solongonews
Жараннэг: Адуу маллах нь бэлчээрийг сэргээхэд тустай
2023-01-05 16:37
Жараннэг: Адуу маллах нь бэлчээрийг сэргээхэд тустай

 

 Өвөр Монголын Өдрийн Сонины Хорооны Солонго мэдээллийн төвөөс хоёр улсын малчдын соёлын харилцааг дэлгэрүүлэх, ахуй амьдрал, түүх соёлыг таниулан сурталчлах, харилцан туршлага судлах үүднээс “Солонго аялал”  уулзалтыг жил бүр уламжлал болгон  зохион байгуулдаг уламжлалтай юм байна. Харин сүүлийн жилүүдэд  цар тахлын улмаас цахим хэлбэрээр зохион байгуулагдах болжээ. Өвөр Монголын малчдын ахуй амьдрал, мал маллах арга ухаан, малын гаралтай түүхий эдийг хэрхэн зах зээлд нийлүүлдгийг Монгол Улсын уншигчдад хүргэх нь “Солонго аялал”-ын онцлог гэлтэй. Сэтгүүлч миний хувьд Баяннуур хотын Урадын дунд хошууны Онгон сумын Баянхяр багийн малчин Жараннэгтэй вичатаар холбогдон ярилцах боломж тохиож цөөн хором хөөрөлдсөн юм.

ӨМӨЗО-ы Баян нуур хотын Баянхяр баг нь Ганцмод боомттой, манай улсын Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомттой  хил залгасан, бэлчээрийн мал аж ахуй бүхий бүс нутаг ажээ. Жараннэг гуай 5 хошуу мал малладаг. Харин сүүлийн жилүүдэд адуу голчлон маллаж байгаа юм байна. Малчин хүн гэдэг бэлчээр нутгийн хамгаалагч нь байдаг. Баянхяр багийн малчдын  хувьд  сүүлийн 10 жил бэлчээрийн даацын асуудлаас улбаалан малаа 5 хошуугаар нь маллахыг чухалчилдаг болжээ. Тэрээр урьд нь  ноолуурын чиглэлийн ямаа голчлон тэжээдэг байсан нь  бэлчээрийн даацын асуудалд сөргөөр нөлөөлөх хандлага ажиглагдсан байна. Тиймээс  бэлчээрийн тэнцвэрт байдлыг хадгалах үүднээс сүүлийн жилүүдэд адуу голчлон маллаж  эхэлжээ. Байгаль дэлхий, мал амьтан харилцан шүтэлцэж орших хуулиар  адуу нь бэлчээрийг сэргээн өвс ургамлын тархалт, ургалтыг сэргээхэд эергээр  нөлөөлдөг хэмээн ярихад “Малчин хүний холч ухаан гэдэг л энэ байх даа” гэсэн бодол төрж байсан юм.

Тэрээр Монгол адууны удамшилд анхааран цэвэр цусны монгол адууг үржүүлэн найр наадам, уралдаан тэмцээнд сойж олон ч наадамд торгон жолоо өргүүлсэн нутаг усандаа хүндлэгдсэн сайн адуучин ажээ. Хил залгаа бүс нутгийн хувьд ч тэр үү  Монгол Улсын малчид мал маллах онцлог, туршлага солилцохоор тэднийхийг  зорин очиж байсан түүхтэй.

“Бүс нутгийн онцлогтоо тулгуурлан мал аж ахуйгаа хөгжүүлж, мал сүргийнхээ үүлдэр угсааг дээшлүүлж, үржил шимийг нэмэх нь малчин бидний гол зорилго” хэмээн тэрээр бахдалтай ярьж байв.

2015 оноос эхлэн дэд бүтэц, цахилгаан эрчим хүч, техник технологи түлхүү хөгжсөнөөр малчид малынхаа ашиг шимийг хүртэж, мал махны борлуулалтаа  хийхэд ч хялбар болсон байна. Тиймээс малын махаа цахимаар худалдаалах, махны  үйлдвэртэй гэрээ байгуулан тогтмол нийлүүлдэг болсноор малчдын ажлыг хөнгөвчилж, амьжиргаанд нь ч таатай нөлөө үзүүлэх болжээ. Мөн адуугаа уналга эдэлгээ, уралдаан наадамд хэрэглэхээс гадна хүнсний чиглэлээр 80 хувийг нь зах зээлд нийлүүлдэг байна.

Харин сүүлийн хоёр жилийн хугацаанд адууны борлуулалт өссөн тухай тэрээр ярьж байлаа. Адууг цахимаар гадагш өндөр үнээр богино хугацаанд худалдах болжээ. Жишээлэхэд даага 5000-7000 юань, нас гүйцсэн адуу 10000 гаруй юанийн ханш хүрчээ. Тус нутгийн адуу нь хурд сайтай тул нутгийн зон олон наадамд уралдуулах нь элбэг. Тиймээс цэвэр цусны монгол адуугаа 15 километрээс дээш буюу холын зайны уралдаанд сойдог. Харин эрлийз адууг богино зайны уралдаанд уралдуулдаг хэмээн ярьж байлаа.

“Миний морьдыг Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Даваа гэж хүү гурван жил унаж байлаа. Анх 16  настай манайд  ирээд 19 хүрээд нутаг буцсан. Энэ хугацаанд олон амжилтыг үзүүлсэн дээ. Урадын дунд хошууны Соёл, аялал жуулчлалын анхдугаар наадамд түрүүлсэн, Онгон сумын Соёл, аялал жуулчлалын наадмын  1, 2-р байр авсан. 30 километрт түрүүлж алт, мөнгөн медаль авч байсан түүхтэй” хэмээн бахархан дурсаж байв. Түүнийг олон сайхан  хурдтай адуучин гэдгийг илтгэх мэт шандаст хүлгүүдийнх нь медаль гялтганан, гялалзан харагдаж байлаа...

Морио дээдэлдэг Монгол түмний босоо цагаан хийморь өөдөө байг ээ.

Зохиогч: Нийтлэл: Монголын Үндэсний МАЛЧИН ТВ-ийн Сэтгүүлч М.Гүндиймаа
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Солонго
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл