Өвөр Монголд ажиллаж амьдарч буй гадаад багш нар болон суралцаж буй гадаад оюутнуудыг Хятадын Коммунист Намын түүхийн үзэсгэлэнтэй танилцуулах арга хэмжээг ӨМӨЗО-ы Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас 10 дугаар сарын 16-ны өдрийн үдээс өмнө зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Монгол Улс, Өмнөд Солонгос, Орос, Нигери, Энэтхэг, Испани, Тажикистан, Тайланд, Того, Руанда, Зимбабве, Пакистан, Судан, Йемен зэрэг улсын 20 гаруй багш сурагч оролцлоо.
Мөн өдөр Цэлгэр талын үндэсний байгалийн цэцэрлэгт хүрээлэнгийн Далан хар уулын урд энгэрийн экологийн хамгаалалтын цогц менежментийн төсөл, өвсний үрийн төвийн экологийн нөхөн сэргээлтийн хэрэглээ, үрийн аж үйлдвэр, өвсний салбарын шинжлэх ухааны хөгжил зэрэгтэй танилцлаа.
Энэхүү арга хэмжээ нь Хятадын Коммунист Намын түүхийг гадаад ертөнцөд таниулан Хятадын оюун санаа, үзэл бодол, хүч чадлыг түгээж, гадаадын иргэд Хятадын Коммунист Намын талаар зөв ойлголттой болгоход чиглэсэн байна.
Олон улсын багш оюутнууд Хятадын Коммунист Намын удирдлагыг тууштай баримталсны түүхэн гарцаагүй байдал, Хятадын онцлогтой социалист замын зөв үзэл баримтлал, Хятадын Коммунист Нам ба ард түмний хоорондох мах цусны холбоо, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн төлөөх тууштай тэмцлийн тухай илүү бодит ойлголттой болжээ.
Өвөр Монголын Их Сургуулийн гадаад оюутан н.Баттуул "Өнөөдөр энэхүү арга хэмжээнд оролцсондоо, амралтын өдрөө утга үр дүнтэй, хөгжилтэй өнгөрүүлж байгаадаа үнэхээр их баяртай байна. Өнөөдөр Хятад улсын түүх соёлтой илүү ойр бодитоор танилцах боломж олдож, газар тариалан, өвс ургамлыг арчлан ургуулж байгааг судалж сонирхлоо. Эндээс Хятадын соёлыг гайхан биширч хүндлэх сэтгэл төрж байлаа. Сайн сайхан зүйлсийг суралцаад Монгол Улсдаа түгээн дэлгэрүүлж хэрэгжүүлнэ гэж бодож байгаа" гэлээ.
Өмнөд Солонгос Улсаас Өвөр Монголын Их Сургуульд суралцаж буй гадаад оюутан Хань Юсү "Өвсний үрийн төвд янз бүрийн өвс ургамлын үр хадгалсан байгааг хараад үнэхээр гайхаж байна. Өвөр Монгол байгаль орноо хамгаалж, засан сайжруулахын төлөө маш олон ажил хийж, эдийн засгийн талд ч сайн үр өгөөжтэй ажиллаж байгаа юм байна" гэлээ.
