
“Гадаадаас нэг хүн манай хошуунд ирээд байна” гэх сургаар би түүнтэй уулзахаар шийдэв. Түүнийг Батяа гэдэг. Америкийн Еврэй хүн, одоо Америкийн Нью-Йоркийн их сургуульд хөгжмийн зохиолчийн мэргэжлээр сурдаг оюутан. Түүнтэй ярилцахыг би маш их хүссэн. Гэтэл их сургуульд байхдаа сурсан Ангил хэл маань хэзээний мартагдаж, ганц мэддэг “ Hello” гэдгээрээ мэндчилэв. Би ярьж ойлголцоход хялбархнаар нь түүний найз залуу Зань Тиэнраньтай яриа өрнүүллээ. Зань Тиэнрань бол Шаньдун мужийн хүн. Мөн ч Америкийн их сургуульд хөгжмийн зохиолч мэргэжлээр сурч байгаа оюутан. Тэр багаасаа Монгол соёлоор бахархадаг, Монгол соёлд туйлын их хайртай нэгэн. Зарим хүн Шаньдун хүн бол Монгол үндэстний үр сад гэж хэлдэг, энэ нь оргүй газар овоо босгосон явдал биш байгаа гэж тэр боддог гэнэ. Учир нь Бээжинд сурч байхад түүний эргэн тойронд байгаа олон монгол хүнтэй хамт байхдаа өөрийгөө тэдэнтэй зарим талаараа туйлын адилхан гэж бодож байсан гэнэ. Тэгээд өөрийгөө монгол хүн гэж бодож явдаг болсон гэнэ. Тэр нэг удаа найз нартайгаа үдэшлэгт оролцоод морин хуурын ид шидийг мэдэрсэн гэнэ. Хорвоогийн эгшиглэнт аялгууг хоёрхон чавхдасандаа хөглөх нь түүний сонирхлыг татаж, тэр даруй Монгол үндэстний алдарт морин хуурч Цогцолтоос морин хуур сурч гэнэ. Мөн дараалан тэрээр хөөмий сурсан. Монгол урлаг бол агуу их ид шидтэй, олон үндэстний хөгжим доторх охь содон, монгол урлагийн ивээл хүртээл нь түүнд мартагдашгүй аз тохиолыг олгосон гэлээ. Тэр Америкт очсон хойноо хэдэн найзтайгаа хамтлагтай болсон гэнэ. Тэд нарын хоёр нь Монгол үндэстэн, нэг нь Казак үндэстэн. Тэр морин хуурыг судлан өөрийнхөө бүтээсэн хөгжмөө даяар олныхоо сонорыг мялааж, дэлхийд ховорхон эгшгээрээ монгол хөгжмийн алдрыг дуудуулхаар хичээж яваа залуу гэдгийг нь би ихэд биширлээ.

-Та хоёр алс хол харь нутгаас Барга нутгийг зорин аялж байгаа гол зорилго чинь юу вэ?
-Би хот газрын шуугиант амьдралд төрж өссөн болохоор хөдөө нутгийг үнэнхүү ойлгохгүй. Урлагийн замаа өлгөснөөс би тал нутагтай болзож, жилд нэг буюу хоёр удаа эргэж ирнэ. Мөн монгол амьдралыг мэддэггүй хүн морин хуурыг жинхэнэ тоглож чадахгүй гэж багшийнхаа хэлснийг би зүрхэндээ хадчихсан. Монгол Улсад морин хуур сураад би сая морин хуур бол монгол хүний хаан хөгжим гэдгийг мэдэж, морин хуур нь монгол хүн, монгол амьдрал, монгол нутаг, монгол соёлын дүр төрх гэдгийг зүрх сэтгэлээрээ хүлээн зөвшөөрсөн. Найз охин маань ч бас дуу хөгжимд хайртай, монгол урлагаар бахархадаг, бид дандаа төгөлдөр хуур, морин хуур зэрэг хөгжмийг хослуулан, ая дуу зохиодог. Иймээс энэ удаагийн аяллаараа бид тал нутгаас урлагийн онгодоо олох төдийгүй, сэтгэл санааны хир буртгаа арилган ариусгаж, хүний амьдралын ухаарлыг олъё гэсэн юм.

-Анх удаа Барга нутагт ирж байгаадаа ямар сэтгэгдэлтэй байна?
-Энэ нутаг сайхан байна. Сайхан агаартай юм. Энэ нутгийн хүн цайлган санагдаж байна. Монгол хүн маш дотносог, элэгсэг зантай. Би энд ирээд урлагийн онгодоо их амархан олдог болсон” гэж орчуулан надад хэлж өгөхөд Батяа хажууд нь эрхий хуруу гарган над руу харан инээнэ. Үнэхээр тийм ээ монголчууд аль эртнээс хуур цоор хөгжимдөж, дуу уянгалан тугалаа голсон үнээг уяруулж, тугалыг нь авуулах, цаашилбал мөн аргаар үрээ голсон эх хүнийг уяруулж хүүхдийн авуулдаг сэтгэл зүйн шинжлэх ухааны эмчилгээний гайхамшигт увидастай. Монгол хүн байгальтайгаа илүү ойрхон байж, түүний зүй тогтол, гоо сайхныг таньж мэдэх, мэдрэх боломж монголчуудад түлхүү оногджээ. Монголчуудын сонсголын мэдэрхүй, дадлага туршлага, дуу хөгжим байгаль орчинтойгоо холбоотой төдийгүй, эрхэлж байгаа хөдөлмөрийнхөө онцлогтой харилцан шүтэлцээтэй байдгийн учир монгол хүний дуу хуураас монгол нутгийн байгалийн өнгө үзэмж тодрон, сэрүүн сайхан хөдөө тал, тунгалаг урсгалтай гол мөрөн, адуу мал, хүн ардынх нь тэнүүн тайван, хүн байгаль хоёрын эе эвтэй үе улиран оршсоор ирсэн.

Ийнхүү монгол хөгжим урлагийн ид шидийг дэлхийд дуулгахаар хичээж яваа залуугийн монгол сэтгэхүй эрэлхийлэл болон монгол соёлыг бахархаж биширч яваа Батяа Еврэй хүүхний аяны ганзага нь дүүрэн буцах болтугай гэх ерөөлөө дэвшүүлж байна.

