
Гал голомт нь:
1. Цэвэр ариун байх: Монголчууд эртнээс галыг цэвэр ариуны эхлэл болохынх нь хувьд байнга цэвэр ариун байлгахыг хичээдэг.
Гал уруу хог новш, нохойн баас, шувууны өд, сонгино сармисны хальс, муу юм хийдэггүй. Галын бурхан бузартана гэж цээрлэдэг. Харин шар тос, архи, өөх мах, шинэ торго дурдангийн өөдөс өргөдөг.
Гал уруу нулимбал буянаа барна, сүү хийвэл нүд сохорч, малын сүү татрана гэдэг.
Гал уруу цустай бохир юм хийхгүй, хутга мэсний үзүүрээр чичлэхгүй байх, гал дээгүүр алхахгүй байх, гутал ороолт, оймс, хөсрийн юмс галдаа оруулахгүй, ойртуулахгүй байхыг эрхэмлэдэг.
Галдаа сүү дусаахыг цээрлэнэ. Үнээний дэлэн хагарна гэдэг.
Галдаа үсний сэв хийдэггүй. Цаасанд боож шатаадаг. Галын бурхан айдаг гэдэг.
Гал голомтондоо ойр эх хүн төрдөггүй. Тусгаарлаж байж төрүүлээд 7, 9, 21 хоног дээр ёс төртэй гэрт нь оруулж ирдэг.
Шинэ төрсөн эмэгтэй галд ойртохыг цээрлэнэ. Гал бузартана гэдэг.
Гал голомт өөд хар ус цацах, нулимах, бузар юм хаяхыг цээрлэдэг.
Айлд ирсэн хүн айлын голомт руу нулимах,
Гал дээгүүр улаан бө эргүүлэхийг цээрлэнэ.
Галд шарилж түлэхийг цээрлэнэ.
Шарилжаар галаа битгий тахь
Шалзанд хотоо битгий идүүл гэдэг ардын үг байдаг.
2. Хүндэтгэлтэй хандах: Монгол хүн гал голомтоо хамгаас илүү эрхэмлэн хүндэтгэж, нандигнан хамгаалдаг билээ.
Галыг чичлэхийг цээрлэнэ. Галын бурхан уурлана гэдэг.
Галын дэргэд сүхээр юм цавчдаггүй. Галын толгойг авчихаж магадгүй гэдэг.
Гал уруу хөлөө жийж унтдаггүй. Гэрийн эзний сүнсийг айлгана гэдэг.
Хутгыг ирээр нь галд хүргэх, хутганы ирээр галыг сийлж хөдөлгөх, мөн түүнчлэн хутгаар тогоон дотроос мах авах буюу тогоонд мах эргүүлэх мэтийг бүр ч цээрлэдэг.
Монгол хүн айлд очвол тэр айлын язгуур дээдэс, гэрийн эзнийг хүндэтгэн үзэж гал голомтных нь цээр хүндэтгэлийн ёсыг ихэд хичээнгүйлэн дагадаг. Гэртээ бол гэрийнхээ гал голомтны цээр ёсыг нандигнан сахиж үр хүүхэддээ ч цаг үргэлж удам угсаатныхаа ёс суртлыг сургаж хүмүүжүүлсээр байдаг.
Айлд ирсэн хүн айлын голомтны хүрээний дотор гишгэх байтугай голомтны хүрээ модон дээр ч гишгэдэггүй ёстой. Хойш урагшаа гарахдаа хормой хотоо хурааж айлын голомтны хүрээн дээгүүр гарахгүйг хичээдэг.
Иртэй, үзүүртэй хутга мэсний багаж зэвсгийг гал голомтны зүг хандуулж тавьдаггүй.
Голомтны хүрээ мод ба ялангуяа тулган дээр гаансаа цохихыг цээрлэдэг.
Голомт руу хөлөө жийх буюу галд хөлөө хөлчөөх /дулаацуулах, ээх/-ийг ихэд цээрлэдэг. Хөлөө хүргэх байтугай хойш урагшаа явах, орох, гарахдаа хормойгоо ч хүргэхгүй ёстой.
Айлын голомтыг нар буруу тойрон гарахыг цээрлэнэ.
Галд ус хийхийг цээрлэнэ. Усаар гал унтраах хэрэгтэй болбол “ галын бурхан хөлөө авч бай” гэж хэлнэ.
Галаар наадахыг цээрлэнэ. Мал нь сарних буюу малаа алдана гэдэг.
Гал унтраахдаа гишгэхийг цээрлэнэ.
Гал голомтын дэргэд алцааж суухыг цээрлэнэ.
3. Бусад цээрүүд, билэгдлүүд нь:
Аргалын сав дээр сандайлж суух, галын хайчийг гишгэх, уур сүхэн дээгүүр хормой хотоо гаргахыг мөн л цээрлэнэ. Ингэж цээрлэдгийн учир нь эдгээр багаж хэрэгсэл болон ажиллагаа нь гал ба голомттой холбогдож буйд оршино.
Тухайн гэр бүлийн бус гадны хүн айлын гал хөндөхийг цээрлэнэ. Тэгвэл гал голомтод халдаж байна гэж үздэг.
Галын тахилгаас хойших 7 хоногт төмөр шилээврээр гал хөдөлгөхийг цээрлэнэ. Галын бурхан эзгүй байх үе гэнэ.
Гал тахиснаас хойш 3 хоногт идээ, ундаа, өглөг өгөхийг цээрлэнэ.
Гал тахиж архи тос дусаах үед жирэмсэн эмэгтэй хажууд байхыг цээрлэнэ. Ураг унах аюултай гэдэг.
Хурга хөнгөлөхдөө хусан багана дэргэдээ тавьдаг. Гэрийн гал голомтыг бэлэгдэж буй хэрэг.
Тулгаа тулж, тогоогоо тавихдаа тэгшхэн тавихыг ихэд хичээж ялимгүй хэлтгий болоход хүрвэл тэгшилдэг.
Айлын голомтын бууринд гэрээ барьдаггүй. Хүний гал голомт дээр буусан. Энэ бүхэн галыг эрхэмлэх, эцгийн голомтыг залгах ёстой уялдсан болно. Голомт таслахгүйг нэн эрхэмлэнэ.
Галын хайчийг тэнгэр өөд юмуу хоймор өөд харуулдаггүй. Учир нь галын хайч хөөтэй тул хүндтэй зүг уруу буюу хүндтэй юм руу харуулдаггүй байна.
Аргалын /авдар, дөрвөлжинг/ галын сөн гэж үздэг учраас дээр нь суудаггүй унтахаасаа өмнө дүүргэдэг ёстой.
Гал дээрээ цай хоол хийхдээ тогоогоо баруун хойш нь үл мэдэг хазайлгасхийн тавьдаг. Өөдлөн дэвжиж, баяжихын бэлэгдэл болдог.
Хүн нас барахад гал голомтоо ариутгаж, галдаа архи цацаж, их гал түлээд, бүх эд хогшлоо ариутгаж, нас барсан хүнийг оршуулаад ирсэн хүн ба уналгыг хоёр галын хоорондуур явуулж оруулдаг ёстой байжээ.
Айлд гал өгдөггүй /төрөл садандаа бол болно/. Гал голомтын заяа гомдоно. Гаднаас гал гуйдаггүй.
