Авга хошууны Ихгал сумын Алтангадас гацаа дөрвөн улирлын турш нүүдэллэн мал малладаг болохоор хүн малын уух усны хомсдол тулгарч буй хүнд асуудал байлаа. Үүнийг шийдвэрлэхийн тулд гацааны намын үүр ба гацааны зөвлөл “Нэг гэрийг нэг зөвлөх” эдийн засгийн гарц болохуйц арга замыг хичээнгүйлэн хайж, олон жилийн турш малчдын үйлдвэрлэл амьдралд хүндээр нөлөөлж байсан ундны усны асуудлыг нааштай шийдвэрлэж, малчдын зарлагыг жил бүр бараг нэг 10 мянган юаниар хэмнэж өгсөн байна .
10-р сарын дунджаар бид Алтангадас гацаагаар сурвалжилж явахад Од гацааны төвд алсын удирдлагатай худагтай болсон байв. Шилэн бүтэцтэй ус хадгалах зооринд ус хадгалах болсон ба сүүлийн үед гацаанаас ус хүргэх үйлчилгээний баг ажиллуулж, малчдын гадаа ус хүргэх үйлчилгээтэй болсон гэх зэргээр усны асуудал шийдвэрлэгдсэн тухай нутгийн малчид баясан ярьцгааж байлаа.
Ус ховор энэ газрын малчид хүн малынхаа ундны усны асуудлыг шийдвэрлэх гэж чамгүй зовдог бөгөөд жил бүр уух ус зөөвөрлөх зарлага гээд бараг арван мянга гаруй төгрөг ордог байна. Очир нэг худаг малтахад доод тал нь 120-150 метр гүн өрөмдөх хэрэгтэй , үүнд багадаа 150 мянган юань зарцуулна . Хэрвээ газрын судас нь таарахгүй бол хөдөлмөр хөлсөө талаар урсгахаар барахгүй мөнгөө дэмий үрэх эрсдэлтэй. Худагтай айлаас ус тээж авчрахад бас нэлээд зардал гардаг . Нэг тонн усанд 15 юаний төлбөр дөлнө. 15 тонны багтаамжтай тэргээр нэг зөөгөөд ирэхэд, олон малтай айл бол дөнгөж гуравхан хоног хэрэглээд ус нь дуусчихдаг. Гантай жил үүнээс ч их ус хэрэглэнэ .
Ийм тохиолдолд тус гацаа нь малчдадаа урьд хожид 20 гаруй машин худаг малтаж өгсөн төдийгүй гацааны төвдөө өндөр хүчдэлтэй цахилгаан ашигласнаар 300 метр гүн худаг малтаж өгчээ. Өнгөрсөн намар тэр худаг дээрээ гар утсаар алсаас удирдах машин угсарснаар малчид ус хэрэглэхэд хялбар дөхөм болсон байна.
“Гар утсаар алсаас удирддаг машин угсарсан нь манай малчдын ажлыг маш сайн хялбарчилж өгч байгаа юм. Ус авах үед худаг дээрээ ирээд худаг хариуцсан ажилтантай утсаар холбогдоход л хангалттай. Түүний хаа яваагаас үл хамааран тухайн газраасаа гар утсаа худаг руу залгаад кодоо оруулснаар худгаас ус авах боломжтой болдог байна. Усны тэрэг дүүрэх үед дахин нэг удаа залгахад тэд цаанаасаа усыг хаадаг. --Ус ундны асуудлыг шийдвэрлэж байх нь манай малчдын хувьд маш том асуудлыг шийдвэрлэсэн явдал шүү” гэж худгаас ус авч байсан малчин Гэрэлт бидэнд учирлан ярьж байлаа. Чухамдаа худаг ажиллуулдаг хүний гар утас болон худгийн удирдах машиныг хооронд нь холбож, гар утсанд тусгай код тохируулан, худгаас ус авах хэрэгтэй үед удирдлагатай машин руу утасны кодоо оруулахад л ус гарчихдаг гэнэ.
Энэ жил Алтангадас гацаа “Нэг гэрийг нэг зөвлөх” төслөөр малчиддаа 28 шил, болдын бүтэцтэй усан зоорь байгуулж өгчээ. Энэ зоорь нь 20 — 40 тонны ус хадгалж дийлэх хүчин чадал бүхий багтаамжтай учир малчин айлын нэг долоо хоног буюу цаашлаад хагас сарын хэрэглээний усаар хангах чадвартай юм.
