Намрын шар наран ээж, үндэстэй бүхэн үр жимсээ өгч, уулын мод өнгө өнгөөр алагласан намар цаг юутай сайхан. Газар газрын намар өөр өөрийн гэсэн өнгө аястай, нэг л таатай. Хянган нутгаар усан тутаргын тариан талбай үргэлжилж, алтан шаргал өнгөөр халиуран хүмүүсийнх нь царайд баярын мишээл тодроод нэг л дотнохон. "Ирээдүйн төлөө хамтдаа, хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэхэд анхаарал хандуулъя" сэдэвт 2022 оны Хятад, Монгол хоёр улсын сэтгүүлчдийн хамтарсан цахим сурвалжилгын баг 08 дугаар сарын 26-ны өдрөөс 09-р сарын 03-ны өдрүүдэд Хянган аймгийн хөдөө орон нутгийн хөгжил, иргэдийн амьжиргаа, үйлдвэрлэл тариалантай танилцсан юм.
Хянган аймаг нь усан тутаргын тариалалтаараа алдартай. 1.34 сая мү /15мү=1га/ ногоон органик усан тутаргын талбайтай бөгөөд жилд 750 гаруй мянган тонн усан тутарга үйлдвэрлэдэг. Энэ нь ӨМӨЗО-ы усан тутаргын үйлдвэрлэлийн 70 гаруй хувийг эзэлдэг. Энэ нутагт усан тутарга тариалахыг түшиглэн чинээлэг амьдралд хүрсэн иргэд олон бий. Эрх бүхий байгууллагын шалгалтаар дамжин Хянган аймгийн усан тутарга нь 14.8 хувийн чийгшилтэй, витамин В, витамин С, витамин Е зэрэг шим тэжээлээр баялаг, нэгдүгээр зэрэглэлийн сайн чанарын будаа болох нь тогтоогдсон бөгөөд кальци, селен зэрэг 15 төрлийн микроэлемент агуулж, цэвэр тунгалаг, анхилуун үнэртэй байдаг.
Газрын хөрс, усны чанар нь сайн
Хянган аймаг нь ӨМӨЗО-ы зүүн хойд нутагт Их Хянган нуруу, Сүнхуажян мөрөн, Нэньжян мөрний сав газрын бүсэд оршдог ба 60 мянган хавтгай дөрвөлжин километр газар нутагтай. Хойд өргөргийн 46 градуст байрладаг усан тутарга тариалах хамгийн таатай бүс юм.
Үржил шимт хар хөрс, цаг уурын тохиромжтой нөхцөл, ногоон, цэвэр тариалангийн талбай зэрэг өвөрмөц байдал нь уураг, амин дэм, эрдэс бодис, шим тэжээлээр баялаг өндөр чанартай "Хянган нутгийн усан тутарга"-ыг ургуулж, хэрэглэгчдийн анхаарлыг татсаар ирсэн. Хянган аймгийн цагаан будааны хамгийн том онцлог шинж нь анхилуун, наалдамхай, чихэрлэг, зөөлөн, гөлгөр байдаг. Хянган аймаг дахь Академич Юань Лүнпин ажлын газрын дарга Ван Шиган хэлэхдээ:
- Хянган аймаг нь усан тутарга тариалсан олон жилийн түүхтэй, усан тутаргын үйлдвэрлэлийн арвин туршлагатайгаас гадна усны нөөц баялаг, хур тунадас их, цаг агаар таатай, температур тохиромжтой, нарны тусалтын хугацаа урт, өдөр шөнийн температурын зөрүү их, хөрсний гүн давхаргатай, хөрс нь үржил шимтэйгээрээ Өвөр Монголын цагаан будааны үйлдвэрлэлийн чухал бааз юм гэлээ.
Хянган аймгийн усан тутарга нь чанартаа тулгуурлан Хятад улсын өндөр чанартай будааны бааз, 2020 онд цагаан будааны бүсийн олон нийтийн шилдэг арван брэндийн нэг, 2020 оны шилдэг арван амтат цагаан будааны нэг зэрэг олон шагналыг дараалан хүртсэн.
"Хянган нутгийн цагаан будаа" 2018 онд терминалын борлуулалтын зах зээлд бүрэн нэвтэрснээс хойш "үнэ болон хэмжээгээрээ ижил өсөлт" үзүүлж, 2011 онд 100 мянган тонн хүрэхгүй байсан цагаан будааны борлуулалт 2021 он гэхэд 205 мянган тонн болж өссөн байна.
Энэ нутгийн цагаан будаа Хятад даяр алдартай байдаг хамгийн гол шалтгаан нь цэвэр сайхан усны эхтэйд байгаа юм. Ашигт малтмал, химийн аж үйлдвэр зэрэг байдаггүйгээс ус, хөрс нь ариун тунгалаг байдаг.
Шууд нэвтрүүлгээр олон газарт зарагддаг
Амьжиргааны түвшин дээшлэхийн хэрээр хүмүүс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, тэр дундаа гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний чанарт ихээхэн анхаарал хандуулж, тавигдах шаардлага улам бүр хатуу болж байгаа аж. Орчин цагийн хүмүүс цахим худалдааг их ашиглах болсноор Хянган аймгийнхан ч усан тутаргын тариалангийнхаа дэргэдээс шууд нэвтрүүлгээр дамжуулан газар газрын хүмүүст усан тутаргын тариалангаа танилцуулж, Өвөр Монгол төдийгүй бүх Хятадын өнцөг булан бүрт бүтээгдэхүүнээ борлуулж байна.
Сүүлийн жилүүдэд Хянган аймаг интернэтийн жижиглэн худалдааны шинэ загварыг бүрэн ашиглаж, улсын хэмжээнд олон арван жижиглэн худалдааны шилдэг компаниудтай хамтран ажиллаж, цахим худалдааны шууд дамжуулалт болон бусад загваруудыг түшиглэн шинэ хэвлэл мэдээллийн урсгалд тулгуурлан захиалга авч, мөн олон газарт "Хянган аймгийн цагаа будаа" үзэсгэлэнг зохион байгуулжээ. Ингэснээр онлайн болон оффлайн сурталчилгаа, борлуулалт нь "Хянган аймгийн цагаан будаа"-ны үйлдвэр тариалалтын салбарыг өргөжүүлэх, бэхжүүлэх хүчирхэг хөдөлгүүр болсон.
Тариалангийнхаа дэргэдээс шууд нэвтрүүлэг хийж, усан тутаргаа борлуулж, аж үйлдвэрлэлээр хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх ажилд чухал хувь нэмэр үзүүлж буй Мин-Ү усан тутарга тарьж ургуулах тусгай хоршооны ажил байдалтай танилцлаа. Хянган аймгийн Ялалт суурины Хуан Жядянь багийн Мин-Ү усан тутарга тарьж ургуулах тусгай хоршоо нь 2011 онд үйл ажиллагаагаа эхлүүлж, одоогоор 10 ажилтантай, ойр хавийн 100 гаруй айл өрхтэй захилгын гэрээ байгуулан хамтран ажиллаж, усан тутарга тарьж ургуулах боловсруулах, борлуулах ажлыг хариуцаж, багийнхаа ядуу буурай амьдралтай 20 гаруй тариачин өрхийг ядуурлаас гаргажээ. Хоршооны ажилтан:
- Хуан Жядянь багийн хөрс нь шимтэй, усны нөөц элбэг, агаарын дулааны зөрөө ихтэй. Нутгийн 46 хувь нь ой модоор хучигдаж Хянган аймгийн нэрийн хуудас болдог бөгөөд онцгой бүтээгдэхүүн болох усан тутарга тарьж ургуулах давуу тал болдог. Одоогоор манай хоршоо нь шууд нэвтрүүлгээр дамжуулан ялалт брэндийн усан тутаргаа Өвөр Монгол төдийгүй Бээжин, Хэвэй, Шаньдүн зэрэг Хятадын олон газарт борлуулж байна. Бид өглөө бүр шууд нэвтрүүлэг хийдэг. Мөн шууд нэвтрүүлгийн байр, машин төхөөрөмж бүрэн байна гэлээ.
Залайд хошууны Вэйжя цагаан будааны аж ахуйн ХХК нь усан тутарга тарьж ургуулахаас эхлээд боловсруулах хүртэл нэлээд том цар хүрээтэй ажил хийж байгаа компани юм. Тус компанийн ажилтан усан тутаргын боловсруулалт болон борлуулалтынхаа талаар ярихдаа:
- Одоогоор хоёр иж бүрэн төхөөрөмж зэрэг ажиллаж байгаа бөгөөд өдөрт 100 тонн цагаан будаа боловсруулах хүчин чадалтай. Усан тутарга боловсруулах нэг машин 600 метрийн “аян хийх”-д зургаахан минут зарцуулдаг. Бээжингээс захиалга ирснээр бодоход захиалга авсан цагаас хэрэглэгчдийн гарт хүргэх хүртэл далан хоёрхон цагийн хугацаа зарцуулдаг. Залайдын цагаан будаа Өвөр Монголоос илүүтэй Бээжин, Шанхай, Шиньжян, Юньнань зэрэг Хятадын бусад муж орноос байнга захиалга авдаг гэв.
Цахим худалдааны шууд нэвтрүүлэг хот хөдөөг холбож, худалдагч хэрэглэгч хоёрыг уулзуулж, Хятадын тариачдад шинэ ажил олгож, хөдөө орон нутгийн хөгжлийн шинэ хөдөлгүүр болжээ.
Усан тутарга тариалсан усанд загас жараахай тэжээн “хос ашиг" хүртдэг
Сүүлийн жилүүдэд Хянган аймгийн Залайд хошуу цагаан будаа тариалсан усандаа загас, хавч тэжээн үржүүлж “Нэг усанд хоёр үйлдвэрлэл, хос ашиг" загварыг хэрэгжүүлэн, нутгийн иргэд өндөр ашигтай ажиллах болжээ.
2022 онд Залайд хошууны Нун мөрөн суурин томоохон 40 тариаланчийг дэмжин 5400 га талбай бүхий усан тутарга, загасны аж ахуйг цогцоор нь хөгжүүлж, шинэ аж ахуйн нэгжүүдийг эрчимтэй хөгжүүлснээр Хятад даяар алдартай Хянган усан тутаргын чанар, үр нөлөөг тогтворжуулах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, ногоон үр ашгийг өсгөх, чанар стандартыг сайжруулах, байгаль орчныг хамгаалахад үүрэг гүйцэтгэжээ.
Нун мөрөн суурины Шяньфэн багийн Шань Чунь-И нь усан тутаргын томоохон тариалагч юм. Тэрээр усан тутарга-загас хосолсон аж үйлдвэр эрхлэхээр 2800 килограмм жараахай үнэ төлбөргүй хүлээн авсан иргэдийн нэг. Шань Чунь-И хэлэхдээ:
- Манайх 75 га тариалангийн талбайтай. Засгийн газраас га бүрд 37.5 килограмм загас жараахай тэжээхээр тооцож 2800 килограмм жараахай үнэ төлбөргүй өгсөн гэв.
Сурвалжилгын баг усан тутаргын тариаландаа наймалж, галуу зэрэг амьтан тэжээж байгаа бас нэгэн компанитай танилцсан юм.
Вэйжя цагаан будааны аж ахуйн ХК нь 2009 оны 09 дүгээр сард хөдөө аж ахуйн тусгай мэргэжлийн хоршоо байгуулан усан тутарга боловсруулах, нөөцлөх, борлуулах, бүтээгдэхүүн хөгжүүлэх цогц чанартай үр тариа боловсруулах аж ахуйн нэгж болжээ. Тус компани нь 1333 гаруй га талбай бүхий усан тутаргын тариалантай бөгөөд загас жараахай тэжээн хос ашиг хүртэж буй компаниудын нэг юм. Компанийн ажилтан:
- Агаарын температур, усны чанар, газрын байршил зэргээс хамааран адил бус төрлийн усан тутарга тарьдаг. Тухайлбал 12 навчит усан тутарга, 13 навчит усан тутарга зэрэг 15 навчит хүртэл байдаг. 12 навчит 50 кг усан тутаргаас 36 кг цагаан будаа гардаг бол 15 навчит 50 кг усан тутаргаас хамгийн ихдээ 27.5 кг цагаан будаа гардаг байна. Иймээс 15 навчит усан тутаргаас боловсруулсан цагаан будаа нь чанар сайтай, сайхан амттай болохоор үнэ ханш нь ч өндөр байдаг. Сайн цагаан будааг хөнгөн цагаан материалтай гялгар уутанд хийж агааргүй болгодог. Ингэж ууталсан цагаан будаа нь энгийн ууттай цагаан будаанаас хадгалах хугацаа нь нэг дахин урт байдаг гэлээ.
Усан тутарга, загасны үржил хосолсон энэхүү аж үйлдвэр нь үр тарианы ургацыг тогтворжуулах, загасны аж ахуйг дэмжих, үр ашгийг нь нэмэгдүүлэх, байгаль экологийн орчныг сайжруулах зэрэг чиг үүрэг бүхий орчин үеийн эко хөгжлийн шинэ хэлбэр болж байгаа юм.
