solongonews
Сэтгэл итгэлийн тэнхээ хайрласан урлагийн учиг
2015-02-09 10:34
Тансаг сайхан Хөлөнбуйрын тал нутагт төрж өссөн Сонинцэцэг бага насныхаа балчир ухаан, унаган дурсамжийг хадгалсан Барга нутаг болон нартын зайд хүн болохын учир ухааныг таниулсан малчин түмнээ мартаж чадахгүй, мартах ч ёсгүй.

 “Нөхдийн хайраараа бялхарсан, Нөхөрлөлийн ариун өлгийдөө, Хадаг бариад амар айлдъя, Хундагаа өргөөд амжилт ерөөе” хэмээх “Найрын дуу” анхны бүтлээрээ 1987 онд арван зургаахан настай Сонинцэцэг дуу хөгжмийн тайзнаа түрэн гарч, олны танил болсон билээ. Саяхан Хөххотноо болсон сар шинийн концертод оролцохоор хүрэлцэн ирсэн Сонинцэцэгтэй уулзан, түүний урлагийн түүхтэй танилцсан юм.

Тансаг сайхан Хөлөнбуйрын тал нутагт төрж өссөн Сонинцэцэг бага насныхаа балчир ухаан, унаган дурсамжийг хадгалсан Барга нутаг болон нартын зайд хүн болохын учир ухааныг таниулсан малчин түмнээ мартаж чадахгүй, мартах ч ёсгүй. “Мэргэлийн зуслан”, “Баян Баргын үрс”, “Мөнхийн богд уул”, “Азын цагаан нуур”, “Хөлөнбуйрын тал нутаг” зэрэг дуулсан дууг нь сонсох бүр хараа алдам тал нутаг халиуран, угалзлан тахирласан мэргэл гол, мөс цасанд хучигдсан богд уул сүндэрлэн харагдах мэт билээ. “Эх орон минь надад амьдрал болон урлаг хайрласан юм. Өсөж төрсөн нутгаа дуулах нь миний омогшил бахархал юм” гэж Сонинцэцэг хэлж байлаа.

ӨМӨЗО-ны алдарт хөгжмийн зохиолч Улаантуг: “Сонинцэцэг нь сайн дуучин, түүний дуунд гал халуун сэтгэл, яруу тансаг аялгуутай, мөн уйтгар гунигийн өнгө ч жаахан харагдаж байдаг. Сонинцэцэгийн дуунаас амь амьдралын утга учрыг хүмүүст гүн таниулсан байдаг” гэж үнэлсэн байдаг.

2002 онд Сонинцэцэг хэсэг хугацаанд бөөрний үрэвсэлт өвчинд нэрвэгдэж 5 удаа мэс засал хийлгэсэн байна. Вэб сайтаар дамжуулан хандивын үйл ажиллагаа зохион байгуулан түүнд хандивын мөнгө цуглуулж байсан билээ. “Дуучин маань яаж байгаа бол гэж?” интернет ашиглагчид байнга анхаарлаа хандуулдаг халуун сэдэв болж, олон хүмүүс санаа зовж байсан. Гэвч эрч хүч, сэтгэлийн тэнхээгээрээ босож зогссон ч бүрэн салж чадаагүй, өнөөг хүртэл долоо хоногт хоёр удаа химийн эмчилгээ хийлгэж байна. Амь насны хязгаарлал нь түүний ураг соёлын төлөөх оргилуун сэтгэлд хүлээс болж чадаагүй, өнөөг хүртэл уянга дуугаа ард олондоо өргөсөөр, итгэл сэтгэлийн хүчин хатуужсаар явна.

Амьдралын олон нугачаа урлагийн тайзнаа өнгө ялгаран дэлгэрсэн Сонинцэцэгийн зориг мохож чадаагүй. Тэрээр 2008 оны 4-р сарын 26-ны өдөр “Хайр бялхсан амьдрал сайхан” хэмээх бие даасан уран бүтээлийн цэнгүүнээ хийж, 2010 онд “Уянгын зөөлөн эгшиг” хэмээх 4 ая дууны цомгоо гаргасан байна.

Амьдралын баяр гунигийг биеэрээ туулж, аз жаргалын хүсэл мөрөөдөлд дэвтсэн хүн амь насны үнэ өртгийг жинхэнэ ойлгодог. Дуу хөгжим нь Сонинцэцэгийн амь амьдралын томоохон нэгэн хэсэг билээ. Тэрээр уянга сайхан дуундаа уудам тал, ухаант түмнээ мөнхрүүлснээр үл барам ая дуунаасаа сэтгэлийн тамир тэнхээ сэлбэж, “Хайр бялхсан амьдрал"-аа зураглаж явна.

 Тэрээр сар шинийн концертод “Сүнбэрхэн өндөрхөн богд ууландаа, Сүлд хийморио хийсгэн мандуулъя, Сүсэгтэн бууралхан өвгөд настан даа, Сөгрөн сөгрөн мөргөн мэндлэн золгоё” хэмээх “Сар шинийн золголт” дуугаараа оролцож, нийт монголчуудаа сар шинийн мэнд дэвшүүлэх гэж байна.

Зохиогч: Өлзийбуян
Найруулагч: М.Банди
Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл