solongonews
“Хүмүүн бичиг” сонины хамт олон Өвөр Монголын Өдрийн Сонины Хороонд айлчлав
2015-06-14 16:18
Дундад, Монгол хоёр улсын хэвлэл мэдээллийн солилцоо, хамтын ажиллагааг ахиулан, хоёр улсын иргэдийн ойлголцлыг гүнзгийрүүлэх үүднээс зохион байгуулсан юм.


6 дугаар сарын 14-ны өдрийн үдээс өмнө Монгол Улсын “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч Б.Элбэгзаяа, нарийн бичгийн дарга Б.Хандмаа, техникийн ерөнхий инженер Н.Чулуунбаатар, МОНЦАМЭ Агентлагийн сэтгүүлч Б.Туул, С.Сайнбилэг, н.Түмэндэмбэрэл нарын төлөөлөгчид Өвөр Монголын Өдрийн Сонины Хороонд айлчиллаа. Энэхүү үйл ажиллагааг Өвөр Монголын Өөртөө Засах Орны Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас Дундад, Монгол хоёр улсын хэвлэл мэдээллийн солилцоо, хамтын ажиллагааг ахиулан, хоёр улсын иргэдийн ойлголцлыг гүнзгийрүүлэх үүднээс зохион байгуулсан юм.


“Хүмүүн бичиг” сонины хамт олон Өвөр Монголын Өдрийн Сонины хэвлэлийн үйлдвэрт очиж сонин сэтгүүлийн хэвлэл, машин техниктэй танилцаж, Өвөр Монголын Өдрийн сонин, Солонго мэдээллийн төв, Дундад улсын Монгол хэлний сонин мэдээний сайт, Багачуудын сонины ажил байдалтай танилцав.  Дараа нь хоёр тал дугуй ширээний хурал зохион байгуулж, хэвлэх арга технологи, мэдээлэл солилцох, сүлжээ байгуулах, харилцан бие биенээ сурталчлах гэрээ байгуулж, хамтран ажиллах талаар чөлөөт ярилцлага өрнүүлсэн байна. Хурлын үер Өвөр Монголын Өдрийн Сонины Хорооны орлогч дарга Уртнаст Өвөр Монголын Өдрийн Сонины тойм байдлыг танилцуулж, хамтран ажиллах талд санал бодлоо дэлгэсэн байна.


Монгол Улсын “Хүмүүн бичиг” сонин нь Монгол Улсад монгол бичгээр хэвлэгддэг цорын ганц сонин юм. 1992 онд байгуулагдаж, одоо 23 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа аж.

 

Зохиогч: Саранчимэг
Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл