solongonews
Гэртээ харьж шинэлье
2015-02-09 11:29
Гэртээ харьж шинэлье ! Хэсэг чулуу, ширхэг өвс нь хүртэл нутгийн чинь үнэр нуугдаж, хүн болохын анхны гараагаа эхлүүлсэн юм бүхэн чинь тэнд хэвээрээ байна.

             

Орчлонгийн олон олон замаас гэртээ харих зам л хамгаас дасалхан байдаг. Хотын хөө тоос, нүсэр шуугианаас дүр холдож, хөдөө нутгийнхаа цэвэр агаараар бие сэтгэлээ тэтгэхийг санасан хотын олон борчуул нутаг буцахыг зөндөө санадаг. Амьдарч оршихын төлөөнөө нутгаасаа хол ажилладаг амьдралын оторчид сар шинийн амралтаараа хөдөө гэртээ харьж аав ээж, ах дүү, айл саахалттайгаа золгохыг зорьдог нь заншил ч билүү ?! Мөрөөдөл ч гэх үү ?!

Ар гэртээ харьж настан буурлууддаа золгож, аав ээж ахан дүүтэйгээ хамт шинэлэх нь хэнд ч нэгэн ёсны баяр найр байж л таарна. Энэ л утгаараа битүүн болтол нэг долоо хоног л үлдэж байгаа үед алсын замыг алжаалгүй авто машин, вагон зүг тэмүүлэх хотын оторчид хаа бүхэн олширч эхэлнэ. Машин унааны билет олох хэцүү, тэргэн дээр хүн олон, замын ядаргаа ихтэй байсан ч эх нутагтаа харьж элгэн түмэнтэйгээ уулзана гэдэг хүсэл хийрхэл, шуурхай бодолд энэ бүхэн огтхон ч тушаа болж чадахгүй! Амраг хонгороо дагуулаад ар гэртээ харъяа гэсэн сэтгэл юм уу, ач үрээ аваад аав ээждээ золгоё гэсэн сэтгэл ч юм уу, хөөрөг хадгаа бэлтгээд, томоогүй хүүгээ эмээ өвөө, ах дүүдээ золгуулж хуучин ёсыг нь сургая гэсэн ухаан ч юм уу, хөдөө гэртээ харьж хөгшин буурал настандаа мөргөн золгох гэгч цаанаасаа ер нь гүйцэтгэвээс зохих учир ёсон, утга соёл байж л таарна.

Гэртээ харьж шинэлье ! Хэсэг чулуу, ширхэг өвс нь хүртэл нутгийн чинь үнэр нуугдаж, хүн болохын анхны гараагаа эхлүүлсэн юм бүхэн чинь тэнд хэвээрээ байна. Эзгүйрэх шахсан хөдөө чинь хоёр буурал тань гэрээ сахиж хөөрхий үр минь хариад ирдэг билүү гэж саравчлан саравчлан хүлээгээ шүү дээ. Гэртээ харьж шинэлье! Тоглож өссөн нутаг усныхаа хөгжил бүхнийг бахдан харахаар, тоглуулж өсгөсөн настан буурлынхаа уйтгар бүхнийг үргээн баясгахаар гэртээ харьж шинэлье !

 

 

Зохиогч: Саруулхан, Мөнхчулуу
Найруулагч: М.Банди
Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл