solongonews
Өвөр Монголд ой хээрийн түймэр өмнөх жилүүдээс их гарав
2015-04-25 12:50
Өвөр Монголд ой хээрийн түймэр нэмэгдэж байна.


        Энэ оны 4 дүгээр сар гарсаар Өвөр Монголын зүүн хэсгийн Хөлөнбуйр, Шилийн гол зэрэг нутгуудаар өргөн талбайг хамарсан ой хээрийн түймэр олон удаа гарлаа. Томоос нь дурдах юм бол, 4 дүгээр сарын 13-нд ОХУ-аас Хөлөрбуйрын Эргүнэ хот, Эвенк хошууны хойд хэсгээр түймэр орж ирж, дулаан цаг агаар, хүчтэй салхины нөлөөгөөр маш хурдацтай тархсан. Орон нутгийн гал унтраах ангийнхан 18 цагийн турш ажиллаж, дараа өдөр нь галыг бүрэн унтраасан. 4 дүгээр сарын 14-нд Хөлөнбуйрын шинэ Барга баруун хошууны Хэрлэн суманд хээрийн түймэр гарч, олон малчны хотыг харлуулжээ. Өвөр Монголд олон нийтийн цахим мэдээллээр түймэрт хохирсон малчдад туслах хандивын арга хэмжээ идэвхтэй өрнөж байна. Түймэрт 600 гаруй малаа алдаад зогсохгүй, өөрөө хүнд түлэгдэн бэртсэн Хэрлэн гацааны малчин Сайшаалтад ч олон нийт тусламжийн гараа сунгажээ. Түүний ах Журамт: -Дүү минь эмнэлэгт эмчлүүлж байна. Мөнгө төгрөг, хүнс тэжээл, хувцас хэрэглэлийн тусламж өгч байгаа олон хүн бий. Дунд сургуулийн нэг ангийн 53 сурагч ундааны сав цуглуулж тушаагаад олсон 200 юаниа хандивласан. Сайхан сэтгэлт монголчууддаа үнэхээр талархаж байна гэж ярьсан юм.

        Хөлөнбуйрын Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх газраас мэдээлснээр, энэ хавар хур тунадас бага, цаг агаар огцом дулаарч, салхи ихтэй байгаа нь түймэр урьд жилүүдээс их гарах нөхцөл болж байна. Ард иргэдийн болгоомжгүй үйлдлээс үүссэн түймрээс гадна Орос, Монголоос хил давж түймэр орж ирэх нь ч ихсэж байгааг албаны хүмүүс хэлж байна. Өвөр Монголын Шилийнгол аймгийн зүүн Үзэмчин хошуу Монгол Улсын Сүхбаатар аймгаас 410 километр өргөн хэмжээтэй хээрийн түймэр орж ирэхэд нь хил давуулалгүй унтрааж чадсан юм. Ингэхдээ гал сөнөөгчид, хилийн цэргийн албан хаагчид болон орон нутгийн иргэд, нийт 1000 гаруй хүнийг дайчилж, 3 өдөр 4 шөнө ажилласан байна. Зүүн Үзэмчин хошууны Ой хээрийн түймрээс сэргийлэх албаны дарга Баатар ярихдаа: -Жил жилд хавар намрын цагт МУ-аас түймэр орж ирдэг. Хоёр орны хилийн ард иргэдийн амьдрал ахуй, амар тайван байдлыг хамгаалах үүднээс хоёр тал хамтарч ажиллах, наанадаж хилийн хаагуур, хэдий хэрийн хэмжээтэй ямар түймэр орж ирж байгааг урьдчилан мэдээлэх механизм байгуулах хэрэгтэй гэж ярьж байна.

        Нэг талаас ард иргэд амьдрал ахуйдаа аюулгүй ажиллагааг хэвшүүлэх, нөгөө талаас дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй Дундад, Монгол, Орос гурван орон, цаашлаад бүсийн хэмжээнд, дэлхийн хэмжээнд онцгой анхаарал хандуулах хэрэгтэйг энэ жилийн хил дамнасан олон удаагийн ой, хээрийн түймэр дахин санууллаа.

Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл