гэх Бөхөөгийн даруухан хэрнээ өөртөө итгэлтэй яриа бидэнд гүн сэтгэгдэл үлдээлээ.