“Уг нь манай гацаа 13 цементэн усан зоорьтой байсан юм . Цемент зоорийг хэтэрхий удаан хэрэглэсэн учир ан цав гарч ус гоождог болсон. Энэ жилийн малтсан шил болдын бүтэцтэй усан зоорь нь нэн бат бэх бөгөөд ус хадгалах чадамж нь өмнөхөөсөө нэн сайн болжээ. Үүнээс гадна бас зооринд автомат мэдрэгчтэй наран энергийн машин угсарснаар малчид гэртээ байхгүй тохиолдолд ч гэсэн худагт мал ирэхэд машины автомат мэдрэгчээр ус гарч онгоцыг дүүргэх бөгөөд онгоц нь дүүрэхэд ус нь өөрөө зогсдог . Ингэснээр ус хадгалахад хялбар болсон бөгөөд хүний хөдөлмөр хүчийг бас хэмнэх болсон юм” гэж Алтангадас гацааны нарийн бичгийн дарга Хөгжил танилцуулан ярьлаа .
Малчдынхаа хөдөлмөр хүчийг улам хэмнэж, ажлыг илүү хялбарчлахын тулд тус гацаа нь усан зооринд хамаарах долоон усны машинаа ашиглан “Алтангадас малчдын ус хүргэх үйлчилгээний баг” байгуулж, гацааны хүн хүч олонтой айлаас жолооч хөлслөн, малчдад ус хүргэх ажлыг хариуцуулсан байна .
“Ус хүргэх үйлчилгээний багийг ажиллуулснаас хойш малчдын дундах үнэлэлт маш сайн байна. Ус дутагдах үед малчид ус хүргэлтийн багтай холбогдоход даруй усыг үүдэнд нь хүргэж өгдөг болсноор хүний хүч хөдөлмөр, цаг хугацааг хэмнэж өгчээ. 15 тонны багтаамжтай тэргээр нэг удаа ус хүргэхэд малчид 100 юань тушаана . Үүнд 60 юанийг нь ус хүргэсэн ажилтны цалин хөлс болон усны төлбөрт бодож, үлдсэн 40 юанийг шатахуун тосны төлбөр болон машин засварын төлбөрт тооцон хураадаг” гэж Хөгжил тайлбарлана .
Алтангадас гацааны малчин Ганбатынх 400 гаруй бог мал, арваад үхэр, арав гаруй адуутай . Газар хол, зам бартаатай болохоор хүн малын уух усаа авахад ихэд хүндрэлтэй байлаа. Тэдний өвөлжөөний суурьшил нь гацааныхаа хамгийн өмнө захаар байрладаг учир гацааны төвийн худгаас ус авахад бараг 40 км хол зайтай явдаг байна .
“Заримдаа гацааны төвд байгаа худгаас малчид ус зөөх малчид бүтэн өдрийн турш урт дараалалд хүлээх тохиолдолд гардаг учир хөдөлмөр хүч хүрэлцэхгүй бидний хувьд тун ч амаргүй байв. Ус хүргэх үйлчилгээний баг ажилласнаас хойш тэдэнтэй утсаар холбогдоход үүдэнд ус хүргэж ирдэг болсноор бидний амьдрал үйлдвэрлэлд маш их тус нэмэр болж байна. Энэ жил манайх “Нэг гэрийг нэг зөвлөх” төслөөр 30 тонны усан зоорийн төсөл хэрэгжүүлснээр нэг удаа ус хүргүүлж усан зоорио дүүргэвэл хүн малын хагас сарын усны хэрэглээг шийдвэрлэж чадах болсон. Түүнчлэн худагтаа автомат мэдрэгчтэй нарны энергээр ажилладаг машин угсарснаар хүнгүй үед худаг дээр ирсэн мал сүрэг өөрөө усаа уух боломжтой болсон байна. Өмнөхтэй харьцуулбал малчин бидэнд ихэд хялбар дөхөм болсон бөгөөд манайх шиг хөдөлмөр хүч хүрэлцэхгүй айлд ёстой ач тустай байна шүү” гэж Ганбат бидэнд сэтгэл хангалуун ярьсан юм.
Хамгийн холдоо 75 км зайтай газраас ус зөөн аж төрж байсан малчдын үүдэнд ус хүргэж өгөх болсноор бүх гацаагаараа ус хүргэх үйлчилгээний багийнхны ажилд чин сэтгэлээсээ талархаж, багийнхан ч нутгийн олондоо ус хүргэхээр алтан шар замаар урагшлан урамтайхан ажиллана.
Сурвалжлагч: Урантана, Болорцэцэг
Дадлагын сурвалжлагч: Аруухан, Урьхан
