
Бугат хотын Дархан Муумянган холбоот хошууны нутагт байрлах Мандал боомт 3 дугаар сарын 16-ны өдөр нээсэн байна. Сэтгүүлч миний бие Мандал боомтод очиход хол ойрын зочид боомтод цуглан, том жижиг машинууд нааш цааш зөрөлдөж, талын гүн дэх жижиг хилийн боомт хөл хөдөлгөөнд орж, Дундад, Монгол хоёр улсын хилийн шугамын 757 дугаартай хилийн тэмдэгт хоёр улсыг бараадан сүндэрлэнэ.
Гаалиар том оврын ачааны машинууд хойно хойноосоо цувран орж ирэхэд тэдний дундаас нэг том ачааны машин улсын хилээр орж чадалгүй бор мөрөө үлдээн буцлаа.
- Хилээр орж гарахад бичиг баримт бүрэн байх хэрэгтэй, тэр ачааны машины бичиг баримт бүрэн бус байсан тул буцаасан гэж Мандал боомтын гаалийн хяналтын ажилтан н.Оргил ярьж байлаа.
Мандал боомтын хилийн хяналтын газар байгуулагдсанаас хойш хилийн боомтын аюулгүй байдлыг хамгаалах тал дээр анхаарлаа хандуулж, улсын хаалгаа бат сахиж, Мандал боомтын хөгжил цэцэглэлт болон Бугат хотын өрнөн хөгжихөд хүч хөдөлмөрөө зориулсаар ирэв. Мандал боомт Бугат хотын Дархан Муумянган холбоот хошууны Мандал суурингийн хязгаарт байрладаг. Улмаар Өвөр Монголын нийслэл Хөххот болон Өвөр Монголын хамгийн том аж үйлдвэрийн хот болох Бугат хотод ойрхон оршдог боомт юм. Хөххотоос 289 километр, Бугат хотоос 288 километрт, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос 600 гаруй километр зайтай байдгаараа газар зүйн хувьд давуу талтай. Энэхүү давуу талаа түшиглэн Өвөр Монголын Өөртөө Засах Орны Засгийн газраас 1992 онд улирлын чанартай гадагш нээх хоёрдугаар зэрэглэлийн боомт болгохоор зөвшөөрч, 2002 оны 12 дугаар сард улирлын чанартай нээж, 2004 оноос эхлэн жил бүрийн 3 , 5 , 8 , 11 дүгээр сарын 16-30-ны өдрүүдэд нээлттэй байлгахаар болов.
Мандал боомт анх Дундад, Монгол хоёр улсын хил орчмын иргэдийн худалдаа, бараа бүтээгдэхүүн экспортолж, импортлох хэмжээгээрээ өнгөрсөн жилүүдэд ӨЗО-ны 19 боомтын хамгийн сүүлд орж байсан. 2008 онд Мандал боомт уурхайн бүтээгдэхүүн импортлох “Тэг” цэгийг биелүүлж, үүгээрээ хөгжлийн боломж болгон 2011 оны төгсгөл гэхэд бараа бүтээгдэхүүний экспорт, импортын хэмжээ 170 мянган тоннд хүрсэн байна. Монгол Улсын олон газарт уул уурхай олборлолтыг дагаад 2009 онд Мандал боомт улсын хоёрдугаар зэрэглэлийн боомт байснаа улсын нэгдүгээр зэрэглэлийн боомт болж, Дархан Муумянган холбоот хошууны “Боомтын эдийн засгийг хөгжүүлэх стратеги” болон боомтын бүтээн байгуулалтаар дамжин боомт нээх цагийг уртасган, жил бүр тогтсон хугацаатай нээх 60 өдрөөс гадна зарим аж ахуйн нэгжид мөн түр цагийн улирлын чанартай нээх болсон байна.
2012 оны 12 дугаар сард Мандал боомт Улсын хяналт шалгалтаар улирлын чанартай болгож нээснээс хойш боомтоор өнгөрөх барааны хэмжээ 15 сая тонныг давсан. 2014 онд Мандал боомтоор нэвтэрсэн бараа бүтээгдэхүүний хэмжээ 219 мянган тоннд хүрч, боомтоор нэвтрэн гарсан бараа бүтээгдэхүүний ерөнхий өртөг 35.133 сая юань болжээ.
Тус боомт Монгол Улсын Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Ханги боомттой хиллэдэг. Ханги боомтын ойролцоо байрлах Монгол Улсын Өмнөговь аймаг болон Дорноговь аймагт Айлбаян нүүрсний уурхай, Агруу төмрийн уурхай, Мандахнуур нүүрсний уурхай, Цагаан Суварга зэсийн уурхай зэрэг нөөц баялаг ихтэй уул уурхай байдаг. Монгол Улс энэхүү хоёр аймгийг багтаасан орон нутгаа нээн хөгжүүлж байгаа бөгөөд Дундад, Монгол хоёр улсын бүс нутгийн эдийн засаг, худалдаа, харилцаа улам эрчимжиж байна. Мандал боомтоор орж гарах хүн, машин унаа өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа юм. Том боомт болгон бүтээн байгуулахад Бугат хот болон Дархан Муумянган холбоот хошуу, орон нутгийн засгийн газрын хүчтэй дэмжлэг туслалцаа салшгүй холбоотой.
Сүүлийн жилүүдэд Дархан Муумянган холбоот хошуу нь авто зам, төмөр зам тавих боомтын логистикийн бүсийг байгуулах, тээврийн хэрэгсэл нэвтрэх гарцыг өргөтгөх зэрэг тал дээр түлхүү анхааран ажиллаж, боомтын дэд бүтцийг сайжруулсан байна. Айлбаян нүүрсний уурхайгаас Ханги чиглэлийн авто замыг сайжруулах төлөвлөгөө гаргаад байгаа. Монгол Улс Ханги боомтоос Таван толгой нүүрсний уурхайн чиглэлд 425 километр хар зам, Ханги боомтоос Сайншанд хотын чиглэлд 258 километрийн хар зам тавих төсөв гаргаад байна. Баян-Ухаагаас Мандал боомтын чиглэлд 35 километрийн төмөр зам, Мандал боомтоос Жинин хотын чиглэлд 405 километрийн зам тавих зэрэг нь бүтээн байгуулах төлөвлөгөөнд ороод байгаа юм.
Одоогийн байдлаар Ханги боомтоос Таван толгой нүүрсний уурхайн тээвэрлэлтийн авто зам нь олон улсын дотоод аж ахуйн нэгжийн төлөвлөгөөнд орсон болно. Уг боомт ус, цахилгаан, зам тээвэр, харилцаа холбоо зэрэг суурь тоног төхөөрөмжийн бүтээн байгуулалтаа тасралтгүй эрчимжүүлсээр байна. Одоогоор Батхаалгаас Мандал чиглэлд хоёрдугаар зэрэглэлийн авто зам болон Баян-Овоогоос Баян-Ухаа чиглэлийн төмөр зам, Мандал суурингаас 208 километрийн авто зам тавьж, саадгүй нэвтрэх, үр ашигтай, хурдтай нэвтрэх зэргийг хэрэгжүүлсэн байна. Мандал суурингаас боомт хүрэх 20 километрт 10 кв цахилгаан шугам тавьж, боомтод ус хангах системийг байгуулан, хоёр худаг, нэг цэвэр усны шугам, ус цэвэршүүлэх системийг барьж, Батхаалгаас Мандал боомт хүрэх чиглэлийн кабел холбоо, сүлжээ нэвтрүүлсэн байна. Бугат хот болон Дархан Муумянган холбоот хошууны холбогдох албан байгууллагууд Мандал боомтыг байнгын чанартай нээх ажлыг чухалчилсаар иржээ.
- 2015 онд Мандал боомтыг байнгын чанартай нээх ажлыг хэрэгжүүлнэ. Үүний суурин дээр Монгол Улстай уул уурхайн нөөц, бараа бүтээгдэхүүний солилцоог өргөжүүлэн жилийн экспорт, импортын худалдааны нийт өртгөө 100 саяд хүргэхээр төлөвлөж байна гэж Лю Жян дарга хэтийн төлөвлөгөөнийхөө тухай бидэнд танилцууллаа. Мандал боомтод нэгэн саадгүй нэвтрэх зам гэж байдаг бөгөөд уг зам нь чухал шаардлагатай, яаралтай үед хүмүүст туслахын тулд боомтоор нэвтрэх бичиг баримттай холбогдох ажлыг маш түргэн шуурхай гүйцэтгэдэг үйлчилгээ юм.
Мандал боомтын саадгүй нэвтрэх зам нь олон хүнд тус болсноор барахгүй цаашлаад хүний амь насыг ч аварсан удаатай. 2014 онд энэхүү боомтын ойролцоо Монгол Улсын хязгаарт нэг иргэн авто машины осолд орж толгой нь хагарч яаралтай түргэн тусламж хэрэгтэй болсон байна. Тус боомтын саадгүй нэвтрэх замын утсаар түргэн шуурхай холбогдсоноор Мандал боомтын хилийн хамгаалалтын товчооны ажилтнууд тухайн цагт нь Мандал суурины эмнэлэгт хүргэж аварсан байна. Бугат хотын хилийн хамгаалалтын товчоо хилийн цэрэг Энх: - Саадгүй нэвтрэх зам нь маш олон хүнд тус болж байгаа. Хэрэв энэ зам байгаагүй бол энгийн үед нэг цаг гаруйн хугацаа зарцуулна гэжээ. Мандал боомтын тасралтгүй өргөжин тэлсэн нь Монгол Улсын Өмнөговь аймаг, Дорноговь аймаг болон Бугат хот, Дархан Муумянган хоорондын соёл, аялал жуулчлал, аж ахуйн нэгж, худалдаа зэрэг салбарын харилцаа хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааны найрсаг харилцаа байгуулах гол гүүр болсон юм.
Энэхүү боомтын нээлтийн уриан дор тус хошууны хүлээн авсан жуулчдын тоо болон аялал жуулчлалын орлого ч нэмэгдсэн байна. 2009 оны 8 дугаар сард 331.4 мянган жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын орлого нь 676.49 сая юаньд хүрч, мөн үеэсээ 142.98 хувиар нэмэгдэн аялал жуулчлалын орлого 3 жил дараалан 100 сая юаньд хүргэх төлөвлөгөөгөө биелүүлжээ.
- Манай хошуу сүүлийн жилүүдэд аялал жуучлалыг эрчимтэй хөгжүүлж байгаа юм. Тус боомт нэвтэрснээс хойш манай хоёр орны харилцаа хамтын ажиллагаа ч өдрөөс өдөр өргөжин тэлж, аялал жуучлалд таатай нөхцөл бүрдүүлсэн. Сүүлийн жилээс манай хошууны аялал жуучлалын газар, найр наадмаараа Монгол Улсын бөх, уран бүтээлчдийг урин оролцуулж хоёр орны иргэд хоорондын харилцааг бэхжүүлж байна. Мандал суурин, Батхаалгаар Монгол Улсын худалдаа наймаа өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Өнгөрсөн жил манай хоёр орон соёлын наадмаа хамтран зохион байгуулсан нь ард иргэдэд маш их таалагдсан. Энэ жил мөн хамтран ажиллана. Мандал боомтыг байнгын чанартай нээхэд хоёр орны ард түмний хамтран ажиллах цар хүрээ улам өргөжих нь лавтай гэж Дархан Муумянган холбоот хошууны дэд дарга Сод ярьж байв. Мандал боомтыг байнгын чанартай боомт болгон нээн хөгжүүлэх нь орон нутгийн эдийн засгийн хөгжлийг ахиулж, эдийн засгийн бүс нутгийн хөгжлийг цаашид дээшлүүлэхийн зэрэгцээ Дундад, Монгол хоёр улсын аялал жуулчлал, уул уурхайг хөгжүүлэх, соёлын солилцоо, хөдөлмөр хүчний хамтын ажиллагаа зэргийг өргөжүүлэн сайжруулах нь лавтай. Тухайн өдрийн үдээс хойш 5 цагийн үед боомтын хаах цаг болж байсан ч машин унаа мөн л цуварсаар байлаа.
- Өнөөдөр том жижиг ойролцоогоор 100 гаруй машин унаа хилээр орж ирсэн, ихэнх нь нүүрс тээвэрлэсэн машин болон наймаачид байлаа гэж Мандал боомтын хяналт шалгалтын товчооны орлогч дарга н.Гэрэл ярив.
