solongonews
Хөххотын монголчуудын галын тахилга
2015-02-12 18:42
Хотод ажиллаж амьдарч буй монголчууд маань хэдийгээр нөхцөл бололцоо муутай ч гал тахих уламжлалаа хадгалсаар ирсэн юм.

Хөхөгчин хонин жилийн аргын тооллын 2-р сарын 11 буюу билгийн тооллын хөхөө сарын хорин гуравны орой Өвөр Монголын “Хасар” соёл зуучийн компаниас санаачлан зохион байгуулсан Хөххотын монголчуудын хоёр дахь удаагийн нийтийн гал тахих ёслол Өвөр Монгол буудлын талбайд ёслол төгөлдөр болсон юм.

Хотод ажиллаж амьдарч буй монголчууд маань хэдийгээр нөхцөл бололцоо муутай ч гал тахих уламжлалаа хадгалсаар ирсэн юм. Анх уламжлал ёсоор гэр гэртээ гал тогооны өрөөндөө жижиг сав тавиад галаа хялбархан тахидаг байсан бол хороололд амьдардаг монголчууд нэлээд жижиг хэмжээнд гал тахилгын үйл үйлддэг байжээ. Сүүлийн жилүүдэд бүх хотын монголчуудын санаачилгатайгаар нэг дор цуглан галаа тахидаг болсон байна. Сүүлийн хоёр жилээс эхлэн хэсэг бүлэг соёлын зүтгэлтэн энэхүү нийтийн тахилгын арга хэмжээг өргөжүүлэн тэлж, тахилгын бүхий л явцыг сэргээн, тахилгын ёс заншлыг хотод өсөж төрсөн хойч үеийнхэндээ бүрэн уламжлах зорилгоор хийх болсноор өнөөдрийн энэхүү томоохон хэмжээний нийтийн галын тахилга болж байгаа аж.

Энэ удаагийн нийтийн галын тахилга нь тахилгын орчин болон тахилгад оролцогч хүмүүсийн сэтгэлийг ариусгах, гал тахих зэрэг хоёр дарааллаар явагджээ. Тахилгын явцад Зүүн Үзэмчин хошууны Яруу дуурсгалан холбооны гишүүд гал ариусгах номыг монголоор уншиж, мөн гал тахих ерөөл уншсан нь өнгөрсөн жилийн тахилгын үйлээсээ онцлог болсон юм.

Зохиогч: Болорцэцэг, Ариухан
Найруулагч: Хурцаа
Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл